УРИАЛГА
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилгаар өнгөрсөн арваннэгдүгээр сарын 16-нд “Том төрөөс ухаалаг төр рүү" үндэсний зөвлөлдөх уулзалт Төрийн ордонд болсон билээ,
Уг уулзалтаар эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжих, бизнесийн орчинг сайжруулах, бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжин туслах, төрийн данхар бүтцийг багасгах, төрийн байгууллагуудын үйл ажиллагааг сайжруулах, хүнд суртлыг арилгах, бодлого хууль тогтоомжийн болоод үйл ажиллагааны түвшинд нэн яаралтай авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн талаар төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн төлөөлөл өргөн хүрээнд зөвшилцөж тодорхой бодлого, зорилт дэвшүүлснийг Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн гишүүд, дэмжигчид бүхий л талаар дэмжиж байна.
Өнөөдөр Монголын төр “...хариуцлагагүй, хяналтгүй, хэлсэндээ хүрдэггүй, гаргасан шийдвэр нь харилцан уялдаагүй, тогтвортой бус, өөрөө бизнес рүү шунан хувийн хэвшлийнхэнтэй өрсөлдөж, популизм хийж байгаагаас...” болж зөвхөн сүүлийн нэг жилд 2,5 их наяд төгрөгийн хохирол амссаныг Ерөнхийлөгч онцлон дурдсан юм.
“Том төр”-ийн үйл ажиллагаа манай улсын эдийн засгийн гол хөдөлгүүр болсон уул уурхайн салбарт хүндээр туссаныг тус салбарт өрнөсөн хүндрэл бэрхшээлүүд тод харуулж байна.
Ганцхан жишээ дурдахад, ямар ч тооцоо судалгаа, бодлогогүйгээр, салбарын мэргэжилтнүүдийн санаа бодлыг тусгалгүйгээр баталсан Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулиудын улмаас Монгол Улс нийгэм, эдийн засгийн ихээхэн хохирол амссан билээ.
Тус ассоциаци нь тогтвортой, тэгш үйлчилдэг хууль, эрх зүйн орчин, зохистой хувь хэмжээ бүхий өрсөлдөх чадвартай татварын орчин, хамгийн бага хүнд суртал бүхий “Ухаалаг төр" рүү шилжих, тусгай зөвшөөрлийг олгох эрхийг нь мэргэжлийн холбоодод шилжүүлэх, тусгай зөвшөөрлийн тоог цөөрүүлэх, төрөөс аж ахуй эрхлэх үйл ажиллагааг хуульчлан хязгаарлах чиглэлээр холбогдох талуудтай идэвхтэй хамтран ажиллахаа МЭДЭГДЭЖ байна.
Хувийн өмчийг дээдэлсэн, хүнд сурталгүй, бизнесийн таатай орчин бүхий, ухаалаг төрийн тогтолцоотой нийгмийг цогцлоох үйлсэд өөрийн тань оруулах хувь нэмэр асар их гэдгийг ухамсарлаж ажиллахыг уул уурхайнхандаа УРИАЛЖ, төр, хувийн хэвшлийн ажил хэрэгч хамтын ажиллагааг улам өргөжүүлэн, бодит үйл хэрэг болгохын төлөө ХАМТРАН АЖИЛЛАЦГААЯ.
МОНГОЛЫН УУЛ УУРХАЙН ҮНДЭСНИЙ АССОЦИАЦИ