Халуун цэг дээрээс Украйны сэтгүүлч мэдээлж байна
Украйны сэтгүүлч Сергей Мельничук
2014.03.24

Халуун цэг дээрээс Украйны сэтгүүлч мэдээлж байна

VIP76.mn сайтаас Украйны сэтгүүлч, Киев хотын оршин суугч Сергей Мельничуктай хийсэн ярилцлагыг хүргэж байна. Тэрээр Украйны Үндэсний Мэдээллийн агентлагт ажилладаг.

- Та энгийн нэгэн Украйн иргэний байр сууринаас ОХУ Крымд цэргээ оруулсан явдлыг юу гэж үзэж байна?

Крымд болсон үйл явдал бол Киевийн үе үеийн эрх баригчид алсын хараагүй, тулга тойрсон бодлого явуулсны үр дүн. ЗХУ задарч Украйн тусгаар тогтнолоо олсноос хойших 23 жилийн хугацаанд Крымын хөгжилд хангалттай анхаарал тавиагүй. Украйны төр засаг Крымын хойгтой төсөв хувиарлах, цэвэр ус, байгалийн хий, цахилгаанаар хангахаас өөр байдлаар харилцдаггүй байсан. Украйн, Крым хоёр хэлбэрийн хувьд нэг улсын бүрэлдэхүүнд байсан ч мөн чанартаа 23 жилийн турш тус тусдаа оршин тогтнож ирсэн. Крымын ард түмнийг соёл, оюун санааны үүднээс нэгтгэх ямар ч ажил хийгдээгүй. “Крымын асуудалд бид оролцохгүй, тэд өөрийн гайг өөрөө үүрэх ёстой" гэсэн байдлаар асуудлыг шийдэж байсан.

Украйны дүрвэгч ерөнхийлөгч Виктор Янукович. Гэрэл зургийг Татьяна Геросимова

Элдвийн юм яривал халуун усыг чинь таслана гэх маягийн. Ийм харьцаа юунд хүргэснийг бид харж байна. Крым ОХУ-ын бүрэлдэхүүнд орсноор байдал дээрдэх үү үгүй юу гэдэг өөр асуудал. Үгүй л болов уу. Гэхдээ цаг хугацаа бүгдийг харуулна биз. Маш олон зүйл Кремлийн байр сууринаас шалтгаална. Крымыг аялал жуулчлалын бүс болгох сонирхол хэнд ч алга. Учир нь Сочи хот уг байр суурийг хэдийнэ эзэлсэн. Крымын хойг Оросын түүхий эд олборлох бүс нутаг болно гэж бодож байна. Крымд их хэмжээний мөнгө цутгах хүсэл хөрөнгө оруулагчдад байхгүй.

- Цаашид үйл явдал хэрхэн өрнөх бол? Зарим ажиглагчид шинэ хүйтэн дайн эхэллээ, тэр нь халуун дайн болж ч магадгүй хэмээн үзэж байна.

Шинэ ертөнцийн шинэ дайн бол мэдээллийн болон эдийн засгийн дайн. Үйл явдал энэ зарчмаар цаашид үргэлжлэх байх.  Үнэндээ аль ч орон бодит дайнд бэлэн биш. Учир нь цэргийн ажиллагаанд асар их зардал ордог. Орос ч дайнд бэлэн бус. Дайн газрын тос, байгалийн хийг зүгээр л уудаг. Тиймээс Европ ч дайтах бодолгүй байна. АНУ болон Европын Холбооны орнуудын хийсэн мэдэгдлээс харахад нээлттэй мөргөлдөөнд хутгалдах сонирхолгүй нь харагдаж байна. Дайтна гэдэг ОХУ болон Европын Холбооны хувьд суусан мөчрөө хөрөөдөхөөс ялгаагүй зүйл. Эдийн засгийн нарийн харилцан уялдаатай бөгөөд Европ Оросын байгалийн хийнээс, Орос доллараас, харин доллар нь Европын болоод Азийн зах зээлээс шалтгаалж оршин тогтнодог.

Орчин үед хэн ч буу бариад дайтахыг хүсэхгүй.
- Оросын эрх баригчдын хууль бус хэмээн үзэж буй Украйнын өнөөгийн эрх баригчид үйл явдлын эргэлтэд нөлөөлөхүйц ямар нэгэн алхам хийж чадах болов уу?

Чадна гэж итгэмээр байгаа ч одоогийн байдлаар найдвар алга. Хоосон мэдэгдлээс хэтрэхгүй байна.

- Украйн ОХУ-аас харилцаагаа тасалснаар эдийн засгийн ямар үр дагавар гарах бол?

Маш муу гэмээр хоёр хандлага байна. Нэгдүгээрт АНУ Оросын байр суурьд нөлөөлөх шийдэмгий алхам хийх чадалгүй гэдэг нь тодорхой боллоо. Оросын хэдэн олигархын дансыг хаах нь Путинд ямар ч нөлөө үзүүлэхгүй. Эсрэгээрээ тэр Обамад баярлалаа гэж хэлэх байлгүй. Учир нь олигархуудын хөрөнгө эх орондоо буцаж ирнэ.

Украйны хямрал. Гэрэл зургийг Сергей Мельничук.

Хоёр дахь хандлага бүр ч дор. Орос Украйнд байгалийн хийгээ хямдралтай зарахаа болино. Украйны байгалийн хийн өр хоёр тэрбумыг давсан учир хоёр, гуравдугаар сарын мөнгөө төлж, урьдчилгаа төлбөрөө хийхгүй бол гэрээний дагуу үнэгүй газын үе өнгөрнө. Өөрөөр хэлбэл хоолоо хийх түлшгүй болно гэсэн үг.

Одоо Путинд хийгээд байх зүйлгүй замд таарснаа халааслаад явахад болно. Эхлээд Крым, дараа нь Зүүн өмнөд Украйн тэр чигээрээ. Яагаад гэвэл Оросын дэмжлэггүй Украйн улсад өлсгөлөн нүүрлэж, амьдралын түвшин 2-3 дахин доошилно.

Яагаад өлсөнө гээч. Хариулт энгийн. Олон жилийн турш Украйн гадаад худалдааны алдагдалтай байсан ч алдагдлыг шинээр өр тавьж түр зууртаа аргалсаар ирсэн. Оросын зах зээлээс хаягдвал Украйны эдийн засаг дампуурах нь гарцаагүй.

Украйн дахь Оросын байгалийн хийн хоолойн сүлжээ. Хэрэв Украйн Оросоос хямдралтай байгалийн хий авахаа боливол улам хүнд байдалд орно.

Украйнд хэрэглэж буй бүх бүтээгдэхүүний 40 хувийг гаднаас импортолдог бөгөөд бүх тооцоог доллар, еврогоор хийдэг. Ялангуяа газрын тос, байгалийн хийг гаднаас авдаг учраас энэ нь барааны өөрийн өртөгт шууд нөлөөлж, экспортын барааны өрсөлдөх чадварыг бууруулна. Дотооддоо үйлдвэрлэсэн жаахан бараагаа экспортолсон ч орлого нь бүх хэрэгцээг хангахад хүрэхгүй учраас хаа нэгтээ хүүтэй доллар зээлэхээс өөр аргагүй.

  1. Энэ онд төлөх ёстой Украйн өрийн хэмжээг тоочьё.
  2. Төлөгдөөгүй өрийн хүүгийн хэмжээ дөрвөн тэрбум доллар
  3. Өнгөрсөн оны байгалийн хийн өр хоёр сая доллар
  4. Ю.Тимошенкогийн «нэрэмжит» байгалийн хийн гэрээг зөрчсөний торгууль 12 тэрбум доллар
  5. ОХУ-ын худалдаж авсан Украйны евро бондын хэмжээ гурван тэрбум доллар
- Путины хувьд цаашид ямар ч алхам хийх шаардлагагүй гэж үзэж байна уу?

Хийдгээ тэр хэдийнэ хийсэн. Түүний хувьд дараах хэдэн «болохгүй»-г л баримтлах хэрэгтэй.

  • Цаашид Украйны дотоод хэрэгт шууд оролцож, мөн бусад орныг оролцуулж болохгүй. (биелүүлсэн)
  • Онц шаардлагагүй бол дахиж цэрэг оруулж болохгүй. (биелүүлсэн)
  • Украйны эрх баригчдыг хүлээн зөвшөөрч болохгүй, тэдэнтэй шууд харилцаанд орж болохгүй. (биелүүлсэн)
  • Байгалийн хийг хөнгөлөлттэй зарж, зээл өгч, Украйны барааг Оросод нийлүүлж, өнөөгийн өр зээлийн төлөх хугацааг сунгаж болохгүй. (биелүүлсэн)
  • «Дэвшилтэд барууны» үглэж, яншихыг анхаарч болохгүй, тэднийг мэдээллийн орон зайд цаг хожих бололцоог бүрдүүлж болохгүй. (биелүүлсэн)
  • Украйн дахь Орос иргэдийг дарлуулж болохгүйн зэрэгцээ Крым болон Зүүн өмнөд Украйн дах эсэргүүцлийн хөдөлгөөнийг хүчээр дарж болохгүй. (биелүүлсэн)
  • Хамгийн чухал нь яарч болохгүй, бүх зүйл өөрийн голдрилоор болж өнгөрөх ёстой. (биелүүлж байгаа)