ГССҮТ-ийн даргыг эсэргүүцэж буй асуудлаар талууд уулзалдав
2013.09.30

ГССҮТ-ийн даргыг эсэргүүцэж буй асуудлаар талууд уулзалдав

Эрүүл мэндийн сайд Н.Удвал, Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо/ МЭМАҮЭХ/, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч нарын төлөөлөл оролцсон гурван талт уулзалт өчигдөр болж, ГССҮТ-ийн эмч, ажилчдын үүсгээд буй асуудлыг хэлэлцэв.

Уулзалтын эхэнд МЭМАҮЭХ-ны дарга Б.Мягмар энэ сарын 26-ны өдөр болсон үйл явдлын талаар сайдад танилцуулахдаа, “Бид ГССҮТ-ийн эмч нартай уулзаж, нөхцөл байдлыг үзээд сайд болон холбогдох албан тушаалтантай уулзаж харилцан ойлголцъё гэсэн асуудлыг тавиад суулт хийхийг нь зогсоосон.

Эрүүл мэндийн сайд болоод ЭМЯ-ны удирдах албан тушаалтнууд салбарынхаа өмнө тулгамдаж байгаа асуудалд шуурхай арга хэмжээ авч биднийг хүлээн авч уулзаж байгаад Үйлдвэрчний эвлэлийн байгууллага болон эмч, ажилчдын нэрийн өмнөөс талархаж байна.

ГССҮТ-ийн шинэ удирдлагыг эмч, ажилчид эсэргүүцэж, 13 хүний бүрэлдэхүүнтэй түр хороо байгуулж, шаардах бичиг удаа дараа салбарын яаманд хүргүүлээд байхад өдийг хүртэл ямар ч шийдвэр гаргахгүй байгаад Эрүүл мэндийн сайд тайлбар хийх ёстой гэж үзэж байна. Эрүүл мэндийн салбарт удирдлагаараа ирж байгаа хүнээ хэзээ ч эсэргүүцэж байгаагүй.

Бүхэл бүтэн байгууллагын 518 ажилтны 70 гаруй хувь нь гарын үсэг зурж эсэргүүцэж байна. Үүнийг ЭМЯ анхаарч үзэх ёстой. Шалгаруулалт бүр дээр шалгаруулалтын комисс солигдож байх ёстой. Энхбаяр гэж хүн яагаад даргаар сонгогдчихов оо. Шалгаруулалтад ороогүй байж ямар шалгуураар гараад ирэв. Энэ асуудалд мэдээлэл өгөөч” гэв.

ГССҮТ-ийн эмч нарын төлөөлөл ч тус эмнэлгийн удирдлагын асуудалд яамны зүгээс нухацтай анхаарч, хамт олны сэтгэлд нийцэж, хамтран ажиллах боломжтой хүнийг сонгон шалгаруулж томилохыг хүсч байгаагаа илэрхийлж байв.

Үүний хариуд Эрүүл мэндийн сайд Н.Удвал:

“Юуны өмнө та бүхэнд эмнэлгийн дарга нарын сонгон шалгаруулалт яагаад явуулах боломжгүй байгаагаа тайлбарлах нь зүйтэй болов уу. ЭМЯ-наас гурав дахь шатлалын төв эмнэлгүүд, төрөлжсөн төвүүдийн статусыг өөрчилж, мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр хангаж чадах лавлагаа төвүүд болгосон. Учир нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарыг олон улсын жишигт хүргэх ёстой гэдэг үүднээс ийм шийдвэрийг гаргасан юм.

Үүнтэй уялдаад ЭМЯ-наас сонгон шалгаруулалт зарласан. Энэхүү сонгон шалгаруулалтын явцад Төрийн албаны зөвлөл төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтныг сонгон шалгаруулах журам гэдэг өөрийн эрх мэдэлдээ олгогдоогүй шинэ журмыг гаргаж, Эрүүл мэндийн яамны дэргэдэх төрийн албаны салбар зөвлөлийг баталгаажуулж өгөхгүй гацаанд оруулснаас болж өдийг хүртэл зарим эмнэлэг даргагүй явсан.

Эрүүлийг хамгаалахын салбарт нэр хүндтэй хүнийг эмнэлгийнхээ дарга болгоё гэсэн санал тавьж байна

Энэ хугацаанд эмнэлгийн хэвийн үйл ажиллагаанд олон сөрөг үр дагавар гарч ирсэн учраас төсвийн Ерөнхийлөн захирагч, салбар хариуцсан Засгийн газрын гишүүний хувьд Засгийн газрын тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Төсвийн байгууллагын тухай хуулийн дагуу олгогдсон эрхээ хэрэгжүүлэхээс өөр гарц байхгүй байна.

Тиймээс эрүүл мэндийн байгууллагын дарга, төсвийн менежерийг шууд сонгох эрхийнхээ дагуу сонгон шалгаруулалт явагдах боломжгүй байгаа газруудыг эзэнжүүлж, томилсон. Энэ томилгоог хийх хооронд ГССҮТ-өөс миний нэр дээр таван шаардлага ирсэн.

Тэнд зөвхөн даргыг томилуулахгүй байх тухай асуудал байсан болохоос байгууллагын өмнө тулгамдаж байгаа асуудал, эрүүл мэндийн ажилтны нийгмийн асуудал, эмнэлгээр үйлчлүүлж байгаа хүмүүст үзүүлэх тусламж үйлчилгээний чирэгдэл, чанар аюулгүй байдлын тухай асуудал байгаагүй. Тиймээс би энэ асуудалд ач холбогдол өгч уулзах шаардлагагүй юм байна гэж ойлгосон.

ГССҮТ-ийн зүгээс нэгнээ муулсан бичиг их ирсэн. Тиймээс би гаднаас хүн томилж ажиллуулах нь зөв юм байна гэдэг байр суурьтай болсон учраас Ц.Энхбаяр эмчийг томилсон. Тэрээр мэдлэг мэргэжлээрээ хамт олныхоо дунд хүлээн зөвшөөрөгдсөн хүн. Мэдрэлийн мэс заслын эмчээр олон жил ажиллаж, Монголын мэдрэлийн мэс заслын нийгэмлэгийн тэргүүнээр ажиллаж байгаа” хэмээв.

ГССҮТ-ийн Сургалт эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал Р.Шагдарсүрэн: “Би мэргэжлээрээ ГССҮТ-д 40 жил, бусад газар 6 жил ажилласан. Энэ хугацаанд гэмтлийн эмнэлгийнхэн ингэж аашилж байсан удаа байхгүй. Эдгээр эмч нар бол миний шавь байсан хүмүүс. Тэд маань “Багшаа, эрүүлийг хамгаалахын салбарт нэр хүндтэй хүнийг эмнэлгийнхээ дарга болгоё” гэсэн.

Би тэдэнд эмчилгээ үйлчилгээгээ доголдуулалгүй хоёр дахин сайн ажиллаарай гэж захисан. Сайтуудад манай эмч нараас нэрийг нь цохоод Отгонгэрэлийн хамсаатнууд гэж бичсэн байна лээ. Бид цаг наргүй ажилладаг хүмүүс. ЭМЯ-нд сайн сайн менежерүүд олон. Тэдний нэгийг нь даргаар томилбол манай хамт олон дэмжинэ. Бид ажлаа хийе. Гэмтэл бол их хүнд ажилтай эмнэлэг. Миний хувьд энэ эмнэлгийг өөд нь татах юмсан. Нэг ч гэсэн хагалгааг нутагшуулах юмсан гэж зорьж явдаг” гэлээ.

Уулзалтын төгсгөлд МЭМАҮЭХ, ГССҮТ-ийн эмч нар сайдын томилгоог хүндэтгэж байна. Гэхдээ ТАЗ-д хандаж даргын сонгон шалгаруулалтыг явуулах эрх зүйн нөхцөл бололцоог бүрдүүлэхийн төлөө ажиллана гэв. Сайд ч ЭМЯ-ны төрийн албаны салбар зөвлөлийг ТАЗ-өөс баталгаажуулбал дарга нарын сонгон шалгаруулалт явагдах эрх зүйн нөхцөл нь бүрдэж, шалгаруулалт явагдах боломжтойг хэллээ.