2010.07.16

Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаалыг хүлээж авах үеэр УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан Хамгаалахын сайд Л.Болдын хэлсэн үг

Эрхэм хүндэт УИХ-ын дарга, эрхэм гишүүдээ,

Уригдан ирсэн зочид, төлөөлөгчид өө,

Эх орон нэгт монголчуудаа

 

Монгол Улсын Их Хурал энэ хаврын ээлжит чуулганаараа Улсын Их Хурлын нэр бүхий гишүүдийн санаачилсан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай Монгол Улсын хуулийг баталснаар жил бүрийн 7 дугаар сарын 10-ны өдрийг Монгол Улсын Төрийн далбааны өдөр болгон эх орон даяар тэмдэглэн өнгөрүүлж байхаар болсон билээ. Төрийнхөө сүлд, бэлгэ тэмдгийг сүслэн дээдэлдэг манай ард түмэн үндэснийхээ баяр наадамтай хамтатган энэ жил анх удаа Монгол Улсын Төрийн далбааны өдрийг ёслол төгөлдөр тэмдэглэж байна.

 

Их Монгол Улс байгуулагдсаны 803 жил, Ардын хувьсгалын 88 жилийн ой, Үндэсний их баяр наадмын босгон дээр төрийн далбааныхаа энэхүү баярт өдрөөр Батлан хамгаалахын сайдын тушаалаар Зэвсэгт хүчний хэмжээнд зохион байгуулсан тэргүүний дүрэмч, жагсаалч анги шалгаруулах уралдаанд тэргүүлсэн анги, хамт олонд шагнал гардуулж, ард түмэндээ хүндэтгэл үзүүлэх цэргийн ёслолын жагсаал зохион байгуулахаар энд бид хуран цуглараад байна.

 

Монгол Улсын Зэвсэгт хүчнийг орчин үеийн нийгмийн шаардлагад нийцүүлэн шинэчлэх, чадварлаг болгох, эрх зүйн шинэтгэлийг гүнзгийрүүлэх талаар өнгөрсөн хугацаанд багагүй ажил амжуулсан ч цаашид хийх ажил түүнээс их байгааг манай салбарынхан төдийгүй ард иргэд маань сайн мэдэж  байгаа. Хамтарсан Засгийн газар байгуулагдсанаас хойшхи хугацаанд манай яам батлан хамгаалах салбарын эрх зүйн орчинг төгөлдөржүүлэх, эх орныхоо тусгаар тогтнолыг батлан хамгаалах уламжлалт үүргээсээ гадна НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд оролцох оролцоогоо нэмэгдүүлэх, улс орныг хамарсан их бүтээн байгуулалтын ажилд Зэвсэгт хүчний анги, салбарыг оролцуулах, иргэдэд эх оронч үзэл төлөвшүүлэх, иргэн цэргийн харилцааг бэхжүүлэх, иргэний цэргийн алба хаахтай холбогдсон харилцаанд зарчмын өөрчлөлт оруулах зэрэг олон асуудлаар шинэчлэлийн шинжтэй бодлого дэвшүүлж, шийдвэрүүд гарган нэгýí санаа зорилготой хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

 

Зэвсэгт хүчний шинэчлэлийн үндэс нь бүх нийтээр цэргийн алба хаах иргэний журамт үүргийг хэлбэрэлтгүй сахиулах явдал бөгөөд энэ чиглэлд хийгдэж байгаа, хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа олон шинэ ажил бий.

 

Хэдийгээр нийтийг хамарсан санхүү, эдийн засгийн хямрал үргэлжилж байгаа ч Монголын Зэвсэгт хүчний зэвсэглэл, техникийг шинэчлэх, орчин үеийн хэрэгцээ шаардлагад нийцсэн зэвсэг, техникээр дэс дараатай хангах тодорхой бодлого гаргаж, томоохон өөрчлөлт, алхам хийхээр бэлтгэж байна.

 

Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд газруудыг түшиглэн зохион байгуулах улс орныг хамарсан их бүтээн байгуулалтын ажилд Зэвсэгт хүчин тодорхой үүрэгтэй хошуучлан оролцох, байгалийн гамшиг, экологийн сүйрлээс урьдчилан сэргийлэх, ойжуулах, цөлжилттэй тэмцэх, түүний үр дагаврыг арилгах чиглэлээр ч үүрэг гүйцэтгэхэд манай Зэвсэгт хүчин бэлэн байна.

 

Зэвсэгт хүчин нь иргэдийнхээ итгэлийг хүлээж, дэмжлэгийг авч чаддаг, хэрэгцээтэй цагт шаардлагатай бүх үүргийг гүйцэтгэхэд сургагдаж бэлтгэгдсэн байх нь Монголын Зэвсэгт хүчний дүр төрх байх болно.

 

Дөнгөж өчигдөрхөн Монголын парламент манай Зэвсэгт хүчний хөгжилд бодит дэмжлэг үзүүлэх Зэвсэгт хүчний хөгжлийн сан байгуулах эрх зүйн үндсийг бүрдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай Монгол Улсын хуулийг баталсан нь Зэвсэгт хүчний шинэчлэлийг гүнзгийрүүлэхэд нэн чухал алхам боллоо.

Манай яамнаас өргөн мэдүүлсэн энэ чухал хуулийг дэмжин баталсан Улсын Их Хурлын эрхэм гишүүддээ салбарынхаа хамт олны нэрийн өмнөөс болон хувиасаа баярын энэ өдөр чин сэтгэлийн талархал дэвшүүлж байна.

 

Батлан хамгаалах бодлого, үйл ажиллагааг ард иргэддээ таниулан сурталчлах, залууст эх оронч үзэл, хүмүүжил төлөвшүүлэх, иргэдийн цэргийн алба хаах хүсэл эрмэлзлэлийг нэмэгдүүлэхэд энэ удаагийн тэргүүний дүрэмч, жагсаалч анги шалгаруулсан арга хэмжээ зохих үр нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

 

Улсын сүр цэрэгтээ, цэргийн сүр жагсаалдаа гэдэг билээ.

 

Зэвсэгт хүчний генерал, офицер, ахлагч, цэрэг, түрүүч, ажилчин, албан хаагчид, хилийн чанадад үүрэг гүйцэтгэж байгаа цэргийн албан хаагчид, ахмад дайчид, нийт ард иргэддээ Их Монгол Улс байгуулагдсаны 803 жил, Ардын хувьсгалын 88 жилийн ой, Үндэсний их баяр наадам, Төрийн далбааны өдрийн мэндчилгээ дэвшүүлж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 

Монгол цэргийн сүлд хийморь үеийн үед мандан бадарч байх болтугай.

 

УРА!  НӨХӨД ӨӨ!

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.