Л.Гантөмөр: Яаманд их, дээд сургуулиудад төлбөрөө бууруул гэх эрх байхгүй
УИХ-ын гишүүн, БШУ-ы сайд Л.Гантөмөр
2013.08.20

Л.Гантөмөр: Яаманд их, дээд сургуулиудад төлбөрөө бууруул гэх эрх байхгүй

“Ярилцах танхим” булангийнхаа энэ удаагийн зочноор УИХ-ын гишүүн, БШУ-ы сайд Л.Гантөмөрийг урилаа. Түүнтэй боловсролын салбарын тулгамдаж буй болон сүүлийн үед олны хүлээлт болсон асуудлуудаар ярилцав.

-Сүүлийн хэдэн сард сурагчийн шинэ дүрэмт хувцасны асуудал олны дунд нэлээд маргаан өрнүүлээд байгаа. Одоогоос долоо хоногийн өмнө эцэг эхчүүд сурагчийн дүрэмт хувцсыг авахгүй байх уриалга гаргасан гэсэн. Үүнтэй холбоотойгоор танд ямар нэгэн мэдэгдэл, албан бичиг ирэв үү. Мөн таныг байр сууриа илэрхийлэхгүй байна гэдэг шүүмжлэл ч хэвлэлээр гарч байна?

-Уг нь УИХ өнгөрсөн жил сурагчдыг “Ижил загварын дүрэмт хувцастай байна” гээд хуулиараа баталчихсан шүү дээ. УИХ-аар ингэж хуульчилж өгсөн нь хүүхдүүдийн амьдралын төвшинтэй салшгүй холбоотой. Учир нь гайгүй амьдралтай айлын хүүхдүүд тааруухан хувцас өмссөн ядуу нэгнийгээ дарамталдаг, ангийн ялгаа гардаг болсон хэрэг.

Тэр нь эргээд тухайн хүүхдийн сурлагад нөлөөлдөг гэх гомдол, шүүмжлэл байнга гардгийг уншигчид мэдэж байгаа байх. Дүрэмт хувцасны загварыг Боловсролын газар монгол хүүхдийн нас, онцлогт тохирсон байдлыг харгалзаж баталсан.

Гэхдээ яамны хувьд зөвхөн загвар нь иймэрхүү байвал яасан юм гэх саналаа л Үйлдвэр, хөдөө аж ахуйн яаманд өгсөн юм. Нөгөөтэйгүүр үйлдвэрлэгчид хүртэл маргаан гаргаж байгаа. Тэгэхээр бид нэг зүйлийг сайн ухаарах цаг ирсэн. Яагаад гэвэл үнэндээ Монголын хөрсөнд тарьсан төмс нь хүртэл үнэтэй болчихлоо.

Харин Хятадаас бол бүх юмыг хямдхан авч болно. Тэд ч гэсэн бидэнд хэрэгцээнд таарсан бараа үйлдвэрлэж, хийж өгөхөд дургүйцэхгүй. Тэгвэл монголчууд үнэтэй ч бай өөрсдийн гараар юм хийх, хэрэгцээгээ хангах цаг нь ирсэн гэж хэлмээр байна. Чухам эл өнцгийн үүднээс дүрэмт хувцсыг үйлдвэрлэх шийдвэрт хүрсэн хэрэг.

-Түүнээс гадна зарим хэвлэлээр “Л.Гантөмөр сайд дунд сургуулийн захирлуудыг сурагчиддаа дүрэмт хувцас заавал авахуулахыг шаардаж, шахсан” гэх юм?

-Хэрэв надад тийм эрх мэдэл байдаг бол би шахах байсан. Яагаад гэвэл монгол хүүхдүүд чанартай, стандартын хувцас өмсөх ёстой биз дээ. Харамсалтай нь надад даанч тийм эрх мэдэл нь алга.

Ер нь монгол хүн гэхээр яахаараа үрчийсэн, чанаргүй хувцас өмсөж байх ёстой юм гэж. Дунд сургуулийн захирлуудын хувьд ч гэсэн тэр хэн нэгэнд шахаж, шаардах ямар ч эрх мэдэл байхгүй.

-Мөн өчигдрөөс эхэлж цэцэрлэгийн бүртгэл эхэллээ. Цэцэрлэгийн хүрэлцээ тааруу, олонхи хүүхэд цэцэрлэгт явж чадахгүй байна. Энэ онд шинээр цэцэрлэг барьсан уу. Энэ асуудал дээр яамны зүгээс хэрхэн анхаарч байна вэ?

-Үнэндээ өнөөдөр цэцэрлэгийн насны нийт хүүхдүүдийн 40 хувьд нь цэцэрлэг хүрэлцэхгүй байгааг хэлье. Ямартай ч одоогоор илүү ангиуддаа хүүхдүүдээ боломжоороо бүртгэж байна. Харин бидний зүгээс цаашид ямар бодлого барьж ажиллах вэ гэхээр өнөөх 89 байршил дээр сургууль, цэцэрлэгийн цогцолборыг барьчих юм бол цэцэрлэгийн хүрэлцээний асуудлыг бараг шийдчихнэ гэсэн үг.

Хүүхэд харах үйлчилгээ, хувийн цэцэрлэгүүдийг дэмжих бодлого барьж ажиллана.

Түүнчлэн хүүхэд харах үйлчилгээ, хувийн цэцэрлэгүүдийг дэмжих бодлого барьж ажиллана. Үүнээс хувийн цэцэрлэгүүдийг дэмжихдээ тэдэнд хөнгөлөлттэй хүүтэй зээл олгох гэх мэт арга хэмжээг авах юм. Өөрөөр хэлбэл, цэцэрлэг байгуулж буй компаниудад шатахуун импортлогчдод олгож байгаа зээл шиг маш бага хүүтэй зээлээр дэмжих.

Энэ бүхэн ажил болсноор тэр хороодын цэцэрлэгүүдэд хонож, өнжин байж бүртгүүлж байгаа дарааллыг байхгүй болгоно. Миний салбарынхандаа тавьдаг гол шаардлага бол ямар нэгэн хүнд суртал, гар харахгүй байхыг хатуу анхааруулдаг.

Дашрамд хэлэхэд одоохондоо цэцэрлэгүүд хаанаа ч хүрэхгүй байгаа болохоор нэн түрүүнд тухайн харьяаныхаа хүүхдүүдийг шинэ элсэгчдээс урьтаж бүртгэж байна. Мөн энэ онд 17 модон краказан цэцэрлэг барьснаар 10 мянган хүүхдийг цэцэрлэгт авах боломж бүрдэнэ.

-Түүнчлэн хэдхэн хоногийн дараа их дээд сургуулиудын хичээл эхэлнэ. Гэтэл хөдөө орон нутгаас ирж суралцаж буй оюутнууд дотуур байранд орж чаддаггүй бэрхшээлтэй жил бүр тулгардаг. Ядаж байхад хувийн нийтийн байрны түрээсийн төлбөр нэмэгдчихсэн байдаг. Салбарын яамны зүгээс анхаарах цаг болсон юм биш үү?

-Бид өөрсдийн санхүүгийн хэмжээнд тааруулж ажиллах ёстой. Ямартай ч энэ жил их дээд сургуулиудад дөрвөн тэрбум төгрөгийг тоног төхөөрөмж, лабораторио сайжруулахад зориулж төсөвлөсөн. Үнэндээ чадах ядахаараа л чармайж байна.

1000 оюутны байрны хувьд үнэд нь маргаан гарсан учраас одоохондоо зогсонги байдалд орчихлоо. Удахгүй төсвийн байнгын хороо хуралдаад уг асуудлыг шийдэх байх. Алсдаа оюутны хотхон барих ажлыг эрчимжүүлнэ.

-Зарим төрийн өмчит их дээд сургууль сургалтын төлбөрөө нэмсэн гэсэн. Аль аль сургууль хэдэн хувиар нэмчихэв?

-Надад ирсэн албан бус мэдээгээр ШУТИС 13 хувь, ЭМШУИС, МУБИС, ХААИС зэрэг сургуулиуд мөн 13 орчим хувиар нэмсэн. Харин МУИС 14-15 хувиар нэмсэн байгаа. Ер нь сургалтын төлбөрийг хуулиараа тухайн сургуулийн Төлөөлөн удирдах зөвлөл жил бүр тогтоодог.

Тиймээс Боловсрол, шинжлэх ухааны яамны зүгээс тэдэн рүү албан бичиг явуулж төлбөрөө бууруул гэж шууд оролцох эрхгүй. Гэхдээ албан бусаар буюу сургуулиудын удирдлагуудтай биечлэн уулзаж төлбөрөө өндөр хувиар нэмэхгүй байх хүсэлт тавьж болно.

Өнөөдөр гэхэд ХААИС 1.7 тэрбум төгрөгийн зээлийн өртэй. Дахин хэлэхэд өмнө нь яам сургуулиудын төлбөрт хэт оролцож байсан учраас Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газраас “Яам их дээд сургуулиудын төлбөрийн нөхцөлд оролцох хууль, эрх зүйн үндэс байхгүй” гэж “донгодсон”.

-Тэгвэл танай яам төлбөрийн асуудалд хяналт тавихгүй юм бол ШӨХТГ хянана гэсэн үг үү. Бас инфляцитай уялдуулж байж тухайн жилийн сургалтын төлбөрийг нэмнэ гэдэг биз дээ?

-Үнэндээ яам, ШӨХТГ аль аль нь хяналт тавихгүй. Тухайн их дээд сургуулийн Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэр эцсийнх байна. Харин тэр зөвлөлд нь сургуулийн оюутны холбоо болон Монголын оюутны холбооны төлөөлөл байдаг. Тэд өндөр хувиар нэмэх гээд байвал дуугарах ёстой. Өнгөрсөн жил би их сургуулиудад төлбөрөө нэмж болохгүй шүү гэж үүрэг өгөөд буруудсан.

-Төлбөр нэмэгдэхээр оюутнууд бас нэг шүүмжлэл хэлдэг. Тодруулбал, сургалтын төлбөр нэмчихээд сургалтын орчин, сургалт нь бахь байдгаараа л байна гэх гомдлыг жил бүр л хэлж байдаг?

-Сургалтын орчин сайжирна. Гэхдээ их сургуулиуд зөвхөн сургалтын төлбөрөөрөө ашиг олох биш өөрсдийнхөө багш, оюутнуудыг ашиглаж үр өгөөжтэй зүйлд оюун ухаан, чадвараа зориулаад сургуульдаа мөнгө олох боломжийг яамны зүгээс илүү баримтална. Ядаж зөвлөх үйлчилгээ үзүүлж сурах хэрэгтэй.

Багшлах боловсон хүчнийг бэлдэхэд гол анхаарлаа хандуулж, оюутнуудыг хоёр сарын вакумжуулсан сургалтанд хүртэл хамруулахаар болсон.

Эцсийн дүндээ их сургуулиуд бие даасан байдалтай болно. Одоогийн байдлаар их дээд сургуулиудын 95 хувь нь сургалтын төлбөрөө харж байна. Цаашдаа ядаж 50 хувийг нь бусад аргаар мөнгө олдог байх нь чухал. Их дээд сургууль дундаас Боловсролын их сургуулийг илүү анхаарч байгаа.

Учир нь багшлах боловсон хүчнийг бэлдэхэд гол анхаарлаа хандуулж, оюутнуудыг хоёр сарын вакумжуулсан сургалтанд хүртэл хамруулахаар болоод байна. Мөн сургалтын орчин, лабораторийг нь шинэчилсэн. Түүнчлэн тус сургуульд онц сурдаг хүүхдүүдийг энэ жилээс эхэлж шууд элсүүлж байгаа.

-Төрийн өмчийн дөрвөн сургуулийн захирлын сонгон шалгаруулалт юу болсон бэ?

-Бүх сонгон шалгаруулалт дууссан. Өнгөрсөн долоо хоногт надад материалууд нь ирээд баталлаа. МУИС-ийн захирлаар Х.Галтбаяр, ШУТИС н.Очирбат, ЭМШИУС-ийн Г.Батбаатар, ХААИС-ийн захирлаар үүрэг гүйцэтгэгч байсан Т.Хэруга томилогдсон. Уг нь эдгээр сургуулиудын захирлыг өнгөрсөн хавар сонгох байв.

Гэвч харамсалтай нь захирал болох юмсан гэж хэт яарсан, улс төрийн өнгө аяс илэрхийлсэн гарууд олон байсан. Тийм учраас амралтын үеэр томилгоо хийе гээд удсан хэрэг. Мөн их сургуулиудын хөтөлбөр батлагдтал хүлээсэн юм. Захирлаар сонгогдсон дээрх хүмүүсийн хувьд төрийн албаны зөвлөлийн шалгалтад бүгдээрээ нэгдүгээр байраар тэнцсэн хүмүүс.

-Нөгөөтэйгүүр Их сургуулиудын хотхоны бүтээн байгуулалтын ажил юу болсон бэ. Сүүлийн үед нам жим болчихлоо?

-17 их наяд төгрөг буюу ДНБ-тэйгээ адилхан хэмжээний хөрөнгө оруулалт хэрэгтэй болно. Энэ тоо бол монголчуудын түүхэнд анх удаа сонсогдож буй том төсөл. Тиймээс нэлээд ул үндэстэй, судалгаа шаардаж байна.

Ямартай ч энэ онд багтаагаад техник эдийн засгийн үндэслэлийг хийж дуусгана. Дараа жилээс ажилдаа эрчимтэй орох төлөвлөгөөтэй байгаа. Гэхдээ дан ганц оюутны хотхон байгаад хот “амьдарч чадах” уу гэдэг асуудал үүслээ.

Тэгэхээр үүнийг томоохон хэмжээний бие даасан хот болгохын тулд шинжлэх ухааны паркийг хамтад нь барих юм. Эл паркийн хувьд одоо байгаа шинжлэх ухааны хүрээлэнгүүдээс тэс өөр. Байршил нь Багануурт барих хэвээрээ.

-Боловсролын салбарын бүтээн байгуулалттай холбоотойгоор хөдөө орон нутаг, тэр дундаа сумдад сургууль, цэцэрлэгийн барилгыг энэ онд хичнээнийг барьж байна вэ?

-“Шинэ сум” төслийн хүрээнд Монгол Улсын бүх сумдын сургууль хүн амаасаа хамаараад шинэчлэгдэнэ. Одоогоор 189 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ихэнх нь сургуулийн барилгын ажилд зарцуулагдана.

Гурван ээлжээр хичээллэж байгаа сургууль, түүнчлэн нурж унах гэж буй хичээлийн байруудыг шинэчлэх ажлыг нэлээд хийж байна. Мөн алтан гахай жил Монгол Улсын хэмжээнд олон хүүхэд төрж тэд маань сургуульд орох нас нь болчихсон.

Гэтэл тэдэн дунд чинээлэг айлын хүүхдүүд бас олон байгаа учраас эцэг, эхчүүд нь улсын сургууль гэхээсээ илүүтэйгээр хувийн сургуулийг сонгож байна. Тиймээс бид дахин 300 хүүхдийг нэмж бүртгэх асуудлыг шийдлээ.

-Тэгэхээр ярилцлагынхаа төгсгөлд танаас өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдлыг УИХ, Засгийн гишүүний хувиар хэрхэн харж байгаа вэ гэж асуумаар байна?

-Ерөөсөө л монголчууд бидний хэт хэнээрхлээс болж эдийн засаг сульдчихлаа. Энэ их хэнээрхэл, туйлшралаас болж гарсан муу үр дагавар юм. Үнэндээ хэн нэгэн сайдын ч юм уу, хөрөнгө оруулагчийн буруу гэж хэлэхэд арай боломгүй.

Ер нь УИХ, Засгийн газар цаашдаа хэн нэгэн этгээдийн жагсаалын хүчээр ажлаа хийгээд байх юм уу, улс орны эрх ашгийн үүднээс хатуу байр суурьтай урт хугацааны шийдвэр гаргах юмуу гэдэг нь чухал. Төр гэдэг бол үнэндээ хатуу байж сурах хэрэгтэй.

Муу юм сонсохоос айж явсаар байж сүүлийн долоо, найман жилийг ардаа үдлээ. Харин бид яавал зөв шийдэлд хүрэх вэ гэхээр эрдэмтдээ ашиглаж, тэднээс сонсож сурмаар байна. Түүнээс биш энд тэнд жагсаал хийж яваа байгаль орчны тэмцэгчээс эдийн засгаа асуугаад байвал бид хөгжихгүй, хол явахгүй.

Зөвхөн тухайн салбарын эрдэмтэн судлаачаас мэргэжлийн үг, судалгааг авах. Нөгөөтэйгүүр цаашид мэдлэгт суурилсан эдийн засгийг голлох нь чухал байна. Мөн Засгийн газар өндөр боловсролтой ард түмнээс өндөр бүтээмж гарна гэдэг бодлогыг өмнөө барих нь их чухал.