2010.11.12

Л.Болд Халифаксын чуулганд оролцлоо

Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Л.Болд АНУ-ын “Герман Маршалл” сангийн захирал Петер Ван Праахын урилгаар 2010 оны 11дүгээр сарын 5-7-ны өдрүүдэд Канад Улсад болсон “Халифаксын олон улсын аюулгүй байдлын чуулга уулзалт”-д оролцлоо. Сайдыг дагалдаж яамны ГХАГ-ын дарга, хурандаа Ч.Ерөөлцэнгэл явсан байна. Энэ удаагийн уулзалтад дэлхийн 30 гаруй орны улс төрийн томоохон зүтгэлтнүүд, бизнес, судалгааны байгууллагын төлөөлөгчид оролцож,  дэлхий нийтийн аюулгүй байдлын тулгамдсан асуудлуудыг хэлэлцэн санал солилцсон бөгөөд энэ чуулга уулзалт нь Португал Улсын Лиссабон хотноо болох НАТО-гийн олон улсын хуралдааны өмнө болж байгаагаараа ихээхэн ач холбогдолтой байв. Сайд Л.Болд чуулга уулзалт дээр үг хэлж, Монгол Улсын Батлан хамгаалах бодлого, олон улсын аюулгүй байдал, энх тайван, тогтвортой байдлыг бэхжүүлэх талаар Монгол Улсын төрөөс баримталж буй бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл хийж, харилцан санал солилцов.

Чуулга уулзалтын үеэр Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Л.Болд Канад Улсын Батлан хамгаалахын сайд П.Маккай, АНУ-ын сенатор Ж.Маккайн, Станфордын Их сургуулийн профессор Кондолиза Райс, Израйлын Батлан хамгаалахын сайд Э.Барак, Канадын Гадаад хэргийн яамны Олон улсын аюулгүй байдлын товчооны ерөнхий захирал Д.Синклэйр, Канадын ЗХ-ний Хуурай замын цэргийн командлагч, дэслэгч генерал П.Девлин, ХБНГУ-ын БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Х.Шмидт, БВУ-ын Батлан хамгаалахын сайд П.Крем, Францын Бодлого, стратегийн асуудал эрхэлсэн Батлан хамгаалахын дэд сайд М.Мирайллет, Албанийн Батлан хамгаалахын сайд А.Имами нартай уулзалт хийж, батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа, олон улсын аюулгүй байдлын асуудлаар ярилцсан байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.