АНУ, ОХУ, Хятадын Төв Ази дахь стратегийн ашиг сонирхол
БНХАУ, ОХУ, АНУ-ын ерөнхийлөгчид
2014.01.14

АНУ, ОХУ, Хятадын Төв Ази дахь стратегийн ашиг сонирхол

Хоёр зууны зааг дээр дэлхийн улс орнууд Төв Азид анхаарал хандуулах нь эрс нэмэгдлээ. Ялангуяа Хятад, ОХУ, АНУ гэсэн гурван том гүрэн саяхныг хүртэл “гүн нойрондоо” байсан тус бүс нутгийн амьдралд оролцож эхэллээ.

Хятадын Төв Ази дахь сонирхол

Хятадын Төв Азийн бүс нутаг дахь стратегийн ашиг сонирхлыг дараах байдлаар авч үзэж болно. Хятад улс “Дорнод Туркестан” гэж нэрлэгддэг салан тусгаарлах хүчнээс ихэд болгоомжилдог. Дорнод Туркестан гэдэг нь Хятадын харъяа нутаг дэвсгэр бөгөөд үндэстний хувьд уйгар, казах, киргиз, памирчуудаас бүрддэг. Хятадууд өөрсдөө “Синьцзян” буюу “шинэ хязгаар” гэж нэрлэдэг.

2010 онд Уйгурын Урумчи хотод болсон үймээн.

1990 оноос эхлээд олон улсын терроризмын нөлөөн дор “Дорнод Туркестан” хөдөлгөөн идэвхжиж, томоохон салан тусгаарлагч, алан хядах бүлэглэл болж хувирснаар Хятадын нэгдмэл байдал, улс орны баруун хойд хэсгийн нийгмийн хөгжилд аюулын харанга дэлдэх болжээ. “Дорнод Туркестан” хөдөлгөөн нь төв Азийн бүс нутагт түүх, соёл, хэл, шашны хувьд олон ард түмэнтэй ураг садны холбоотой учраас нөлөө ихтэй.

Түүнээс гадна төв Ази нь “Дорнод Туркестан” хөдөлгөөн олон улсын терроризмын бүлэглэлүүдтэй холбогдох боломжтой газруудын нэг юм. Хэрэв ийм зүйл тохиолдвол террористууд Хятадын нутагт нэвтрэхэд хялбар болно гэсэн үг. Тиймээс Хятадын газар нутгийн бүрэн бүтэн байдалд аюул учруулж болох ямарваа үйлдлийг гаргуулахгүй байх нь тус улсын Төв Азид баримтлах гадаад бодлогын үндсэн зорилтуудын нэг. Төв Ази бол Хятадын ар талын аюулгүй байдлыг хангах бүс нутаг гэж тэд үздэг.

Төв Ази Хятадын баруун хойд хэсэгтэй олон зуун километрээр хиллэдэг. Энэ хэсгийн газар нутаг Хятадад хамгийн ойр геополитикийн орон зай бөгөөд тус улсын стратеги бодлогын чухал хэсэг болдог. Төв Ази Хятадын аюулгүй ар тал байсан тохиолдолд л Хятадын стратегийн ашиг сонирхол хангагдах ажээ. Хятад төв Азийн бусад орнуудтай эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлж, эрчим хүч импортлох гол эх үүсвэр болгохыг зорьдог. Эрчим хүчний найдвартай эх үүсвэртэй болох нь Хятадын стратегийн том зорилт.

ОХУ-ын сонирхол

ОХУ-ын Төв Азид баримталдаг бодлогын гол зорилго нь улс төр, эдийн засгийн нэгдмэл болон аюулгүй байдлыг хангахад оршдог. Оросын төр засгийн чадавхи суларсан өнөө үед гадаад бодлогын гол зорилго нь аюулгүй байдал болдог. Олон улсын терроризм, шашны фанатууд нь аюулын гол эх үүсвэр юм.Мөн Төв Ази  Афганистаны газар нутагтай холбогддог учраас тэндээс гаралтай хар тамхины наймаа ОХУ-ын аюулгүй байдалд халтай.

Каспийн тэнгис дэх нефтийн цооногийн сүлжээ

Эдийн засгийн хувьд Орос Төв Азид барааны эргэлтийг сайжруулаад зогсохгүй, бүс нутгийн эдийн засгийг өөрийн эдийн засгийн голдрилоос гаргахгүй байхыг зорьдог. Газрын тос, байгалийн хийгээр баян азийн орнууд өөрсдийн баялгаа тээвэрлэх тээвэрлэлтийн өөр шугамтай болвол ОХУ-ын Каспийн тэнгис орчмоос зөөвөрлөх газрын тос, байгалийн хийн хэмжээ багасахаас гадна бүс нутаг дахь Оросын нөлөө буурч эхэлнэ.

Түүнээс гадна ЗХУ задарснаас хойш хуучин Бүгд Найрамдах улсуудад үлдсэн 20 орчим сая орос иргэдийн олонхи нь Төв Азид амьдардаг аж. Тэдний эрх, тэгш байдлыг хангах нь ОХУ-ын гадаад бодлогын нэг хэсэг болдог.

АНУ-ын Төв Азийн геополитик

ЗХУ задарсны дараах жилүүдэд АНУ Төв Азид баримтлах бодлогоо эцэслэн тодорхойлоогүй байв. Харин 2001 оны есдүгээр сард болсон үйл явдлын дараа Төв Ази АНУ-ын гадаад бодлогын чухал чиглэл болов.

2011 оны есдүгээр 11. Дэлхийн худалдааны төвийн ихэр цамхаг.

Терроризмтай хийх тэмцэл АНУ-ын үндсэн ажлуудын нэг. Есдүгээр сарын 11-ний явдал Америкийн аюулгүй бодлогын үзэл баримтлалыг үндсээр нь өөрчилжээ. Төв Азийн террористууд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг орнуудаар хүрээлэгдсэн учраас АНУ-ын сонирхол энэ зүгт чиглэхгүй байх аргагүй. АНУ дэлхийн эрчим хүчний гол эх үүсвэрүүдийг хянах, түүний дотор Каспийн тэнгисийн орд газруудад нөлөөгөө тогтоох стратегийн үзэл суртлыг баримталдаг.

Төв Ази болон Каспийн тэнгисийн сав газар газрын тосны нөөцөөрөө Ойрхи Дорнодын дараа хоёрт ордог байна. Газрын тосны ордуудыг АНУ хяналтандаа оруулвал дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаад зогсохгүй, үүнийгээ аливаа олон улсын чанартай шийдвэр гаргахад өөрсдийн талд ашиглах боломжтой болох юм.

АНУ, Хятад, ОХУ-ын төв ази дахь хамтын ажиллагаа

1991 оны 12 дугаар сараас Хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан бүгд найрамдах улсууд ээлж дараагаар тусгаар тогтнолоо зарлав. Тэр цагаас Хятад, ОХУ, АНУ төрөл бүрийн аргаар тус бүс нутагт нөлөөллийн хүрээгээ өргөтгөж эхэллээ.

Хятад дэлхийн хамгийн том эрчим хүчний хэрэглэгчийн хувьд Төв Азийн нүүрс устөрөгчийн нөөцийг баруунд тээвэрлэх сонирхолтой болсноор АНУ-д хүчтэй өрсөлдөгч гарч ирлээ.

Хятад, ОХУ, АНУ-ын стратегийн ашиг, сонирхол төв азид ийнхүү мөргөлдөв. Хэн нь ч Төв Азийг орхих хүсэлгүй нь мэдээж.

Нөгөө талаас төв азид терроризм, хар тамхи, бүс нутгийн аюулгүй байдал, шашны хэт даврагчидтай тэмцэх гээд гурван гүрний нийтлэг сонирхол бий.

Гэхдээ нийтлэг сонирхол байна гэдэг нь гурван улсын хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлнэ гэсэн үг хараахан биш. Гурван тал хамтарч ажиллалаа ч тэр нь нөхцөл байдлаас үүдэлтэй, идэвхгүй байх болно.

Түүнчлэн ОХУ, АНУ хоорондын харилцаа төв азид түншлэхэд саад болох нь гарцаагүй. Учир нь АНУ Оросыг төв азид өмнө эзэлж байсан уламжлалт байр сууринаас нь шахаж гаргасанд Оросууд дуртай байхгүй нь мэдээж.

Хятадын Dong Feng 21D пуужин

АНУ Хятадын ар талд нөлөөгөө тэлж эхэлсэн нь тус улсын хувьд аюултай. Хятадын баруун хойд хэсэгт байрлах цөмийн цэнэгт пуужингийн үйлдвэрлэл, туршилтын асуудлууд АНУ-аас болж улам л хүндэрч байна. Түүнээс гадна Америкчууд Хятадын угсаатны хоорондын харилцаанд хутгалдах боломжтой.

Эдгээр гүрнүүд бүгд эрчим хүчний нөөцийн томоохон хэрэглэгчид учир төв азийн орнууд өөрсдөө хэнийг ч цааш гэхгүй.

Хятад нөлөөгөө тэлвэл ОХУ-ын он удаан жил хадгалагдаж ирсэн ноёрхол алдагдаж болзошгүй. Гэсэн ч Орос, Хятадын зөрчил тийм ч хурцадмал биш юм.