Ногоочин  Мөнхөө фермер болохыг хүсдэг
2011.03.03

Ногоочин Мөнхөө фермер болохыг хүсдэг

"Энэ өдрийн сурвалжлагч”-аар УИХ-ын гишүүн С.Бямбацогтыг урьж, тодорхой эрхэлсэн ажилгүй ч амьдралын төлөө өөрийн хүчээр зүт гэж яваа иргэнтэй ярилцуулъя хэмээн шийдсэн юм. С.Бямбацогтыг Ховд аймгийн Чандмань сумын уугуул гэдгийг мэддэг ч ярилцлагын гол баатар Т.Мөнхтөмөрийг мөн сумын харьяат гэдгийг мэдээгүй юм. Болзсон ёсоор бид гишүүний өрөөнд орлоо. Тэд нэг сумынхан ч олон жил уулзаагүй юм билээ.

-Ямар хүн ирэх бол гэж бодож суутал нутгийн хүн ороод ирэх чинь. Сар шинэдээ сайхан шинэлсэн үү?

-Амар байна уу. Сайхан шинэллээ. Сэтгүүлч надад ямар учиртай ярилцлага болохыг тайлбарласан. Угаас хүнтэй ярилцах дуртай болохоор зөвшөөрч, хэнтэй гэдгийг нь асуутал нутгийн дүүгийн нэр гарахаар баярлаад, уулзах өдрөө хүлээж суулаа.

-Нутаг ус, адуу малаа яриад уулздаг байсан бид өнөөдөр нэг нь өдөр тутмын том сонины сурвалжлагч, нөгөө нь ярилцагч болох нь. Сонин, сайхан тохиолдол байна. Та одоо хаана, юу хийж байна вэ?

-Хотын хөдөөд амьдардаг болсон. Өлзийт хороонд хашаа авч, байшин бариад удаагүй байгаа. Аль нэг албаа газарт бүртгэлгүй ч хамгийн завгүй хүний нэг. Ховдод амьдрахаар очсон нэг хятад “Монголын эзгүй талд таяг зоогоод орхино оо. Дараа жил нь арвин ургац авна” гэж хэлж байсан гэдэг. Монголын газар шороо гэдэг үнэхээр сайхан юм. Ах нь өнөөдөр газрын шимийг хүртээд амьдарч байна. Төмс хүнсний ногоогоор аав, ээж, ах, дүүгийнхээ хэрэгцээг хангачихна. Сүүлийн жилүүдэд нарийн ногоо тарьсан. Гарын дорх материал ашиглаад хүлэмж хийсэн, болдог л юм байна. Өргөст хэмх, улаан лооль сайхан ургасан.

-Манай аав сум нэгдлийн дарга байхдаа таны үеийн хэсэг залууг цэргээс ирэхэд нь суурьшуулах гэж мэргэжилтэй болоход нь анхаарч, ажлын байр гаргаж өгч байж билээ. Та тэдний дунд явж байсан байх аа?

-Би Чандмань суманд наймдугаар ангиа төгсөөд Ховдын арван жилийг дүүргэж ЗХУ-ын Эрхүү хотын Шелеховын техник мэргэжлийн сургуулийг цахилгаан болон хийн гагнуурчин мэргэжлээр дүүргэсэн. Танай аавын явуулсан бодлого одоо бодоход их зөв байж шүү. Сургууль соёл төгсөөд, цэргээс ирсэн залуусыг нутаг оронд нь ажиллуулах гэж гэр барьж, мал өгч байсан юм. Хөдөө, хотын хүн амыг тэгш, тогтвортой байлгах алсын бодол байж шүү. Одоо чинь хүн бүхэн хот руу хошуурах болж. Тухайн үеийн тэр бодлогыг үргэлжлүүлж, боловсронгуй бол госон бол өдийд сумын төв эзгүйрч, улсын нийслэл багтаж ядсан хүн амтай болохгүй л байхсан.

-Манай улсад гагнуурчин хэрэгтэй байгаа талаар та сонссон байх. Оюутолгойд гагнуурчин ажилд авах гэтэл Монголд VII зэргийн гагнуурчин байхгүй, БНХАУ-аас хайж байна. Гэтэл та Өлзийтөд ногоо тариад сууж байх юм. Оюутолгойд ажилд оръё гэж хөөцөлдсөн үү. Та гагнуурчны хэддүгээр зэрэгтэй вэ?

-Би сургууль төгсөхдөө гагнуурчны VI зэрэгтэй төгссөн. Гэхдээ би зөвхөн ногоо тариад суугаагүй. Гагнуураа хийж, амьдралдаа нэмэр болголгүй яахав.

-Ямар нэгэн ажлын байртай болж, тогтмол орлоготой байж болохгүй гэж үү?

-Зуун айл, Баянбүрдийн орчим “Гагнуурчин” гэсэн хаяг зүүсэн олон жижиг газар бий. Би хотод орж ирээд тэнд ажиллаж л байлаа. Хэнийг ч дагуулахгүй сайн гагнуурчин ч, ганц талх аваад харих гэж буй хүмүүсийн хоолыг булаацалдаад яахав гэж боддог. Надаас хүнд нөхцөлд амьдарч буй хүн цөөнгүй байдаг юм . Оюутолгойд ажиллах тухай бодож үзсэн. Хүүхэд маань бага учир хол ойр явахыг түр хойш тавьсан. Бусдын адил Солонгост гурван жил гаруй ажилласан. Одоо гэр бүл, үр хүүхдийнхээ дэргэдээс холдохгүй байхыг хичээх болсон.

-Нутгаас гараад хэдэн жил болж байна. Яагаад хотыг зорих болов. Манай нутгийнхан наймаанд одтой байсан даа. Таны наймаа амжилттай болоод хот руу өргөжүүлэхээр ирэв үү?

-Чандмань сумын 70 жилийн ойн дараа нутгаасаа гарсан. 1998 онд юм байна. Наймаа тийм ч сайн байсангүй. Хот хүрээ орж үзье, ямар байдгийг харъя гэж шийдээд ирсэн . Айлын том хүү хариуцлага ихтэй шүү. Долоон дүү “Ахаа ингэх үү, тэгэх үү, тэгмээр байна” гэхэд би эхэлж зүгийг нь гаргах, яриад байгаа зүйл нь ямар байдгийг үзэх хэрэгтэй болдог. Хоёр хөгшин тэтгэвэрт гарчихсан болохоор айлын ууган хүү үлгэр дуурайл болохын тулд чаддаг бүхнээ үзүүлэх гэж зүтгэнэ. Нэг ёсондоо дүү нарынхаа луужин болдог.

-Та бид хоёр адил юм. Би ч бас айлын том хүү. Дороо зургаан дүүтэй. Ах хүний үүрэг их шүү.

-Бага байхдаа хувцас урах, муухай болгох эрхгүй гүйдэг байж. Таван эрэгтэй дүүтэй хүн чинь тэдэндээ шилжүүлэх ёстой шүү дээ.

-Тэр үнэн. Айлын ууган хөвгүүдэд адил зүйл олон бий.

-Ах гэдэг үгний утга нь хүртэл нэг л өөр. Айлын том хүү, ах хүн аливаа зүйлийн анхдагч, эхлэл байх ёстой гэж ойлгож, бас бахархаж явдаг юм.

-Зарим нэг хөгжил буурай орны иргэд Япон, Солонгос, АНУ гэх мэт хөгжингүй оронд очсон л бол эх орноо мартах шахуу болдгийг бид мэднэ. Харин монгол хүн эх орноо байнга санаж, сурсан мэдсэн зүйлээ эх орондоо заавал зориулах хүсэл эрмэлзэлтэй байдаг. Та Солонгост ямар ажил хийж байв. Ирээд ямар нэгэн аж ахуй эрхлэхийг оролдов уу?

-Тийм шүү, монголчуудын эх орноо гэх агуу сэтгэлийг алхам тутамдаа мэдэрдэг. Би ч хүний нутагт ажиллаж, амьдарч байхдаа эх орноо, уул усаа санан бэтгэрч явсан. Одоо бодоход би Солонгост хэрэггүй ажил хийж байж. Олон саяын үнэтэй адуу малладаг байсан хүн шинэ юу сурах билээ. Би хотын хүүхэд биш, хөдөө морь малтай ноцолдож өссөн болохоор солонгосчуудад адуу маллахыг зааж байгаад ирсэн. Харин энд ирээд хэндээ адуу маллахыг заах билээ. Өлзийтөд алдартай уяачид олон байна.

Тэдэнд би Солонгост адуучин байсан гэвэл “Хаалгаа хаачих” л гэнэ биз дээ. Би эх орондоо ирээд цайны газар нээсэн. Дарамт, шахалтыг нь тэсэхийн аргагүй юм билээ. Цайны газар нээтэл “Алив татвараа төл, би эрүүл ахуйн байцаагч байна” гээд л баахан мөнгө нэхнэ. Маргааш нь бас л байгаль орчны байцаагч, дэд бүтцийн байцаагч байна гээд мөнгө нэхэгчид хөвөрчихнө. Үнэндээ тэр бүгдийг давна гэдэг хэцүү.

Энэ бүгдээс нэг зүйл бодох болсон. Элэг нэгтэн нь хүний нутагт хөлс, хүчээ барж барж ирэхэд шууд дарамталж, төрийн нэр барин мөнгө нэхээд байх нь буруу шүү дээ. Харин чи эх орондоо 70 мянган доллартай ирэв үү. Ийм зүйл хийгээд ажлын байртай бол. Бусдыгаа ажлын байртай болгосны чинь төлөө урамшуулъя гээд дэмжээд өгдөг болоосой. Мөнгө олж ирсэн нэг хүний ард хэдэн ам бүл байгаа билээ. Төрийн буруу тогтолцоо, үйл ажиллагаанаас болоод замын дундаас буцаж буй залуу олон шүү.

-Хүнд суртал хаана байна тэнд авлига цэцэглэж байдаг. Үүнийг яаж таслан зогсоох ёстой гэж та боддог вэ?

-Хариуцлага тооцож чадвал л арилна. Манай төрийн байгууллагад үе залгамжлагчид байдаг болжээ. Аав нь Дээд шүүхэд ажилладаг бол хүү, дүү нь дараагийн шатанд нь байх жишээтэй. Хүүд нь хариуцлага тооцъё гэхээр аав нь даргад нь шүүхийн “А”-г заасан байх жишээтэй. Ингээд л яаж ч чадахгүй нүдээ аниад өнгөрөөд байх шиг.

-Яг энэ асуудлыг шийдэх Ашиг сонирхлын тухай хуулийг хаврын чуулганаар хэлэлцэх гэж байгаа. Ашиг сонирхлын зөрчил гэж чухам юуг хэлэх вэ гэдгээ сайн тодотгож өгөх хэрэгтэй юм билээ. Та аж ахуй эрхлэхийн тулд газраа барьцаалаад зээл авч болно шүү дээ. Газар гэдэг үл хөдлөх хөрөнгийн баталгаа болж чадна?

-Явж үзсэн. Бүрдүүлэх бичиг баримт энэ тэр нь барагдашгүй. Тэр хүний гарын үсэг хэрэгтэй гэчихнэ. Нөгөө хүнийг нь хайж, хэдэн өдрийн дараа бэлэн болгоод ирэхээр дарга нь энэ ямар хэрэгтэй юм гээд түлхчихдэг. Албан байгууллага, дарга нарын хооронд гүйсээр хамаг цаг, мөнгөө барчихна. Ажил хийе гээд очиход цалин нь 150 мянган төгрөг. Тэр мөнгө дөрвөн ам бүлд яаж хүрэх билээ.

Өдрийн кофе, автобусны мөнгөндөө таардаг юм билээ. Гэхдээ өнөөдөр болохгүй бүтэхгүй зүйл яриад яахав дээ. Монголчуудын заяа дүүрэн юм хойно сайн сайхан болно доо. Хүний нутгаас ирсний дараа үйлчилгээний газарт ороод их гайхаж билээ. Дэлгүүрт ороод худалдагч охиноос барааны үнийг асуутал утсаар яриад, бохь зажлаад хардаггүй, олон удаа асуувал уурлах шинжтэй. Харин Солонгост дэлгүүрийн хаалга нээхэд л худалдагч нь угтан авч юу хэрэгтэйг асууж, ямар загвар, өнгө байгааг танилцуулдаг. Хүн хүнээ хүндэтгэдэг үйлчилгээний соёлоос манайхан суралцмаар юм.

-Та “Хүний хөгжил” сан - гаас өгч буй мөнгөө авсан уу. Бэлэн мөнгө тарааж байгааг дэмждэг үү?

-Хамгийн буруу үйл ажиллагаа гэж би боддог. Олон жилийн өмнө Н.Багабанди гуай Дарханд сонгуулийн сурталчилгаа хийж явахдаа “Би загас барьж өгөхгүй, харин барих аргыг нь зааж өгнө” гэж хэлж байсан. Харж байхад манайхны зарим нь арай л дэндүү залхуу. Болж бүтэхгүй зүйлээ төр засаг руу чихээд, хүний төлөө амьдарч буй мэт л харагдах юм. Төр барилцаж буй хүмүүс бүхнийг мэдэгч биш шүү дээ. Ардаа амьдралтай, адилхан л хүмүүс. Би нэг зүйлийг хараад үнэхээр их бухимдсан.

Д.Загджав гишүүн Хан-Уул дүүрэгт 100 хүнд гэр, хашаа хатгах мод, газар өгсөн. Сарын дараа хоёр гэр үлдлээ. Тэр хоёр гэрт байсан залуус гэрлэчихсэн. Нэг гэрт ороод нөгөөхөө зарчихаж байгаа юм. Гэтэл арав хонолгүй зодолдож, нүдэлдээд тараад явчихсан. Ингээд л хоёр сарын дараа тэр газар гэр байтугай хашааны шон ч үлдээгүй. Үнэхээр амьдралын төлөө зүтгэлтэй, юм хийх гэж байгаа нэгнээ жаахан л дэмжчихвэл болох нь тэр. Халамжийн бодлогоо хавтгайруулдгаа болих хэрэгтэй. Амьдралын ямар ч зорилгогүй, архи ууж яваа хүмүүс гудамжаар цөөнгүй байна. Тэдэнд мөнгө өгч, хооллож, ундлах хэрэггүй.

-Ингэхэд та улсаас өгч буй мөнгөө авдаг уу?

-Авдаггүй, байж л байг. Өнөөдөр 21 мянган төгрөг аваад юунд зарцуулсан нь мэдэгдэхгүй дуусчихна. Тэгэхээр цуглуулж байгаад бодитой зүйлд зарцуулах бодолтой байгаа.

-Нутгаараа хамгийн сүүлд хэзээ очив?

-Очилгүй 11 жил болчихож. Сэтгэл зүрхэндээ бодож, хайрхандаа залбирч явах юм даа. Нэг л их завгүй хүн нутагтаа очилгүй их удаж. Энэ жил олон тэгш ой тохиож байгаа юм билээ. Нутгийн мориноосоо дөрвөн уулын дунд уралдуулах юмсан.

-Нутагтаа арав гаруй морь сойгоод байгаа. Тэндээ уралдвал дээр болов уу гэж бодох юм. Та морь уяж байгаа юу?

-Морио хараад хийморь нь сэргэдэггүй монгол хүн гэж байхгүйн адил ах нь бөөн хорхойноос цаашгүй ээ. Үнэхээр хийморилог амьтан шүү.

-Орон нутгаас ирэгсэд эрс олширлоо. Олон учир шалтгаан бий л байх. Амьдрах аргаа олоогүй байж хотыг зоригсод яагаад нэмэгдээд байгаа юм бол?

-Бусдын адил амьдарна гэж бодоод л ирдэг болов уу. Хөдөө орон нутаг нь хөгжил сайтай бол хот рүү ирэх нүүдэл багасах болов уу. Би олон хүний наашаа ирэх замыг тавьсан.

-Сум эзгүйрч, цус ойртох дөхсөн асуудалд та ч чамгүй үүрэг гүйцэтгэжээ. (инээв) Хөөмий Монголын баруун хязгаарт суугаа чандманьчуудтай салшгүй холбоотой. Манай суманд найман настай балчраас, наян настай буурай хүртэл хөөмийлдөг. Эр, эм гэж ялгалгүй сайхан хөөмийлдөг байж билээ. Та чаддаг уу?

-Бага байхдаа баахан оролддог байсан. Одоо чадахаа больжээ. Бадраа агсан тээр жил очиж сайхан баримтат кино хийсэн. Тэр кинонд манай сумынхан бараг бүгдээрээ багтсан байх шүү.

-Нутгийн ахын мөрөөдлийг сонирхож болох уу. Тав, арван жилийн дараа ямар зүйл бүтээгээд сууж байх бол?

-Цэвэр агаартай, сайхан газар надад байна. Тэндээ фермертэй болчих юмсан. Хэдэн саалийн үнээ авч, цагаан идээгээ боловсруулаад хот руу нийлүүлээд байвал хэн хэндээ хэрэгтэй байх. Ногоогоо тарьчихна. Тэнд ажил хийх хүн нь бэлэн байна. Яагаад ч юм бэ энэ жилийг тэсэн ядан хүлээсэн. Өөрт омогшил, итгэл төрөөд их зүйл хийх хүсэлд автаад байгаа юм. Алсдаа фермерийн аж ахуйтай болохыг мөрөөдөж явна даа гэснээр тэдний яриа өндөрлөв. Моринд нугасгүй Т.Мөнхт өмөр “Ховд нутгаас ард түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээсэн олон сайн хүн төр түшилцэж явна. Тэдний залгамж халаа болж яваа нутгийн дүүдээ амжилт хүсье” гээд УИХ-ын гишүүн С.Бямбацогтод урласан ташуураа бэлэглэсэн юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.