2008.01.01

Л.Гантөмөр: АН-д дарга фракцынхнаас л албан тушаалын сонголт хийгддэг

Энэ удаагийн «Өглөөний зочин»-оороо бид УИХ-ын гишүүн Л.Гантөмөрийг урилаа. УИХ-д удаа дараа сонгогдож байгаа эл эрхэм үе үеийн Засгийн газрын болон төрийн албаныхны хувьд «Хатуу самар» нь байсаар ирсэн. Учир нь тэрээр тэдний хэт тансаглалын эсрэг цочир сонин шийдвэрүүдийг санаачилсаар ирсэн юм.

-Гишүүд тойргоороо нэг л эргэлдэхгүй байх шиг. Энэ нь алдарт 1,5 сая төгрөгтэй холбоотой гэсэн хошигнол гарсан байна лээ. Уулзалт хийхээр шууд л тэр мөнгийг нэхэж байна гэсэн?

-Энэ ойлгомжтой шүү дээ, 1.5 сая төгрөгийг өгөөч ээ гэж ард түмэн нэхэхээс өөр аргагүй. АН бол тухайн үед нэг сая төгрөгийг бэлнээр олгоно гэсэн бодлого бариагүй. Ямар ч байсан уул уурхайн томоохон компаниудын хувьцаанаас Монголын иргэн бүр эзэмшиж ногдол ашиг авдаг болъё гэсэн мөрийн хөтөлбөр гаргасан.

Үүнийг танай сонины уншигчид санаж байгаа байх. Харин бэлнээр 1.5 сая төгрөг олгодог болъё гэсэн мөрийн хөтөлбөрийг МАХН сонгуулийн хуулийг зөрчин байж гаргаж ирсэн. Энэ хөтөлбөрийг биелүүлэхийн тулд ажил хийх ёстой. Биелүүлэх ч үүрэгтэй. Ингэхгүй бол ард түмний төрдөө итгэх итгэл нь алдарна.

Үүнийг бодож тооцоолсон байхаа гэж бодож байна. Тэр хийсэн тооцоо нь зэсийн хэт өндөр үнэ дээр хийгдээгүй гэж найдаж байна. Ямар ч байсан гол бодлого нь уул уурхайн салбарыг, эдийн засгийнхаа өсөлтийг бүхэлд нь харсан, эдийн засгийн суурь тогтолцоог эргэж харах тал дээр гаргасан бодлого болов уу гэж би хувьдаа найдаж байгаа юм. Эрдэнийн хувь, Эх орны хишиг гэх хөтөлбөрийг хэрэгжүүлэхгүй удах эрх энэ УИХ-д байхгүй.

-Эдийн засгийн хямралтай энэ үед АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга албан ёсоор зарлагдаагүй байхдаа урьдчилан тангаргаа өргөөд ажилдаа орж байна. Гэтэл манай УИХ завсарлага энэ тэр гээд гараа хумхиад сууж байх юм. Та нар заавал завсарлах шаардлагатай байсан юм уу?

-УИХ энэ цаг үед завсарлах шаардлага үнэхээр байгаагүй. Өдийд УИХ ямар нэгэн функцээ ашиглаад энэ хямралд Монгол Улсыг аль болох өртүүлэхгүй байх бодлогыг тодорхойлж байх ёстой шүү дээ. Гэтэл энэ чиглэлийн ажлууд хийгдэхгүй байна. Бид завсарласан хэдий ч ирээд хуулиуд дээрээ сууж байна л даа. Гэхдээ л хуралдаж байж шийдвэр гаргадаг байгууллага учраас хуралдаж, ярилцах хэрэгтэй. Хөдөө орон нутагт Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ байгаа нь «Үнэхээр УИХ-аар хийлгэх ажлаа олохоо байчихсан Засгийн газар маань одоо өөрсдөө хийх ажлаа олохгүй тэнээд эхлэв үү» гэх болгоомжлол төрж байна. Тэр хүмүүст хөдөө орон нутгаар явж янз бүрийн спортын наадам уралдаан зохион байгуулах зав байх учиргүй. Тэд хямралыг биеэрээ амсахгүй, мэдрэхгүй байна.

-Хоёр толгой бол байдаг л нэг бизнесийн салбар-
-Таны сууж байсан өмнөх парламентын үед зэсийн үнийн хөөрөгдөлт хамгийн дээд цэгтээ хүрсэн. Тухайн үеийн эрх баригчдын тооцоолоогүй гаргасан халамжийн үйл ажиллагаанд өнөөгийн Засгийн газар чирэгдээд байгаа юм биш үү?

-АН-ын 2004 оны бодлого нь халамжийн төлбөрийг хумих, ямар ч ялгаваргүй хэлбэр дээр суурилсан халамжийн бодлого явуулах чиглэлтэй байсан. Хэтэрхий замбараагүй байсан халамжийн бодлогыг хүүхдийн мөнгөн дээр төвлөрүүлэх саналыг гаргасан. Энэ нь өөрөө их шударга байсан гэж би боддог. Гэтэл тухайн үед аль ч нам нь ялаагүй болохоор тэнцүү суудалтай байсан МАХН-аас гарсан ахмадууд, залуу гэр бүлд зориулсан мөнгө гэхчлэн хүүхдийн мөнгийг баллуурдах хэмжээний хөтөлбөрүүдийг УИХ-аар батлуулан ажил болгож байсан. АН-ын гишүүдийн хувьд хүүхдийн мөнгө нь Монгол улсын ойрын үеийн халамжийн суурь бодлого байгаасай гэсэн зорилгоор зарим үед буулт хийж тэр их олон төрлийн халамжийн хөтөлбөрүүдийг дэмжиж байсан нь алдаа болжээ гэж би боддог. Жишээлбэл залуу гэр бүлийн 500 мянган төгрөг ямар ч залууст тус нэмрээ өгч байгаа нь харагдахгүй л байгаа шүү дээ.

Ер нь хүн болгон мөнгө олгогч болж хувирах аюул өнгөрсөн парламентын үед харагдсан. Жаахан мөнгөтэй болмогцоо цамаан зарж байсан. Миний хувьд «Эдгээр зарлага чинь буруу байна. Хэт үрэлгэн төсвийн бодлого Монгол Улсыг унагана аа. Голланд өвчинд нэрвэгдлээ шүү. Наад бодлогуудаа эргэж хараач ээ» гээд санаачлагууд гаргаад явж байсан. Засгийн газар төсвийн үрэлгэн зардлыг нэмэгдүүлсэн хөтөлбөрүүдийг зогсоох чиглэл рүү ажиллах ёстой байсан. Гэтэл Засгийн газар тэгж чадсангүй. Тэгж чадахгүй байгааг нь хараад асар их алдаа манай засаг төрд нүүрлэчихсэн байна гэж дүгнэхэд хүрсэн. Төрийн албанаас ард иргэдийн амьдралд оролцох оролцоо дэндүү их байна. Энэ бол бидний хэдэн улс төрчид, төрийн албаны нөхдөд ард түмнээ удирдахыг оролддог, захирдаг, авилгал нэвт шингэсэн төрийн алба бий болсонтой холбоотой. Энэ л хамаг алдааны суурь болсон.

УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газрын гаргаж байгаа шийдвэрүүд нүдэн дээр ил харагдаж байдаг. Нийгмийн судлаач, зүтгэлтнүүд «Төрийн тогтолцоо» ч юм уу иймэрхүү яг нүдэн    дээр харагдаж байгаа хэлбэрүүд дээр дүгнэлтээ гаргаж тавиад байна л даа. Би бол яг төрийн суурь алба үйлчлэх үйлчлэлийн хүрээндээ юу хийх юм, нөгөө талаасаа эдийн засгийн өсөлтийг авчрах төрийн бодлого гэж юу байх юм. Эдийн засгийн суурь механизм байна уу, үгүй юу гэх мэт бодлогын шинж чанартай, яг бодитой нөлөөлж байгаа нөлөөллүүдийг хармаар санагдаад байгаа юм.

-2007 онд мөнгөтэй байхдаа Оюу толгойн гэрээг Засгийн газраас оруулж ирэхэд иргэний хөдөлгөөнүүд, зарим улстөрчид хангалттай эсэргүүцсээр хойшлуулсан.     Гэтэл     өнөөдөр мөнгөгүй болоод эдийн засгийн хязгаарлагдмал байдалд орчихсон хүнд үедээ эдгээр гэрээг ярих нь хэр оновчтой вэ. Тэртэй тэргүй үр дүн нь шууд гарахгүй шүү дээ?

-Хоёр толгойн гэрээний асуудал хэвлэл мэдээллийн хэрэгслээр явж байгааг хараад би «Монголчууд бид үнэхээр, үнэхээр залхуу ард түмэн юм» гэж бодож байна. Харин залхуу болсон шалтгааныг нь сайн хэлж мэдэхгүй байна. Хөдөөгийн нүүдэлчин соёлдоо байна уу, эсвэл их том эзэнт гүрний хаадын үр сад учраас ийм байдаг юм уу, эсвэл социализм гэдэг тэр айхтар машинд ороод машиндуулчихсан болохоороо «Залхуу»-д идэгдээ юү бүү мэд. Хоёр толгойгоор Монголчууд баяжаад сүйд болчихно гэдэгт би л лав итгэхгүй байна. Энэ бол байдаг л уурхайнууд, байдаг л бизнесийн үйл ажиллагаа. Үүнийг хэтэрхий улс төржүүлээд л, эндээс томоохон ашиг орлого олно гэж бодож байгаа нь зүгээр л бэлэнчлэх сэтгэлгээний илрэл. Энэ хоёр л Монголчуудын хувь заяаг шийднэ гэж ярьж байгааг би хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Монголчуудын хувь заяа бол Монгол төрийн зөв менежмент, зөв бодлоготой л холбоотой. Үнэхээр татвар төлөгчдийн мөнгөөр амьдарч байгаа төрийн албаны 130 гаруй мянган хүмүүс Монгол төрд өргөсөн тангарагтаа үнэнч байж, бие сэтгэл зүрх, оюун ухаанаа бүрэн дайчилж чадвал хоёр толгойтой, толгойгүй хөгжинө өө.

Ер нь дэлхий дээр олон тэрбумтан байсан ч тэр дундаас өлбөрч үхсэн нь бас олон л байдаг шүү дээ. Мөнгө байна гэдэг насан туршдаа баян байна гэсэн үг биш шүү дээ. 14 тэрбум төгрөгийг банкных нь нягтлан бодогч ганцхан жил мөрийтэй тоглоод л алдсан биз дээ. Ингээд бодоход Монголын ирээдүй өнөөдрийн дэлхий ертөнцөд Монголчууд ямар байхаас л шалтгаална.

-Засгийн газарт орохгүй гээд зугтаад байгаа ч хүн алга-
-Гудамжинд явж байгаа хэн нэгнийг бодвол УИХ-ын гишүүн танд сайд болох боломж илүү байгаа шүү дээ. Гэтэл та үе үеийн хамтарсан Засгийн газарт өөрөө орохгүй мөртлөө хөндлөнгөөс шүүмжилсээр өнөөдрийг хүрлээ. Та яагаад өөрөө ханцуй шамлаад орж болдоггүй юм?

-Миний хувьд дөрвөн Засгийн газар байгуулагдахыг нүдээрээ харж хажууд нь байлаа. Томоохон бүлэглэлүүдийн төлөөлөл ордог л ДҮР зураг Монголд бий болчхоод удаж байгаа юм биш үү.

Түүнээс биш «Би оръё» гээд Засгийн газарт орчихдог юм биш, гэхдээ «Би орохгүй ээ» гээд зугтаагаад байгаа ч хүн алга. Ер нь залуучуудад боломж олгох тал дээр АН-ын нөлөө бүхий нөхдөд юм бодох хэрэгтэй юм шиг санагддаг. АН ялагдаад байгаа ганц үндсэн шалтгаан бол залгамж халаагаа бэлтгэж чадахгүй байгаа явдал. Өөрийнхөө намыг шинэчилж чадахгүй, өнөөдрийн нийгэмтэй хөл нийлүүлэн алхах боломжийг бүрдүүлж чадахгүй байгаагаас болж байгаа юм.

Хятадын нэг өвгөн манай найзад «Бид даргаа сонгсдоггүй, дээрээс томилогдож ирдэг. Тэгэхэд их сайн хүн томилогдож ирээд байх юм. Гэтэл та нар даргаа өөрсдөө сонгодог мөртлөө аль мууг нь сонгоод байх юм. Энэ ямар учиртай юм» гэж байсан гэсэн. Учир нь энэ улс орны төлөө нойр хоолоо хасаад ажиллаж чадах хүмүүсийг ард түмэнд санал болгох үүрэг нь улстөрийн намуудад байдаг. Гэтэл намууд энэ үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаа учраас төрийн бодлого зөв гарахгүй, зөв явахгүй байна гэж би боддог.

Жишээлбэл манай АН-д л лав Монгол төрийн төлөө зүтгэх энэ залууг ингэж бэлтгэе гэх бодлого байхгүй. Байгаа ч үгүй. Өнөөдрийг хүртэл бүхэл бүтэн АН гэдэг намын дэмжлэгтэйгээр гадаадад сураад бэлтгэгдэж байгаа боловсон хүчин алга, хүний нөөцийн бодлого ч гэж байхгүй. Тойрон хүрээлж байгаа, тодорхой фракциудад ордог, эсвэл тухайн үеийнхээ даргатай ойлголцож байгаа байдлаар нь л сонголт хийгдээд байх шиг байна л даа. Зүй нь АН ирэх сонгуульд оролцох залуучуудаа өнөөдөр бэлтгэж байх ёстой л байхгүй юу. Энэ төрийг барих хүн ийм шалгуур хангасан байх хэрэгтэй гээд гаргах ёстой болохоос сонгуулийн өмнө мөнгөтэй хэн нэгнийг ард түмэнд санал болгож болох уу. Тэгээд цаадах нь намын өмнөөс ард түмний төлөө ажиллаж чадна гэх баталгаа хаана байна. МАХН бол 1996 оноос хойш үе солих, нийгэмд хэрэгтэй хүмүүсийг гаргаж ирэх тал дээр илүү ажилласан юм болов уу гэж боддог. Энэ бол хувь хүний асуудал байгаагүй гэх үүднээс асуултад чинь дэлгэрүүлээд хариулчихлаа.

-АН-ын доторх фракц, бүлэглэлүүд одоо хэнд ч нууц биш болчхоод байна. Та харин «Эсэргүү 13»-т багтаж байгаа байх аа?

-«Эсэргүү» гэхээсээ илүү Засгийн газарт итгэхгүй байгаа   гэх   хэсэг   хүмүүс шүү дээ. «МАХН 1.5 сая төгрөгийг бэлнээр олгон гэж амласан нь бүтэхгүй ээ. Ийм бүтэхгүй зүйлийн ард түмний өмнө очиж хамгаалахын тулд Засгийн газарт орох учиргүй юм» гэх хандлагатай, бодолтой, ар түмний амьдралыг авч яваа чадвар байна уу, үгүй юу гэдэгт эргэлзэж байгаа хүмүүс гэж би тэр Р.Амаржаргал гишүүнээр ахлуулсан нөхдийг харж байгаа юм. Тэр хүмүүсийн хувьд намай эргэлзэж байгаа хүн гэж харж байгааг би үгүйсгэхгүй. Гэхдээ яг үнэндээ дотор нь ороод ажиллагаа зохион байгуулцгаая гээд оролцоод байгаа байдал миний хувьд алга байна.

-Гэгээлэг бодлын чинь араас “хутга шаагаад” байгаа юм биш үү-
-С.Эрдэнийн асуудлаа АН-ын бүлэг гүйцэтгэх зөвлөлтэйгөө хамтран хуралдахад таныг нэлээд өндөр дуугаар байр сууриа илэрхийлсэн гэж сонссон. Та үнэхээр «Хамтарсан Засгийн газрын хувь заяатай ярих хэрэгтэй» гэсэн саналыг тэр хурал дээр гаргасан юм уу?

-Би өндөр дуугаар яриагүй, надад өндөр дуугаар ярих сэтгэлзүйн нөхцөл байгаагүй. Бид намынхаа гуравдах том даргыг шоронд илгээчхээд сууж байна шүү дээ. «МАХН бидэнтэй хамтарч ажиллах санал тавьсных нь дагуу АН хүлээж аваад хамтраад явж байгаа. Ингээд хамтраад ажиллая гэсэн гэгээлэг бодолтой байхад цаадуул чинь араас «Хутга шаагаад» байгаа юм биш үү» гэсэн санааг би тэр хурал дээр илэрхийлсэн. Харин шүүх процедурт Засгийн газрын оролцоо байна гэсэн хардлага байсан учраас би эмзэглэж байгаа юм.

Дэд сайдынх нь явуулсан бичгийг тухайн салбарынх нь сайд «Буцаа» гэдэг үүрэг өгсөн, мөн «УНДГ хохиролгүй» гэсэн бичиг явуулсан газрын даргыг ажлаас нь халсан гэсэн мэдээлэл ч ирсэн. Үүнд би хувьдаа эмзэглэж байгаа юм. Яагаад төрийн өндөр албан тушаалтай хүн явуулсан бичгээсээ буцах ёстой гэж. Яагаад өөрийнхөө байгууллагын хэрэгтэй холбоотой тодорхойлолт хийсэн дарга ажлаасаа халагдаж байгаа юм гэсэн асуулт гарч байгаа байхгүй юу. Үүний ард «АН муухай» гэж ойлгуулах, хараар будах гээд байгаа юм биш үү гэсэн хардлага өөрийн эрхгүй төрсөн. Энэ утгаар нь л тэр хуралд үгээ хэлсэн. Тэгээд ч МАХН-тай хамтарч ажиллаж чадах уу гэсэн асуудал өөрийн эрхгүй төрж байгаа юм.

Уг нь тэр газрын дарга, дэд сайдын явуулсан бичгийн хойноос биш энэ улс оронд тулгамдаад байгаа асуудлын хойноос энэ Засгийн газар явдаг байгаасай гэж хэлсэн юм. Хэрвээ түүний төлөө явж чадахгүй, удахгүй сонгууль болно гэсэн сэтгэлээр ажил хийж байгаа бол бидний хувьд хамтарч ажиллаад байх нь утгагүй. Бид бол ялагдчихсан хүмүүс. Ялагдчихсан хүмүүс тодорхой амлалт аваад ялчихсан хүмүүсийн өмнөөс ажил хийнэ гэдэг бол надад сонирхолгүй л санагдаж байгаа юм.

Уг нь энэ хэцүү цагийг хамтраад давчих ёстой гэдэг үүднээс Засгийн газрыг хамтран байгуулахыг дэмжиж байсан гишүүдийн нэг. Ингээд нэг нэгнийгээ унагаад, чөдөр тавиад явуургүй ажил хийгээд байх юм дэмий байх аа гэж би хувьдаа бодож байна.

-Гадаадад байгаа монголчууд маань эдийн засгийн хямралаас болоод гэр орон-доо харьж чадахгүй гудамжинд гарч байгаа тухай ид яригдаж эхэллээ?

-Чехийн Элчин сайдын яамнаас виз олгохгүй гэсэн мэдэгдэл хийж байхыг сонссон. Тэнд 13000 Монгол хүн ажиллаж байгаагаас 2000 нь ажилгүй болчихсон гэсэн. Тэдний ихэнх нь эмэгтэйчүүд байгаа болохоор хүний наймаанд өртөх магадлал өндөр. Манай иргэд гадаадад ажлын байраа алдаад гудамжинд гарчихсан байхад төр ямар нэгэн зүйл хиймээр байна. Үүнийг би танай сониноор дамжуулаад хэлэхэд хэвлэлийнхэнд, ГХЯ-нд тэр олон монголчуудыг эх оронд нь буцаах талаар ямар нэгэн хөдөлгөөн өрнүүлэхийг хүсэж байна. Ганцхан Чех ч биш, Япон, Солонгост ч ялгаагүй. Ажилгүй болсон хүмүүсийг эх нутагт нь авчрахгүй бол ажил хийж байгаа хэсэгтээ садаа болох, уруу татах цаашилбал улс орныхоо нэрийг унагах асуудал гардаг. Иймээс гадаадад ажилгүй болж байгаа Монголчуудын асуудалд онцгой анхаарах хэрэгтэй.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.