Л.Гантөмөр: Шинэ бодлого тойрч бужигнаасай
2011.02.07

Л.Гантөмөр: Шинэ бодлого тойрч бужигнаасай

-БАР ЖИЛ ЯМАР БАЙВ.ТУУЛАЙ ЖИЛИЙГ ХЭРХЭН ТӨСӨӨЛЖ БАЙНА ВЭ?

Бар жил өнгөрч туулай жил ирлээ. Өнгөрсөн онд Монголын улс төрийн амьдрал хэрхэн өрнөв. Сонгуулийн өмнөх туулай жилд уяс төрийн хэмнэл ямар аястай байх бол. Энэ талаар УИХ-ын зарим гишүүний бодлыг хуваалцлаа.

Л .Гантөмөр:-Бар жилд нэлээд шинэлэг хандлагууд бий болгож чадлаа. Бизнесийн салбар дахь төрийн оролцоог багасгах талаар чамлахааргүй зүйл хийсэн. 100 гаруй тусгай зөвшөөрлийг хүчингүй болголоо. Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойг амжилттай тэмдэглэв. Монголчууд орчин үеийн бизнес хийх боловсролтой байх ёстой. Энэ чиглэлээр эдийн засгийн эрх чөлөөг хангах, боловсролын салбарт тодорхой дэв-шил гаргах бодлогоо тодорхойллоо.Төсвийн тогтвортой байдлын тухай хууль батлагдсанаар төсвийнхөө ирээдүйн хандлагыг харж чаддаг боллоо. Уул уурхайгаас хамааралтай орны хувьд орж ирсэн мөнгийг шууд үрэн таран хийхгүй, түүгээрээ тодорхой хуримтлал бий болгож, эдийн засгаа дэмжсэн бодлого явуулахад хууль үр дүнгээ өгнө гэж найдаж байна. Монголчууд Үндсэн хуулиа хамгаалалттай болгож чадав. Ингэснээр, монгол Төрийн ардчилсан тогтолцоог хамгаалах болно. Тулгамдсан асуудлаар ард түмнийхээ дунд санал асуулга явуулж шууд ардчиллын хэлбэрийг хэрэгжүүлж эхлээсэй. Санал асуулгад хэдэн ч хүн оролцож болно. Тэдний олонхын шийдвэр нь ард түмнийх байдаг. Миний хувьд тойргийнхоо сонгогчдын дунд шууд ардчиллын зарчмыг хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөөд байна. Аливаа асуудлыг шийдвэрлэхдээ ард түмнээсээ асуудаг байх хэрэгтэй.Ийм суурь бүрдлээ.Сонгуулийн өмнөх жил болохоор маргаан мэтгэлцээн нэлээд гарах байх. Гэхдээ дээр хэлсэн хандлагыг тойрч мэтгэлцээн өрнөөсэй. Энэ суурин дээр Монголын улс төр бужигнаасай гаж хүсэж байна. Түүнээс бус орон зай булаацалдсан, ард түмний амьдралаар, төрийн хүчгүй байдлыг ашиглаж тоглосон улс төр бүү өрнөөсэй гаж хүсэж байгаа.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.