Иргэний боловсролыг хангаснаар нийгмийн олон асуудлыг шийдвэрлэж, хөгжилд эергээр нөлөөлнө
УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгийн санаачилгаар Зүүн хойд Азийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт арваннэгдүгээр сарын 24-25-нд “Боловсролоор дамжуулан энх тайван, хөгжлийг урагшлуулахад эмэгтэй парламентчдын гүйцэтгэх үүрэг” сэдвийн дор болж байна.
Тус чуулга уулзалтад ОХУ, БНХАУ, БНАСАУ, БНСУ-ын төлөөлөгчид, НҮБ, түүний салбар байгууллагууд, Азийн сан зэрэг боловсрол, эмэгтэйчүүдийн оролцоо, хүний эрхийн чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагуудын төлөөлөл оролцож байна.
Чуулга уулзалтыг нээж УИХ-ын дарга З.Энхболд, Гадаад хэргийн сайд Л.Болд, УИХ-ын гишүүн М.Батчимэг болон төлөөлөгчдийн багийн тэргүүнүүд үг хэллээ. Нэгдүгээр хуралдааны үеэр төлөөлөгчид Ардчиллын боловсролын асуудлаар НҮБ болон ЮНЕСКО-гоос гаргасан тогтоолууд, Энх тайван ба хөгжил дэвшлийг урагшлуулахад дэлхийн иргэнийг төлөвшүүлэх ЮНЕСКО-гийн зорилтын гүйцэтгэх үүргийн талаар хэлэлцсэн юм.
Чуулга уулзалтад Монгол Улсаа төлөөлж УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “Иргэний боловсролыг хөгжүүлэхэд эмэгтэй парламентчдийн үүрэг, роль” сэдвээр үндсэн илтгэл хэлэлцүүлсэн юм.
Эмэгтэйчүүдийн цалин хөлстэй ажил эрхлэлтийг нэмэгдүүлж, өрхийн бизнесийг хөгжүүлэх, бага орлоготой эмэгтэйчүүдийг төрийн бодлогоор дэмжин тэтгэх бодлого хэрэгжүүлэхийг бид үе үеийн Засгийн газарт санал болгосоор ирсэн.
Монголын хатад эмэгтэйчүүд хүүхэд залуу үеэ сурган хүмүүжүүлэх, нийгмийг соён гэгээрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж ирсэн. Эмэгтэйчүүдийн чин хүсэл нь үр хүүхдээ эрүүл аюулгүй орчинд өсч торнин боловсрол эзэмших бололцоог бүрдүүлэхэд төрийн дэмжлэг чухал байгааг илэрхийлж, өв уламжлалаа үе дамжуулан хөгжүүлдэг ард түмэн, улс үндэстэн ирээдүй хойчдоо хүндтэй гавьяа байгуулдаг хэмээн онцлов.
Хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах нь тэдний нийгэмшил, төлөвшилтөд онцгой нөлөөлөхөөс гадна эхчүүдийн хөдөлмөр эрхлэлт, сурч боловсрох асуудалд давхар нөлөөлдөг.
Түүнчлэн өсвөр насандаа хүүхэд төрүүлж, мэргэжил, боловсрол эзэмшиж чадаагүй эмэгтэйчүүд хөгжих боломжоо алдаж байгаа тул хот суурин болон орон нутгийн залуу эхчүүдэд чиглэсэн онлайн, зайны сургалтыг ашиглан боловсролыг хүртээмжтэй хүргэх шаардлагатай байна.
Эмэгтэйчүүдийн цалин хөлстэй ажил эрхлэлтийг нэмэгдүүлж, өрхийн бизнесийг хөгжүүлэх, бага орлоготой эмэгтэйчүүдийг төрийн бодлогоор дэмжин тэтгэх бодлого хэрэгжүүлэхийг бид үе үеийн Засгийн газарт санал болгосоор ирсэн. Энэ нь эмэгтэйчүүдийн ядуурлыг цаашлаад нийгмийн ядуурлыг бууруулах боломжтой.
Эмэгтэй хүн, эх хүний үүрэг хариуцлага нь төр засгийн аливаа үйл ажиллагааг тунгалагшуулах, гарч байгаа шийдвэрийг нийгэмд аль болох ойр, хүртээмжтэй байдлаар хүлээн авахад нөлөөлөх бөгөөд энэ ч үүднээсээ нийгэм, ард иргэдийн харилцан ойлголцол, улс орны хөгжилд илүү нарийн торгон ухаанаар хандаж бэхжүүлэх чадвартай гэж боддогоо илэрхийлсэн юм.