Засаг дарга нар цэрэг-стратегийн сургалтад 10 дугаар сарын 31-нээс 11 дүгээр сарын 01-ний хооронд хамрагдана
Монгол улсын нийслэл, 21 аймгийн Засаг дарга нар 2013 оны 10 дугаар сарын 31-нээс 11 дүгээр сарын 01-ний хооронд хоёр өдрийн турш Таван толгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд цэрэг-стратегийн бэлтгэл сургалтанд хамрагдана.
Дайчилгааны тухай хууль болон Монгол улсын ерөнхийлөгчийн захирамжаар улсын эдийн засаг, нийгмийг шаардлагатай үед дайны байдалд шилжүүлэх, цэргийн дайчилгааны бэлэн байдлыг хангах зорилгоор улс төрийн албан тушаалтнуудыг 1-4 жилийн хугацаанд 3-7 хоногоор цэрэг-стратегийн бэлтгэл сургалтад тогтмол хамруулах ёстой. Батлан хамгаалах яам хүлээсэн үүргийнхээ дагуу дээрх сургалтуудыг шат дараалан зохион байгуулж байгаа билээ.
Засаг дарга нар уг сургалтын үеэр БХЯ-ы үйл ажиллагаатай танилцан, Бүх цэргийн Хар сүлдэндээ хүндэтгэл үзүүлэх бөгөөд дараа нь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд байрлан Монгол улсын цэрэг улс төрийн өнөөгийн байдал, батлан хамгаалах чадавхи, улс орны аюулгүй байдлын гадаад орчин, улсын дайчилгаа, зэвсэгт хүчний шинэчлэл, цэрэг татлага, цэргийн бэлтгэл үүрэгтний сургалтыг хэрхэн зохион байгуулах талаар номын дуу сонсох бөгөөд ЦДБЭЧ-ын уран бүтээлчдийн тоглолтыг сонирхоно. Мөн Зэвсэгт хүчний ангийн үзүүлэх сургуулийг үзэж, буудлага, жолоодлого зэрэг цэргийн бэлтгэл сургуулилт, дадлага хийнэ.