Л.Гантөмөр: Би МАХН-ын даргын үгэнд л итгэдэг.
Манай намын дарга байсан хүмүүс тэтгэвэрт гарахаас нааш энэ үзэл арилахгүй ээ.
-Таныг “Эрдэнийн хувь” бүлэглэлд элслээ л гэсэн. Маргааш нь бүлгийн дэд даргаар сонгогдсон. Хоорондоо холбоотой юу, эсвэл “Эрдэнийн хувь”-ийн квот байв уу?
-УИХ дахь АН-ын бүлэг байгуулагдах үед л намын удирдлагуудаас бүлгийн дэд даргын ажлыг хийгээч ээ гэдэг санал удаа дараа тавьж байсан. Миний хувьд бүлэг маань эхлээд бүтэн байх ёстой, дараа нь удирдлагаа нэг мөр шийдэх шаардлагатай гэсэн байр суурьтай байсан. Мэдээж, "Эрдэнийн хувь"-ийн гишүүд бүлгийн дэд дарга болоход дэмжсэн. Санал ч тавьж байсан. Ялангуяа, Эрдэнэ гишүүн, Амаржаргал гишүүн хоёр "Энэ ажил дээр чи оч оо, бидэнд дөрвөн жилийн хугацаанд ард түмэнд амласан амлалт бий. Хэдийгээр ялагдсан ч гэсэн амлалтынхаа төлөө явах хэрэгтэй байна. Арван зөв бодлогыг хэрэгжүүлэхийн төлөө ажиллая" гэдэг санал тавьж байв. Бүлгийн гишүүд бүрдчихлээ. Засгийн газар байгуулагдаад жил гаруйн хугацаа өнгөрсөн, сонгуулиуд дуусчихлаа. Гол бодлогодоо
ханцуй шамлан орох ёстой гэж би бодсон. Тэгээд саналыг хүлээж авсан даа.
-Бүлгийн ахлагч нь "Алтангадас" фракцынх учраас "Эрдэнийн хувь-д дэд даргыг квотоор еглөө гэж ойлгосон шүү дээ. Гүйцэтгэх зөвлөл дээр ч ингэж ярьсан юм биш үү?
-Үгүй байх аа. Бүлгийн хурал дээр гишүүд Алтанхуяг даргаас асууж байсан. Ямар нэгэн фракцын төлөөлөл гэж энэ албанд очиж байгаа юм биш биз дээ гэхэд Алтанхуяг дарга, "Тийм юм байхгүй ээ, бүлгийн гишүүд дундаасаа сонголт хийдгийн дагуу сонгож байгаа. Энэ уламжлалын дагуу Гантөмөрт итгэл хүлээлгэх нь зөв гэж бодож байна гээд Гүйцэтгэх ЗӨВЛӨЛД санал болгосон. Гүйцэтгэх ЗӨВЛӨЛ дэмжсэн учир бүлгийн хуралд оруулж байна" гэсэн. Ийм тайлбар намын дарга хийж байсан.
-Ямар нэг малгайн дор нэгдэхгүйгээр явж бол-доггүй гэж үү. Яагаад та энэ бүлэглэлд нэгдэв ээ. Тэмүүжин гишүүн бол "Манай залуус фракцлагддаггүй" гэж итгэл дүүрэн хэлж байна лээ.
-Ер нь угшил хөөвөл би МҮДН фракцын хүн шүү дээ. Одоо ч тэндээ харъяалагддаг. Тэр нөхдийнхөө дунд явдаг. Ер нь улс төрд фракц гэдэг ойлголт байдаг. Тодорхой асуудал дээр ойлголцоход хялбар нөхдийн цугларалт байдаг л даа. Түүнээс биш фракцаас ийм шийдвэр гарлаа, дагаарай, мөрдөөрэй гээд байдаггүй.
-Харин ч бүр нам доторхи нам юм биш үү. Бүлэглэлийн гишүүн боллоо гээд гар хөлийн үсэг зурцгаадаг гэцгээх юм?
-Тийм хатуу зохион байгуулалт байхгүй ээ. Зүгээр цаг үеийн эгзэгтэй асуудлуудаар санал бодлоо солилцдог, тодорхой улс төрийн албан тушаал гарахад хэн нэгнийгээ дэмжиж ярилцдаг. "Эрдэнийн хувь" ч тийм хатуу гишүүнчлэгдсэн фракц болоогүй. Эрдэнийн хувийг яаж олон түмэндээ хүргэх вэ, сонгуулийн амлалтаа яаж биелүүлэх вэ гэдэг чиглэлийн бодлого дээрээ хатуу байцгаая гэж л нэгдэцгээсэн. Дарга цэргээ сонгоод, гарын үсэг зураад явсан юм байхгүй. Түүнээс биш, "Эрдэнийн хувь"-ийг малгай болгоод түүнээсээ хамгаалалт хүсээд байгаа юм биш. Ер нь бол би залуучууд фракцлагдахаас аль болох зайлсхийх ёстой гэж боддог. Яагаад гэвэл фракцууд сонгууль дөхөхөөр л амь орж эхэлдэг. Тэр үед УИХ-ын болон орон нутгийн сонгуульд залуучуудыг дэвшүүлэх процесс дандаа ард нь үлдээд байдаг. Фракц гэлгүйгээр, угшил гарал гэлгүйгэр явъя аа гэдэг дээр манай залуус бодлогоо нэгтгэх гээд оролдоод байгаа.
-Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө уг нь АН-ын залуусын энэ үг нэлээд хүчтэй сонсогдож байсан.
-"Нэг ардчилал" клуб шүү дээ. Бид ардчиллын төлөө явж байгаа залуус.
-Улс орнуудын парламентад янз бүрийн лобби бүлэглэл бол байдаг. Харин манайх үүнийг эдийн засаг, эрх мэдлийн төлөө л ашиглах юм. Энэ фракцуудаас жишээ нь, хэзээ АН салах вэ?
-Манай нам асар олон намын нэгдэл шүү дээ. Нэг намд олон жил явахад бие биеэ ойлгох үзэл хамаагүй нягтардаг. Энэ намуудад байхдаа олсон нөхөрлөл өнөөдөр хүртэл тавигдахгүй яваад байгаагаас л фракц гэдэг ойлголт гараад байгаа байх. Энэ ойлголт 1990 оны үед байгуулагдаж байсан намын дарга нар, удирдлагууд тэтгэвэртээ гарахаас нааш арилахгүй биз дээ. Гэхдээ хүссэн хүсээгүй улс төрд бие биеэ ойлгодог хүмүүсийн хүрээлэл байна. Харин үүнийг эрх мэдэл, бизнесийн сонирхлоос хол байлгах л хэрэгтэй. Эрүүл ойлголцол руу явах хэрэгтэй.
-УИХ дахь АН-ын бүлэглэлүүдийн ялгарал уржигдар илт харагдаж байсан. Намын бүлгүүд хуралдахын өмнө "Эрдэнийн хувь"-ийнхан Амаржаргал гишүүний өрөөнд, "Алтангадас"-ынхан Сайханбилэг даргын өрөөнд цуглараад л. Гэхдээ бүлгийн шийдвэрээр АН зургаан сайдаа үргэлжлүүлэн ажиллуулах боломжтой гэсэн. Бүлэглэлүүд тухайлбал, "Эрдэнийн хувь"-ийнхан сайд нарыг хангалттай сайн ажиллаж байгаа гэж үзсэн үү?
-АН-ын бүлэг хэн нэгэн сайдыг солиод оронд нь хүн санал болгох хуулийн орчин байхгүй. Сайдыг санал болгох эрх Ерөнхий сайдад л бий. Ерөнхий сайд энэ зургаан сайдаа хадгалмаар байна, үргэлжлүүлэн ажиллуулъя гэсэн. Үүнийг манай бүлэг хүлээж авсан.
-Ямар ч шүүмжлэлгүйгээр үү?
-Манай бүлэг Засгийн газрыг цаашид тогтвортой ажиллуулахын тулд юу хийх вэ гэдгийг л ярьсан. Хамгийн гол нь шинэ Ерөнхий сайдын бодлого зорилт өмнөхөөсөө өөрчлөгдөх үү, үгүй юү. Дөнгөж Засгийн газар байгуулагдахад ярьж байсан тэр хэлэлцээр хэвээр үү, зорилгууд үргэлжлэх үү гэж хөндсөн. Ид ажлаа хийдэг энэ цаг үед манай сайд нар ямар ажил амжуулах вэ гэдгийг ярьсан. Түүнээс биш, сайдын суудлын төлөөх мэтгэлцээн маргаан өрнүүлээгүй. Тэгээд ч манай зургаан сайдын хувьд муу ажилласан зүйл харьцангуй бага ш дээ.
-Солих эрх АН-ын бүлэгт байхгүй ч энэ зургаан сайд муу ажиллавал МАХН-ын биш, АН-ын л нэр гарна. Шүүмжлэх эрх бол та нарт байгаа шүү дээ. Тухайлбал, гахайн томуугийн үед С.амбаа сайдыг сайн ажилласан гэж үзсэн үү, С.Баярцогт сайдын өргөн барьсан, одоо ид хэлэлцэж байгаа төсвийн төслийг та бүхэн хангалттай боловсруулсан гэсэн гэж үү?
-Төсвийн төсөл сайн биш ээ, сэтгэлд үнэхээр хүрэхгүй байна. Гэхдээ нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Миний бодож байгаа, гаргаж байгаа гаргалгаа туйлын үнэн гэж би хэлэхэд хэцүү. Сангийн сайдынхаа хувьд С.Баярцогт сайд чадах чинээгээрээ бодлогоо бариад ороод ирсэн байна гэж харж байгаа. Нөгөө талаас Сангийн сайдын боловсруулдаг төсөл гэхээс илүү Засгийн газрын хуралдаанаас эцэслэн шийдвэрлэсэн төсөл. Үйл ажиллагааны зардлыг 146 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн байна гэж би шүүмжилсэн. Сангийн яамны тайлбарыг сонсоход бас ч гарцаагүй шахаанд ордог юм байна. Гэхдээ л Сангийн сайдын өөрийнх нь дүр төрх яг өөрийнх нь санаа бодол төсөвт тусах ёстой шүү дээ. Хэрвээ тусгаж чадахгүй бол, Засгийн газар дээрээ байр сууриа хамгаалж чадахгүйд хүрвэл түүнийгээ УИХ дээр хэлдэг байх хэрэгтэй. Миний буюу манай яамны байр суурь ийм байсан юм аа гээд. С.Баярцогт сайдын хувьд өөрөө кабинетын зарчмаар ажилладаг онцлогтой хүн л дээ. Магадгүй тэр нь хувь хүнийг нь бүдгэрүүлээд байдаг байх. Надаас эхлээд олон хүн зардлын талдаа реформ хийж чадсангүй гэж шүүмжилж байгаа шүү дээ.
-Үнэхээр зардалдаа реформ хийж чадаагүй учир төсвийн орлого 92 тэрбумаар тасалдаж магадгүй нь. Нийгмийн халамжийн зардлаа хасаагүй Засгийн газарт ОУВС 92 тэрбумыг олгохгүй л болов уу?
-ОУВС-тай тохирсон хөтөлбөрөө хэрэгжүүлж дуусна гэж байна лээ. Тэгж мэдэгдсэн ш дээ. Засгийн газар гарцаа олчихсон байх. Нөгөө талаас Засгийн газар цаашид ОУВС-гаас зээл тусламж авсаар байх уу гэж асуувал би лав үгүй гэнэ. Ирээдүйд олох орлогоо зөв тодорхойлбол хэн нэгнээс зээл тусламж горьдож суух ямар ч шаардлагагүй. ОУВС-гаас зээл тусламж хүлээж суугаа нь надад лав таалагдахгүй байгаа,
-Мөнгө босгож болдгийг өнгөрсөн дөрвөн жилд 68 хувийн татвар харуул сан. Бас яаж үрж болдгийг ч улстөрчид үзүүлсэн. Нийгмийн халамжийн давхардал үүний л үр дагавар биз дээ. Бас энэ жилийн төсөвтэй цуг Хүний хөгжлийн сангийн тухай хууль батлагдах нь. Тэгвэл Төсвийн орлого талаас бас л 116 тэрбум дутах нь ээ. Үүнийг яаж нөхөх вэ. Зардал танаад 116-г олно гэвэл арай л үнэмшилгүй сонсогдоод байх юм.
-Урсгал зардлыг 146 тэрбумаар нэмэгдүүлчихсэнийгээ л больчих хэрэгтэй. 2009 онд амьдраад байж болсон тэр зардалд нь царцаачихъя. Бас жижиг, дунд үйлдвэрлэлийн мөнгөнөөсөө 10-аад тэрбумыг нь шилжүүлж болно. Гэхдээ гишүүд нэгдсэн ойлголтоор асуудалд хандаж чадах нь уу, үгүй юү гэдгээс их юм шалтгаална.
-Ажил хийдэг хамгийн сүүлийн жилийн төсөв одоо хэлэлцэж байна. УИХ-ын гишүүд жаахан хайнга хандаад байна уу гэж ажиглагдаж байна
-Үгүй ээ, хайхрамжгүй хандаагүй. Ер нь олон улсын жишгийг харахад Засгийн газрын оруулж ирж байгаа төсвийг хөндөх асуудал нэг их байдаггүй. Манай гишүүдийн хэмжээгүй эрх мэдэл өөрөө хөндөх боломж олгодог байхгүй юу. Тийм учраас урд урьдын жилүүдэд дураараа хөндөж байсан. Ингэсээр л байх биз. Хэдийгээр ажлын сүүлийн жил гэж байгаа боловч гишүүдийн нүдэнд сонгууль харагдсаар л байдаг юм байна л даа. Жалга довын үзэл одоо ч давтагдана. Ач холбогдлыг нь эс харгалзан тойрог руугаа хөрөнгө татах сонирхол одоо ч явж л байна. Энэ асуудалд яаж цэг тавих вэ гэдгийг бодмоор байна.
-Яаж цэглэх вэ, таныхаар?
-Сонгуулийн тогтолцоог өөрчлөх хэрэгтэй. Пропорциональ элементийг аваад бодлого уралдуулдаг болохоос биш, болзол хангагч нарыг сонгодог биш тийм тогтолцоо руугаа орчихсон бол төсөв арай эрүүл саруул яригдана. Харамсалтай нь, тэгж чадахгүй байна. Сонгуулийн тогтолцоо томоохон реформыг үнэндээ хориглоод байгаа юм.
-Ер нь бол хоёр намын ажлын хэсэг пропорциональ тогтолцоо руу шилжих санал дээр нэгдсэн юм биш үү?
-Үүнийг бүлгүүд дээр танилцуулаагүй. Бүлгүүд дээр яриагүй учир гишүүдийн ходоодны мухарт жижиг тойрог л харагдаад байна ш дээ. Тэгээд тэр тойрогруугаа яаж. Ахиулан хөрөнгө оруулалт татах вэ гэж л бодоод байгаа юм. Энэ бодол нь төсвийн хөрөнгө оруулалтыг өгөөжгүй, үр ашиггүй болгоод байна.
-Намуудын амлалт бий л дээ. Нэг сая, 1.5 сая гээд. Энэ оны төсөвт суулгах ёстой гэсэн санал гишүүдээс гарч байсан. Таны хувьд?
-Сонгуулийн амлалтыг ирэх оноос хэрэгжүүлэх хэрэгтэй шүү дээ. Ямар ч байсан ХҮНИЙ хөгжлийн сангийн хууль гараадхаг. Гэхдээ нэг зүйл тодорхой байгаа. Ирэх оноос энэ амлалт хэрэгжих учиртай. Заавал биелүүлэх ёстой амлалт. Биелүүлэхгүй бол...
-МАХН, АН дахин сонгуульд оролцох нүүргүй болно гэж үү?
-Ардчиллын үнэт зүйл алдагдана. Сонгогдох, сонгох зарчим, УИХ-д итгэх итгэл алдагдана. Ер нь цаашдаа бид хэмжээ дамжаатай юм амладаг байх ёстой гэдгээ ойлгох ёстой. Амласан бол хийх ёстой. Гэхдээ хийнэ гээд эдийн засгаа эвдэж, улсаа дампууруулж болохгүй л дээ. Зөв гарц байгаа.
-Уг нь бэлнээр нь өгнө гэж амласан биз дээ?
-Бэлнээр өгвөл эх захгүй инфляц үүснэ.
-Амлаж байхдаа үүнийг тооцоогүй гэж үү?
-АН тэгэж амлаагүй. МАХН-ын даргын амнаас бас тийм үг гараагүй. Би МАХН-ын даргын амнаас гарсан үгэнд л итгэнэ. Түүнээс биш, нэр дэвшээд явж байгаа товарищын амнаас гарсан үг сонин биш. Тэд энэ үгэндээ ороогдоод байна л даа. Гэхдээ нэг зүйлийг онцолъё. Ямар ч байсан баялгаас олдсон мөнгө хэн нэг даргын лоббины мөнгө битгий болоосой, төрийн захиргааны байгуулалтыг томруулдаг мөнгө битгий болоосой, хүнд суртлыг нэмэгдүүлдэг мөнгө битгий болоосой, эрх мэдэлтэй хүмүүсийн тойрог руугаа үр ашиггүй татах хөрөнгө оруулалт битгий болоосой.
-Бас нийгмийн халамж битгий болоосой.
-Тийм ээ, иргэдийн амьдралд бодитоор тусалдаг, Хүний хөгжилд хувь нэмэр оруулдаг мөнгө болоосой.