2010.02.26

Л.Гантөмөр: Ардчилсан намын дарга “Би ноцтой өвдөөгүй” гэж хэлсэн

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга Л.Гантөмөртэй ярилцлаа.

-Намрын чуулган завсарлаад багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд ямар ажил амжуулав?

-Хаврын чуулганаар хэлэлцэх хууль, энэ онд хууль эрх зүйн орчинд ямар өөрчлөлт хийх талаар судалж байна. Мөн тойргийнхоо иргэдтэй санал, бодлоо солилцохоор төлөвлөж байгаа. Өнгөрсөн онд тохиосон эдийн засгийн хямрал Монголчуудад сургамж өгсөн байх. Дэлхийн зах зээл дээр эрдэс баялгийн үнэ унасан тохиолдолд яаж амьдрах вэ гэдгийг сануулсан жил болсон. Тиймээс энэ онд эдийн засгаа олон хөлтэй, Монголын иргэн бүрийг ажилтай болгох талаар хууль эрх зүйн орчинг хэрхэн боловсруулах вэ гэдгийг судалж байна.

-Тодорхой шийдэлд хүрч чадав уу?

-Үйлчилгээний салбарыг түлхүү бий болгох ямар боломжтойг судалж байгаа. Мөн уул уурхайн бүтээгдэхүүнд нэмүү өртөг хэрхэн шингээх зэргийг хуулийн зохицуулалтаар эрх зүйн талаас нь стандартад нэвтрүүлэх шаардлагатай байна.

-Ажлын байрны асуудал хотод биш орон нутагт үгүйлэгдэж байгаа. Аймаг, сумдад ажилгүй залуус олон байна?

-Ажлын байрыг нэмэгдүүлэх нь хөдөө орон нутаг гэлтгүй эдийн засгийн бүхий л салбарыг хамрах учиртай. Харин уг асуудлыг хэрхэн бий болгох талаар зөв бодлого боловсруулах нь чухал. Ер нь дэлхийн стандартыг Монголд нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах нь зүйтэй юм. Энэ чиглэлээр ажиллаж болох хамгийн том салбар бол хөдөө аж ахуй. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг дэлхийн стандартад хүргэхийн тулд ямар шат дамжлага, бүтэцтэй байх талаар хуульчилна. Мөн аймаг, сумдад суурин мал аж ахуйг бий болгох бодлогыг хэрэгжүүлэх хэрэгтэй.
Эрүүл аюулгүй орчинд 100 толгой малыг тэжээлийн аж ахуйн чиглэлээр бэлтгэснээр тухайн хүний орлого нэмэгдэж байх орчинг бүрдүүлэх хууль эрх зүйн зохицуулалтыг бий болгоно. Тиймээс энэ асуудлыг ажил хэрэг болгохоор судалгааны ажил хийж байна.

-Үйлчилгээний салбарыг түлхүү хөгжүүлэнэ гэж байна. Томоохон ресторан, зоогийн газар, зочид буудал зэрэг үйлчилгээний газрын хөрөнгө оруулагч, эзэд нь гадны хүн байдаг?

-Худалдаа үйлчилгээний салбарт Монгол хүн түлхүү ажиллах ямар боломж байгааг судалж байна. Ялангуяа гаднын бараа бүтээгдэхүүнийг худалдаалах ажлыг Монголын үндэсний компани зохион байгуулах хэрэгтэй. Цаашлаад энэ үйлчилгээний ядаж 90 хувийг Монгол Улсын аж ахуйн нэгж, хувь хүн эрхэлдэг байх хэрэгтэй.

-Өнгөрсөн 20 жилд ололттой зүйл байгаа ч, алдсан зүйл бас бий. Яг юунд алдав гэдгийг эргэн харах хэрэгтэй байх?

-Өнгөрсөн 20 жилийн хугацаанд Монголд ардчилсан засаглалыг бэхжүүлэхийн тулд хийсэн ажлын үр дүнг судалж байгаа. Ялангуяа, боловсрол, эрүүл мэндийн салбарт юу хийх вэ. Өнөөдөр Эрүүл мэндийн тухай хууль шаардлага хангахгүй байна. Яагаад дутуу зүйл хийгээд байна гэдгийг тодорхойлж гаргахын төлөө ажиллах ёстой. Өрхийн эмч гэдэг ойлголтыг өрхийн эмнэлэг гэж солиод алдсан. Тиймээс энэ ойлголтыг зөв болгох, эрүүл мэндийн даатгалын санг тусад нь байлгах зэрэг ажлыг зайлшгүй хийх хэрэгтэй.

-Удахгүй Ардчилсан намын ҮЗХ хуралдана. Хуралдаанаар Ардчилсан намын даргыг солих тухай асуудал ярина гэсэн "бор Шувуу" нисч байна?

-Энэ талаар одоохондоо сонссон зүйл алга. Ардчилсан намын ҮЗХ жил бүр хуралддаг. Урьдын адил л уламжлалт ёсоороо хуралдана.
Энэ удаагийн хуралдаанаар Ардчилсан нам цаашид үйл ажиллагаа хэрхэн явуулах талаар хэлэлцүүлэг хийнэ гэж бодож байна. Намын даргын асуудал чухал биш байх. Ардчилсан нам Монголын ирээдүйг тодорхойлох бодлого, өнөөдрийг хүртэл 20 жил амьдарсан ардчилсан нийгмээ хамгаалах, үүнийг суурьшуулах бодлогыг гаргах чадвартай байх ёстой. Тиймээс өндөр боловсролтой хүмүүсээр бүрдсэн бодлогын зөвлөл ажиллах хэрэгтэй. Бодлогын зөвлөл салбар бүрээр бодлогоо тодорхойлдог. Тэр бодлогыг ойлгосон хүн нь УИХ-д нэр дэвшдэг байх нь чухал. Тиймээс энэ асуудал Ардчилсан намын ҮЗХ-ны хурлаар хэлэлцэгдэнэ гэж найдаж байгаа.
Мөн ирээдүйн Монголын улс төрийг тодорхойлох залуусыг бэлтгэх ёстой. Ялангуяа, хөдөө орон нутагт байгаа залуучуудыг сургалтад хамруулах ажлыг нам зохион байгуулах шаардлагатай байна. Энэ асуудлыг би ҮЗХ-ны хурал дээр гаргаж тавина. Ардчилсан нам өнөөдрийг хүртэл нийгмийн чиглүүлэгч болж ирсэн. Энэ үүргээ цаашид алдаж болохгүй.

-Сүүлийн үед Ардчилсан намынхан дотроо хагаралдаж, жигүүр, эвсэл байгууллаа. Мөн намынхаа даргыг солих сургаар намын дарга нь удаан хугацааны магадлагаа авч гадаадад эмчлүүлэхээр болсон гэсэн яриа гарч байна?

-Улс төртэй холбоотой янз бүрийн яриа гарч байдаг. Түүний л нэг байх. Ардчилсан намын даргын хэвлэлд өгсөн мэдээллийг харахад "Би ноцтой өвдөөгүй" гэж хэлсэн байсан.
Ардчилсан нам хүчтэй ажиллаж, олон оролцогчтой байх хэрэгтэй. Нам гэдэг нэрээр сайн бодлого хэрэгжихгүй болохоор намын зарим гишүүн өөрсдийн боловсруулсан сайн бодлогыг нийгэмд хүргэхийн төлөө ажиллаж байгаа байх. Тэгэхээр гишүүд намынхаа нэрээр намын бодлогыг зөв болгож, нийгэмд ажиллах нь чухал. Энэ нь ардчилсан нийгэм тогтвортой байхын хэлбэр гэж бодож байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.