2011.04.29

Батлан хамгаалахын сайд Л.Болд БНСУ-д айлчилж байна

Энэхүү айлчлал нь БНСУ-ын Үндэсний батлан хамгаалахын сайдын урилгын дагуух албан ёсны айлчлал юм. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн, Монгол-Солонгосын парламентын бүлгийн дэд дарга Б.Батбаяр, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал М.Борбаатар, ЗХЖШ-ын ЕЗЦК-ын штабын дарга, бригадын генерал Л.Онцгойбаяр болон, албаны бусад хүмүүс багтжээ. Айлчлал Солонгосын дайнд амь үрэгдэгсдэд зориулсан  “Эх орончдын дурсгалын хөшөө”-нд цэцэг өргөснөөр эхлэв.

Батлан хамгаалахын сайд Л.Болдод БНСУ-ын Үндэсний батлан хамгаалах яамны хүндэт харуул  хүндэтгэл үзүүлсний дараа Үндэсний батлан хамгаалахын сайд Ким Куань Жиньтэй яриа хэлэлцээ хийлээ. Яриа хэлэлцээний явцад Зүүн хойт Азийн бүс нутаг, Солонгосын хойгийн асуудлаар харилцан байр сууриа илэрхийлж, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа, хоёр улсын Зэвсэгт хүчний шинэчлэл, цаашдын хөгжлийн явцын талаар харилцан мэдээлэл солилцлоо. Батлан хамгаалахын сайд Л.Болд 1999 онд байгуулсан хамтын ажиллагааны гэрээг дараагийн шатанд гаргаж, цэрэг-техникийн салбар, цэргийн шинэчлэлийн үйл явцад хамтран ажиллах санал тавихад БНСУ-ын Үндэсний батлан хамгаалахын сайд саналыг таатайгаар хүлээн авч, бүх талаар дэмжихээ илэрхийлэн, хамтын ажиллагааны чиглэлийг тогтоох хоёр талын ажлын хэсэг байгуулж ажиллахын чухлыг онцлон тэмдэглэлээ.

Монгол Улсад жил бүр болдог “Khan Quest” Олон улсын хамтарсан хээрийн сургуульд Солонгосын Зэвсэгт хүчний цэргийн баг, офицерууд 2006 оноос тасралтгүй оролцож байгаа уламжлалаа  хадгалж  энэ    онд цэргийн багаа оролцуулах болсноо Үндэсний батлан хамгаалахын сайд Ким Куань Жинь илэрхийлсэн. Айлчлалын үеэр төлөөлөгчид БНСУ-ын парламентын гишүүн, ноён Чон Жан  Соньтой уулзаж хоёр орны хамтын ажиллагааны талаар санал солилцжээ. Төлөөлөгчид айлчлалын явцад Солонгосын дайны музей, 38 дугаар өргөрөгийн дагуу орших Пань Мүнь Жом, НҮБ-ын Аюулгүй байдлын нэгдсэн хүчний байр, Тэнгисийн цэргийн хоёрдугаар флотод зочилжээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.