С.Бямбацогт: Олонх засгийн газраа байгуулж, цөөнх нь цөөнх шиг байя
УИХ дахь МАХН-ын бүлгийн залуу гишүүд эрх баригч хоёр нам зөвшилцөл нэрээр албан тушаалын наймаа хийж байна хэмээн хүчтэй шүүмжлэл өрнүүлсэн нь хэвлэлийнхний анхаарлыг татав. Ийм бодолтой гишүүдийн нэг С.Бямбацогттой ярилцлаа.
-УИХ-ын хаалтын чуулганы үеэр Ж.Энхбаяр гишүүн та хоёр намууд хамтарч байгаа бол хариуцлагаа хамтран үүрэх хэрэгтэй. Үгүй бол хоёр бүлэг нэгдвэл яасан юм гэсэн саналыг хэлсэн. Энэ бүхэн Монголбанкны дэдүүдийн томилгооноос үүдэлтэй юу?
-2008 оны сонгуулийн үр дүнгээр МАХН 35 суудал авч олонх болсон. Гэвч алийн болгон талцаж, маргаж мэтгэлцэж байх юм. Монгол Улсаа хөгжүүлэх, ард түмнийхээ сайн сайхны төлөө хамтарсан Засгийн газар байгуулах шийдвэр гарган ажиллаж байна. Харамсалтай нь хамтарсан Засгийн газар байгуулаад ард түмнийхээ тусын тулд хийж байгаа бодитой үр дүн гэхээр зүйл алга. Засгийн газрын мөрийн хөтөлбөр хэдэн хувьтай биелж байгааг хар даа. УИХ хөтөлбөрийг нь дэмжин идэвх чармайлт гаргаж ажилласан ч эргээд дүгнээд үзэхээр ард түмэндээ өгсөн амлалтаа биелүүлнэ гэх итгэл төрөхгүй байна. Хамтарлаа гээд зөвхөн албан тушаал, эрх ашгийг хуваалцан, хувийн болон намынхаа эрх ашигг нийцсэн шийдвэр гаргаад баймааргүй байна. Хариуцлага хуваах асуудлыг ярих цаг болсон. АН-д ашигтай байвал хамтарсан юм чинь хуваана гээд зүтгэнэ. Таалагдахгүй, ашиггүй болохоор бид сөрөг хүчин, цөөнх учир эсрэг байр суурьтай байна гээд хуралд оролцохгүй гацаадаг. АН-ынхан "Ууж идэхдээ уургын морь шиг, урагшаа гишгэхдээ ургаа хад шиг" байж болохгүй. УИХ, Засгийн газрын түвшинд хамтарсан шиг хамтарч ажиллая. УИХ-д олонх, цөөнх гэлгүй хоёр бүлгээ нийлүүлээд хамтран гаргасан шийдвэрээ хэрэгжүүлье. Олонх, цөөнх тусдаа байя гэж байгаа бол олонх нь дангаараа Засгийн газраа байгуулж цөөнх нь цөөнх шиг байя гэдэг саналыг хэлсэн.
-Засгийн газраа дангаар байгуулъя гэсэн санал гарах боллоо. АН хариуцлагаа хуваалцахгүй гэсэн болгоомжлол байна уу?
-Сонгуулийн амлалт, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн төлөө МАХН голлон ажиллах ёстой. Эцсийн дүнд ачааны хүнд МАХН-ьш нуруунд ирнэ. МАХН-аас сонгогдсон УИХ-ын гишүүд, МАХН-аас томилогдсон Засгийн газрын гишүүд үүнийг маш сайн ойлгож ажиллах хэрэгтэй. АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг "хариуцлагаа ч хуваана, сандал ширээгээ ч хуваана" гаж байгаа ч хэлсэн ярьсандаа хүрэх эсэхийг цаг хугацаа харуулна. Ийм үед манай нам тогтвортой, нуруутай бодлоготой байх ёстой. Ийм бодлогогүй, хий эргэсэн, өнөө маргаашаа аргацаасан байдлаар явбал улс орон яаж хөгжих юм. Амласан амлалт хэзээ биелэх юм гэдэгт санаа зовж байна. Энэ бодлоо байн байн хэлдэг боллоо. Үүнээсээ болж янз бүрээр хэлүүлж байна.
-УИХ-ын залуу гишүүд шүүмжлэл хэлэхэд "Парламентад орж ирээд хоёрхон жил болсон, юугаа ч мэдэхгүй байж" гэсэн үгээр амаа таглуулж байна?
-Шинэ, хуучин, залуу гишүүн байснаар үзэл бодол, боловсрол, мэдлэгийн ялгаа байна гэж бодохгүй байна. Ахмад хүн байвал бүхнийг чадна эсвэл хуучин сэтгэлгээтэй, залуучууд нь шинэлэг сэтгэлгээтэй гэж болохгүй. Хуучинсаг сэтгэлгээтэй залуучууд олон байна. Хөгшин залуу хэн ч бай хийж бүтээе гэсэн хүсэл тэмүүллээр ялгарч харагдах ёстой болохоос шинэ хүн мэдэхгүй, хуучин нь сайн гэсэн бодолтой хүмүүстэй эвлэрэхгүй.
-МАХН-ын нэр бүхий гишүүд бүлгийнхээ даргад шүүмжлэлтэй хандаж албан тушаалын тохироо, буулт хийхээ боль гэх болсон. Ийм байдлаар явбал дараагийн сонгуулиар хүнд байдалд орно гэдэгтэй санал нэг байна уу?
-УИХ дахь МАХН-ын бүлэг гаргасан шийдвэрээсээ эргэж буцах нь эргэлзээ төрүүлж байна. Монголбанкны дэд ерөнхийлөгч нарыг томилох үеэр АН-аас нэр дэвшсэн Золжаргалыг дэмжихгүй гэсэн шийдвэр гаргасан. Гишүүд байнгын хорооны хуралдаанаар бүлгийнхээ шийдвэрийг дагасан. Чуулганы хуралдаанаар бүлгийнхээ гаргасан шийдвэрийг хүчингүй болгож буулт хийснийг ойлгохгүй байна. Цас зудын гамшиг нүүрлэсэн үед гишүүд тойрогтоо очиж ажиллах хэрэгтэй байхад АН-ынхан манайхаас нэр дэвшсэн хүнийг томилохгүй бол намрын чуулганыг завсарлуулахгүй гээд барьцаалчихсан. Хамтарч байгаа нэрээр албан тушаал болгоны нөгөө талыг авах хэрэгтэй гээд зүтгэж байна. Тэр болгонд МАХН олонх байж буулт хийж байна. Буулт хийж байхаар АН-ын бүлгийн шийдвэрийг хүлээж байгаад шийдвэрээ гаргадаг байвал яасан юм. Бүлгийн шийдвэрээ дагасан гишүүд эвгүй байдалд орох боллоо.
-"МИАТ" компанийг хувьчлахгүй бол Монгол Улс авиа компанигүй болно гэсэн таны санал УИХ-д дэмжлэг авсангүй. Хувьчлах аж ахуйн жагсаалтаас хасч байгаа нь улс төрийн шалтгаан байна уу?
-"МИАТ" компанийг тойрсон олон төрлийн шахааны бизнес байдаг. Албан тушаалтнууд, тэнд ажиллаж байгаа удирдлагуудын түвшинд бизнесийн сүлжээ үүссэн. Үүнээс болж ашиг нь буурч, олон улс, орон нутгийн нислэгийн тоо цөөрлөө. Энэ хэрээр үнэ тариф нь өсч байна. Өнөөдөр "МИАТ" гуравхан онгоцтой атлаа 1600 хүн ажиллаж байна. Гэтэл "Изинис" компани гурван онгоцтой 200 хүн ажилладаг, "Аэромонголиа" компани хоёр онгоцтой 100 хүн ажиллаж байна. Москвад нэг тонн онгоцны түлш 740 ам.доллар, Сөүлд 700 ам.доллар байхад МИАТ-ынх 1200 ам.доллар. Ийм маягаар МИАТ-д орж байгаа орцууд нь өндөр, үйлчилгээ нь үнэтэй байгаа юм.
-МИАТ-ыг олон улсын авиа компанийн түвшинд хүргэх ямар боломж байна?
-Монголын төрд компанийнхаа 51-хувийг үлдээгээд 49 хувийг нь олон улсын нэр хүндтэй авиа компанид менежментийн хувьчлалаар өмчлүүлбэл ашигтай ажиллах боломжтой. Монгол Улс газар зүйн байршлын хувьд давуу талтай. Монголчууд Европ руу явахын тулд Бээжингээр дамжаад эргээд эх орныхоо дээгүүр нисдэг. Мөн Зүүн өмнөд Азиас АНУ, Европ руу явахдаа манай улсаар дамжвал хамгийн дөт зам. Ингэхээр олон улсын нэр хүнд бүхий авиа компанид хувьчилснаар нислэгийн тоо өсч, чанар нь сайжирна гэдэг үүднээс санал хэлсэн ч дэмжлэг авсангүй.