Д.Дамба: Либериал бодлоготой болсон
“Уул уурхайн ассоциаци”-ийн ерөнхийлөгч Д.Дамба
2014.02.10

Д.Дамба: Либериал бодлоготой болсон

УИХ-аас Төрөөс баримтлах эрдэс баялгийн бодлогыг сар шинийн өмнөхөн баталсан билээ. Бодлоготой болсноор уул уурхайн салбарыг хэн дуртай нь улстөржүүлж чадахгүй гэж нэг хэсэг нь талархалтай хандаж байгаа бол зарим нэг хүмүүс шүүмжлэлтэй хандаж буйгаа илэрхийлээд байгаа.

Өөрөөр хэлбэл, Төрөөс баримтлах эрдэс баялгийн бодлого хэтэрхий ерөнхий байна гэсэн дүгнэлт хийх хүмүүс байна. Тиймээс эрдэс баялгийн бодлого болон уул уурхайн салбарын талаар “Уул уурхайн ассоциаци”-ийн ерөнхийлөгч  Д.Дамбатай ярилцлаа.

-Монгол Улс  олон жилийн турш ярьсан бодлогоо тодорхойлж чадсан нь багагүй амжилт байх. Гэхдээ бодлоготой холбоотой санал, шүүмжлэл мэргэжлийнхний дунд нэлээд өрнөж байна. Таны хувьд Эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогыг хэр сайн болж чадсан бэ?

-Хүн болгонд таалагддаг төгс төгөлдөр хууль гэж хэзээ ч байдаггүй. Тэр утгаараа ямар нэгэн санал шүүмжлэл хэлэх нь хүний эрх шүү дээ. Миний хувьд Монгол Улс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогоо тодорхойлсон нь маш том алхам боллоо гэж дүгнэж байгаа.  Бодлогогүй явж ирсний балгаар уул уурхайн салбарт хэн дуртай нь, ямар ч хамаагүй хуулийг боловсруулаад ороод ирдэг байсан шүү дээ. Үүний алдааг ч эдийн засгаараа бид хангалттай амсч байна.

Харин бодлогоо боловсруулснаар энэ асуудал хумигдана. Ийм учраас уул уурхайн салбарынхны хувьд төрөөс баримтлах бодлогыг баталсан нь сайн мэдээ. Бодлого боловсруулах явцад ажлын хэсгийнхэн олон хүний саналыг авсан. Эрх зүйч, хуульч, бизнесийнхэн, төрийн бус байгууллагынхан гээд бүгдийнх нь санал онолыг сонссон, тусгасан сайн хууль болсон гэж бодож байна.

-Энэ бодлогод уул уурхайн салбарын эдийн засгийн үр ашгийг нь тусгаж өгсөнгүй гэсэн шүүмжлэл гараад байгаа шүү дээ?

-Яг ямар утгаар нь тэгж хэлж байгааг мэдэхгүй юм. Ямар ч байсан маш сайн либериал бодлого болж чадсан гэж дүгнэж байгаа шүү. Уул уурхайн салбар дахь төрийн оролцоог маш их багасгасан, хувийн хэвшлийнхний оролцоог нэмэгдүүлсэн сайн бодлого болсон байна лээ. Бүх юм төрийн мэдэлд байх ёстой гэж боддог хүмүүст таалагдахгүй  байж болно. Гэхдээ эдийн засгийн үр ашиггүй бодлого гэж шүүмжилж болохгүй байх. 

Хувийн хэвшлийнхний оролцоо нэмэгдэж, татвар төлөгчид, баялаг бүтээгчдэд боломж олгож байна гэдэг шууд биш ч гэсэн шууд бусаар эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлнэ.  Улстөржилтөөс хол хөндий бодлоготой болно гэдэг эдийн засгийн том хаалга нээгдэж байна гэсэн үг шүү дээ. Монголчууд л уул уурхайн салбараа улс төртэй хольж хутгаад байгаа болохоос дэлхийд эдийн засгийн голлох салбар юм шүү дээ, уг нь.

-Бодлогыг хүрээнд маш олон хуульд, журамд өөрчлөлт орох болов уу гэсэн хүлээлт байгаа?

-Эрдэс баялгийн  бодлогыг дагаад эрх зүйн салбарт өөрчлөлт орох байх. Ашигт малтмалын хуульд нэмэлт өөрчлөлт орох нь гарцаагүй. Мөн  урт нэртэй хуулийг ч өөрчлөх хэрэгтэй болно. Ашигт малтмалын хуулийг шинэчлэхээр ажлын хэсгийнхэн байгуулдагсан байгаа. 

-Өнгөрсөн жил эдийн засагт асар том ач холбогдолтой нэгэн хууль батлагдсан. Тэр нь Хөрөнгө оруулалтын тухай хууль. Гэхдээ энэ хуулийг баталлаа гээд хөрөнгө оруулагчдын итгэл сэргэх хандлага байна уу. Хуулийн үр ашиг одоогоор харагдахгүй л байна шүү дээ?

-Алдагдсан итгэлийг буцаан олж авахад хэцүү. Нэг хууртагдсан хүмүүс дахиж хууртагдахаас болгоомжилно. Яах бол гэсэн эргэлзээ байнга л дагалдана. Гэхдээ Хөрөнгө оруулалтын тухай хуулийг баталснаар гадаадын хөрөнгө оруулагчид Монголыг буцаад сонирхож эхэлсэн байна лээ. Мэдээж, хууль гарсны маргааш байдал гэнэт сайхан болчихгүй шүү дээ. Яваа яваандаа сайжирна, хөрөнгө оруулагчдын итгэл сэргэнэ. Тэднийг даллахын тулд монголчууд хуулиа, орчноо ч сайн таниулах ёстой.

Түүнээс манайх  хуулиа баталчихлаа, одоо боллоо гэх хэрэггүй. Тэгээд ч өвөл дуусаг, бүтээн байгуулалтын цаг эхлэхээр байдал өөрчлөгдөх байх гэж найдаж байгаа. Өнгөрсөн 2013 онд хөрөнгө оруулагчид дүрвэсэн жил болсон бол 2014 онд хөрөнгө оруулагчдын итгэл сэргэсэн жил байх болов уу гэж харж байна. Байдал дээрдэж, эдийн засагт орж ирэх мөнгө нэмэгдэх хандлага харагдаж байгаа.

Одоо өнгөрсөн асуудлыг сөхөн хэрэлдэхээсээ илүү цаашдаа хамтдаа яаж хөрөнгө оруулалтыг татах вэ, уул уурхайн салбараас орж ирэх мөнгөний хэмжээг хэрхэн нэмэгдүүлэх вэ гэсэн гарцыг олж харах нь чухал. Хэрэлдээд, хардаад сууцгаах юм бол эдийн засаг хөгжихгүй.

-2014 онд Монголын уул уурхайн салбар хүндрэлээсээ гарч чадах болов уу. Уг нь УИХ-аас эдийн засагт мөнгө авчрах хэд хэдэн чухал хуулийг баталлаа шүү дээ. Өнөөдрийн хувьд байдалд өмнөхөөсөө дээрдсэн зүйл харагдахгүй л байна?

-Дэлхийн уул уурхайн салбарын уналтууд үргэлжилж байгаа. Монгол дэлхийгээс хамааралгүйгээр явж чадахгүй шүү дээ. Гэхдээ хэд, хэдэн сайн хуулийг УИХ баталлаа. Сар шинийн өмнөхөн гэхэд алтны рояльти татварын хэмжээг 2.5 хувь болтол буурууллаа. Ингэснээр Монголбанкинд тушаах алтны хэмжээ нэмэгдэх байх. Хар захаар урсгаад алддаг байсан алтаа авдарлах боломжтой болж бана.

Үүнийг дагаад ам.долларын ханш тогтворжих байх. Монгол Улс сүүлийн жилүүдэд ихэнх алтаа хулгайгаар алдаад дууссан. Одоо харин хулгайд алддаг байсан алтаа төв банкинд хадгалах боломж нээгдэж байна. Тэгэхээр 2014 он хоёрдугаар улирлаас ерөнхийдөө сандаргаад байсан эдийн засгийн асуудлууд тогтворжих тал руугаа орох болов уу гэж харж байгаа.

-Уул уурхайн салбар энэ онд өөдлөхгүй ч байж магадгүй шинжтэй. Нүүрсний компаниуд экспортоо зогсоолоо. Монгол Улсын төсвийн ихэнх хувийг хангадаг энэ салбарт уналт үргэлжилсээр л байна шүү дээ.

-Нүүрсний салбарын уналт бол Монголоос гэхээсээ илүү дэлхийн зах зээлээс хамааралтай юм. Бас Хятадын эдийн засаг сайнгүй байна. Энэ бүхэн мэдээж, нөлөөлж байгаа шүү дээ.

-Нүүрсний салбар бодлого байхгүй учраас л хөгжихгүй байгаа юм биш үү?

-Би ашигт малтмал болгон тусгайлсан хуультай байх ёстой гэж бодохгүй байна. Нүүрсний салбар Ашигт малтмалын тухай хуулиар л зохицуулагдаад явах ёстой. Эрдэс баялгийн салбарыг олон хуваагаад, олон дэмий хууль гаргахын эсрэг байдаг хүн шүү дээ би.

-Түгээмэл тарцахтай ашигт малтмалын хуулийн дагуу орон нутагт онцгой эрх өгсөн. Үүнийг та юу гэж бодож байна?

-Энэ асуудал бас хоёр талтай л даа.  Орон нутагт ашиглалтын болон хайгуулын зөвшөөрөл олгох, хаах бүх эрхийг нь олгоно гэдэг нэг талаар эрсдэлтэй.  Авлига хүнд суртал, ар өврийн хаалга чинь жинхнээсээ цэцэглэж магадгүй л болчихоод байгаа юм.  Орон нутгийн удирдлагуудад нээх, хаах бүх зөвшөөрөл нь өгчихөөр хэдхэн хүний үзэмжээр л шийдэгдэх байх даа. Орон нутгийнханд авлига авах боломжийг тавиад өгчихөв үү гэж харж байна даа.