Залуу эцэг, эхчүүд Facebook – т зориулж хүүхэддээ нэр өгдөг болжээ
Эдүгээ facebook-ийн хэрэглэгчдийн тоо 1,5 тэрбумд хүрчээ.
2014.03.09

Залуу эцэг, эхчүүд Facebook – т зориулж хүүхэддээ нэр өгдөг болжээ

“Facebook”  гэх бидний мэдэх олон нийтийн сүлжээний \ОНС\ нэр болсон энэ үг нийгмийн амьдралд улам гүнзгий нэвтэрсээр. Facebook  нь интернет  хэрэглэгчдийн  харилцааны зүгээр нэг талбар байгаад зогсохгүй, орчин үеийн аав ээжүүдийн оюун санааг хөгжөөх эх сурвалж болж байх шиг. Ямартаа ч, шинээр төрөгсдийн талаарх сүүлийн үеийн мэдээлэл үүнийг баталж байна.

Facebook бидний амьдралд ашигтай гэдэгтэй маргашгүй. Энд найз нөхдийнхөө алс холд аялж явахдаа авахуулсан гэрэл зургийг үзэж, удахгүй болох сонирхолтой үйл явдлуудын мэдээллийг авч, нэгэндээ ашигтай холбоос \link\ илгээх гэх зэргээр олон зүйлийг амжуулах боломжтой. Гэвч зарим хэрэглэгч ОНС – ийг ер бусын зорилгод ашигладаг байна.

Тухайлбал: Facebook – ийг гэр бүл төлөвлөлтийн асуудлаар зөвлөгөө өгөгч болгон хувиргах нь цөөнгүй. Нэг хэсэг нь өөрийн хуудсан дээр заяаныхаа ханийг хайж, харин романтик адал явдлынх нь үе дууссан нөгөө хэсэг нь “хүүхдэд минь нэр хайрлана уу” хэмээн нийт интернет хэрэглэгчдэд хандах жишээтэй.

2010 оны сүүлчээр Канадын хос Роберт, Ромми Альпинелли нар Facebook – ээр дамжуулан ирээдүйн охинд нь сайхан нэр бодож олохыг интернет хэрэглэгчдээс хүсчээ. Саналын тоо нь л илүү байвал, танихгүй хүмүүс ч байсан хамаагүй тэдний зөвлөснөөр хүүхэддээ нэр өгөхөө хосууд амлав.

Залуу гэр бүл: “хүүхэд удахгүй төрөх болчихсон атал, түүнд тохирсон олигтой нэр олдохгүй байна “ хэмээн өөрсдийн үйлдлийг тайлбарлав. Хосууд өөрсдийгөө “тэнэгүүд” хэмээн тоглоом болгохын сацуу санал хураалтад оролцогчдын мэргэн ухаанд найдаж, этгээд сонин бус энгийн, уянгалаг, эмэгтэйлэг нэр бодож олохыг уриалжээ.

Санал болгосон нэрсийн дунд Ария, Оникс, София, Обри, Грейсон, Уиллоу гэх мэт хувилбар байв. Канадын интернет хэрэглэгчид таалагдсан хэдэн хувилбарыг сонгон авч, санал хураалт эхэлсэн байна. Санал хураалтад 22 мянган хүн оролцож, эцсийн дүн гарахад “Мелания” гэсэн нэр ялжээ. Альпинеллийн гэр бүл ч 2010 оны 12 сард төрсөн охиндоо энэхүү нэрийг хайрлав.

Залуу ээжийн ярьснаар, хүмүүс ямар нэгэн санаанд багтамгүй этгээд нэр сонгож, бяцхан охин нь гаж нэртэй азгүй нэгэн болох вий гэхээс санаа их зовсон гэнэ.

Тэдний санаа зовсон нь ч учиртай. Зарим хэрэглэгчид Facebook – ийн үнэнхүү хүч чадлыг амтлаад амжжээ.

Майк Аффинитогийн эгчийнхээ хүүд "Мегатрон" хэмээх нэр өгөхөөр нээсэн хуудас.

Мөнхүү 2010 онд  Майк Аффинито Facebook – т шинэ хуудас нээж, бие давхар эгч нь хэрэв түүнийг сая хүртэлх хүний санал цуглуулж чадвал удахгүй төрөх хүүхэддээ “Мегатрон” гэсэн нэр өгнө гэж ам алдсан тухай бичжээ. 

Америк залуугийн хөгжилтэй санааг олон хүн сайшааж, хэдхэн долоо хоногийн дотор Майк сая гаруй хүний саналыг цуглуулж дөнгөв. Дашрамд хэлэхэд, энэ хуудас одоо ч гэсэн интернет хэрэглэгчдийн дунд түгээмэл байж, лайк цуглуулсан хэвээр.

Хожим Аффинитогийн ярьснаар, мөрийцөөд ялагдсан хэдий ч, эгч нь хүүхэддээ трансформеруудын ертөнцийн Десептиконуудын лидерийн нэрийг хүүхэддээ өгч хараахан зүрхэлсэнгүй. Мегатроны оронд Дилан хүү хорвоод мэндэлжээ. Майк урам хугарсангүй, түүний компанит ажилд оролцсон хүмүүст талархал илэрхийлэв. Тэрээр өөрөө хүүтэй болох цагийг хүлээж буй бололтой. Гол нь цаг алдаж болохгүй. Тэгэхгүй бол энэ сайхан нэрийг хэн нэгэн нь өрсөөд хүүдээ өгчихөж мэднэ.

Альпинелл, Аффинито нарын гэр бүлтэй холбоотой түүх этгээд сонирхолтой ч тийм ч ухаангүй үйлдэл биш. Бүр санаа шулуудсан эцэг, эхчүүд ОНС-ний хэрэглэгчдийн зөвлөгөө, тусламжийг хүлээлгүй, нэр сонгох асуудлыг өөрсдөө зохицуулдаг аж. Гэхдээ энэ нь бас л Facebook – тэй холбоотой.

Facebook нэртэй охины аав Джамал Ибрагим.

Facebook – т зориулж хүүхэддээ нэр олгогчдын манлайлагчид бол Египтийн Джамал Ибрагим болон түүний гэргий юм. Тэд дэлхийн хамгийн том ОНС-д  зориулж өөрийн бяцхан охиндоо “Фэйсбүүк” нэр хайрлав. Фэйсбүүк охин Хосни Мубаракийн дэглэмийг түлхэн унагасан египтийн хувьсгалын дараахан төржээ.

Залуу аав сэтгүүлчдэд өгсөн яриандаа, Египт дэх эсэргүүцлийн ажиллагааг зохион байгуулахад  чухал үүрэг гүйцэтгэсэн ОНС-д талархаж байгаагаа илэрхийлэхийн тулд охиндоо энэ нэрийг өгсөн гэж өгүүлжээ. Бидний мэдэхээр, засгийн газрын эсрэг жагсаал цуглаанд оролцогчид өөрсдийн үйл ажиллагааны алхмуудыг Facebook,  Twitter зэргийн тусламжтай зөвшилцөж байсан юм. Магадгүй, Ибрагимын гэрт хүү төрвөл “Twitter” нэр өгөхийг байг гэхгүй.

Бяцхан Фэйсбүүк охины тухайд гэвэл, төрснийхөө дараа жинхэнэ од болж, эцэг эхтэй нь санал нэг хүмүүс, Facebook – ийн энгийн хэрэглэгчид аав, ээжид нь баяр хүргэж, бэлэг ирүүлжээ.

Гэхдээ хувьсгалчид л зөвхөн Facebook – т зориулж хүүхэддээ нэр өгдөг гэвэл үгүй. Бүр саяхан Израилийн Од ха-Шарон хотод төрсөн нэгэн охин “Лайк” гэдэг нэр авсан байна. Эцэг, эх нь Facebook – т байдаг “Like” товчинд зориулж охиноо ийнхүү нэрлэжээ. Энэ товчийн тусламжтай Facebook- ийн хэрэглэгчид тэнд байрлуулсан аливаа холбоос, гэрэл зураг, видео бичлэг, бусад материал тэдэнд таалагдаж байгааг илэрхийлдэг билээ.

Охины эцэг Лиора Адлерын хэлснээр “Like” товч нь өнөөгийн ертөнц дэх хамгийн чухал визуаль дүрүүдийн нэг юм. Фэйсбүүкийн  донжоор дээш гозойлгосон эрхий хурууны энэхүү дүрслэлээр ОНС дэх сая сая хүн ямар нэгэн хэмжээгээр сэтгэл хөдлөлөө илэрхийлдэг. Энэ тал дээр Лайкийн аавтай маргашгүй.

Үүнээс гадна, Лайкийн эцэг, эхийн үзэж буйгаар, энэ содон нэр бол нэгдүгээрт, цаг үедээ ихэд зохицсон, хоёрдугаарт, маш ховор, хосгүй нэр гэнэ. Ямартаа ч энэ бол одоохондоо шүү дээ. Энэ үйл явц зөвхөн эхэлж байгаа ч юм билүү.

Ирээдүйд,  Твиттер, Скайп, Гуглток, Айпэд нэртэй эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд олон болж магад. Харин Питер, Диана, Максим, Маринагууд цөөрөх болов уу.

Үнэхээр, өнөөдөр бидний дунд Олимпиад, Владлен \Владимор Ленин\ , Рэм \Революция – хувьсгал, Энгельс, Маркс\ гэсэн нэртэй хүмүүс цөөнгүй.

Ихэнх эцэг, эхчүүд дэлхий ертөнц тэдний хүүхдүүдийн өсөхөөс ч түргэн хугацаанд өөрчлөгдөж байгааг ухамсарладаггүй нь харамсалтай. Фэйкбүүк, Лайк нар өсч том болохоороо: “Аав, ээж минь залуудаа ямар их хоцрогдсон сэтгэлгээтэй байсан байна вэ” гэж гайхаж магадгүй.