“Зуун айл” зах болон Төв цэнгэлдэх орчимд явган хүний гүүрэн гарц барина
Энэ онд нийслэлийн хэмжээнд 74 тэрбум 130 сая төгрөгийн авто зам, барилгын ажил хийгдэхээр төсөвлөжээ.
Энэ нь өмнөх оны төсөвт өртөгтэй харьцуулахад бараг гурав дахин буурсан үзүүлэлт аж. Ийн төсөв нь танагдсан хэдий ч чанартай автозам, барилга байгууламж барихаар зорьж байгаа гэдгийг Нийслэлийн автозамын газрын дарга Д.Нанзаддорж онцолж байсан юм. Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын хөрөнгө оруулалтын ажлын хяналтыг сайжруулах тухай захирамж энэ сарын 4-ний өдөр гарч, хэд хэдэн арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр болжээ.
Захирамжийн хүрээнд чанаргүй автозам барьж, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлдэггүй аж ахуй нэгж болон тэдгээрийг дахин дахин тендерт шалгаруулдаг тендерийн үнэлгээний хороо улмаар чанаргүй замыг нь хүлээж авдаг улсын комиссын бүрэлдэхүүн дэх төрийн албан хаагчдыг олон нийтэд зарлахаар болжээ. Дээрх нэрс ирэх сарын нэгэн гэхэд ил тод болох юм байна. Үүнтэй холбогдуулан нэг талаас үнэлгээний хороо, улсын комиссын гишүүд, нөгөө талаас чанаргүй автозам барьж тендерт хариуцлагагүй ханддаг аж ахуй нэгжид хуулийн ямар хариуцлага ноогдуулах талаар санал боловсруулахыг холбогдох албаныханд үүрэг болгожээ.
Түүнчлэн Сангийн яамны зүгээс хариуцсан зам барилгын тендерийн ажилдаа удаа дараалан хариуцлагагүй хандаж, чанаргүй автозам барьсан аж ахуй нэгжийг "хар жагсаалтад" багтаан цаашид тендерт орох боломжийг нь хязгаарлахаар болжээ.
Энэ жил нийслэлийн хэмжээнд 54.9 км автозам өргөтгөн шинэчлэх бол шинээр 40.4 км автозам барихаар төлөвлөжээ. Мөн есөн байршилд гадаргуугийн ус зайлуулах шугам, автомашины нүхэн гарц, явган хүний хоёр ч гүүрэн гарц болон байгалийн чулуун 1.84 км замыг энэ ондоо багтаан тавих аж. "Зуун айл" барилгын материалын зах болон Төв цэнгэлдэх хүрээлэн орчимд явган хүний гүүрэн гарц барихаар төлөвлөсөн бөгөөд гүйцэтгэгч компаниуд нь аль хэдийнэ тодорч ажлаа эхлүүлжээ.
Мөн Нарны замаас Соёолжийн төмөр зам доогуур гаран Их Монгол хорооллын замтай холбогдох 0.5 км авто зам, нүхэн гарц, Шарга морьтын амны 2.5 км авто замын шинэчлэлтийн ажил зураг төслийн шатандаа явж байгаа бол Налайх дүүрэг дэх Петровисын ШТС-аас Цайз захын замын уулзвар хүртэлх 1.3 км, Төв номын сангийн уулзвараас Улсын нэгдүгээр төв эмнэлэг хүртэлх 0.54 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын тендерийг зарлажээ.
Сансарын туннелийн 0.5 км авто замын шинэчлэлтийн зураг төслийг боловсруулж байгаа бол Хувьсгалчдын гудамж, Зурагтын шинэ эцсийн буудлаас Баянхошууны уулзвар хүртэлх 4.6 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын тендерийн шалгаруулалтын шатандаа явж байгаа гэнэ. Яармагийн гүүрний хоёр талын 0.5 км, Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Монел, Зүүн Алтан-Өлгийн 1.2 км зэрэг авто замын ажлын нээлттэй тендер шалгаруулалтын шатанд явж байна.
Энэ онд нийслэлийн автозамын төсөвт өртөг эрс багассан учраас өмнөх онуудад зам барилгын ажил нь эхэлж, энэ ондоо дуусах байсан хэд хэдэн автозамын ажил зогсонги байдалд оржээ. Тухайлбал "Жэй Кэй Си" компанийн тавьж буй Шарга морьт - Жигжидийн уулзвараас Гүнтийн даваа чиглэлийн таван км авто замын хучилтын ажил бүрэн хийгдсэн ч явган хүний замын ажил хийгдээгүй байна. МТ шатахуун түгээх станцын уулзвараас Хайлаастын эцэс хүртэлх "Хомын тал" компанийн 3.1 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн хучилтын ажил бүрэн хийгдсэн хэдий ч явган хүний зам, инженерийн шугам сүлжээний нь хийгдээгүй байна. Гэрээ ёсоор наадмаас өмнө бүрэн ашиглалтад хүлээлгэн өгөх ёстой.