Л.Гантөмөр: ЭМД-ын даатгалын байгууллага нь бие даасан тохиолдолд даатгуулагчдын эрх ашгийг хамгаалах нөхцөл бүрдэнэ
2008.01.01

Л.Гантөмөр: ЭМД-ын даатгалын байгууллага нь бие даасан тохиолдолд даатгуулагчдын эрх ашгийг хамгаалах нөхцөл бүрдэнэ

Засгийн газар "Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай" хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Үүнтэй холбогдуулан УИХ дахь АН-ын бүлгийн ажлын хэсгийн ахлагч Л.Гантөмөртэй ярилцлаа.

-"Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай" хуульд оруулсан шинэчилсэн найруулгын төслөө Засгийн газраас УИХ-д өргөн барьсан. УИХ дахь АН-ын ажлын хэсгийн ахлагчийн хувьд энэ шинэчилсэн найруулгын талаар ямар байр суурьтай байна вэ?

- Хуулийн төслийн шинэчилсэн идеал санаанууд нь зов гэж бодож байгаа. Нэлээд дэвшилттэй санаанууд ч орсон. Харамсалтай нь ЭМД-ийн байгууллагыг бие даалгах санал Засгийн газраар дэмжигдээгүй. ЭМД-ын байгууллага нь Засгийн газрын агентлаг байхаар төсөлд тусгагдсан байгаа. Бидний хуульд оруулахыг хүсэж буй, хамгийн чухал зүйл бол ЭМД-ын байгууллагыг бие даалгах. Засгийн газар болоод УИХ гэсэн төрийн байгууллагуудаас хараат бус байдлаар бүрэн бие даалгах ёстой гэж бид үзэж байгаа. Энэ саналаа боловсруулсан. Үүнийг УИХ-аар дэмжүүлэхэд мэдээж тун ярвигтайг бид ойлгож байгаа.

-ЭМД-ын бүрэн бие даасан байгууллага бий болбол Засгийн газрын агентлаг байж болохгүй гэж Үйлдвэрчний эвлэл болон бусад мэргэжлийн хүмүүс хэлж байгаа. Та үүнтэй бас санал нэг юм байна гэж ойлголоо. Харин Засгийн газар үүнд өөр байр суурьтай байгаа болохоор УИХ-аас дэмжлэг авах боломж,нөхцөл хэр байгаа вэ. Танай намын бүлэг үүнийг дэмжих үү?

-Намын бүлгийн ажлын хэсэг бол ЭМД-ын байгууллага нь бие даасан байх ёстой гэдгийг ерөнхийдөө дэмжсэн. Харин бүлэг энэ хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэх явцад ЭМД-ын байгууллагыг бүрэн бие даалгах хэрэгтэй гэдэг дээр санал нэгдсэн тохиолдолд дэмжигдэх боломжтой. Ер нь ЭМД-ын байгууллага бүрэн бие даасан тохиолдолд даатгуулагчдын эрх ашгийг хамгаалж ажиллах нөхцөл бүрдэнэ гэж үзэж байгаа. Хүмүүс эрүүл мэндийн үйлчилгээ авахдаа даатгалаасаа мөнгө төлдөг. Тухайн үйлчилгээ болон төлж байгаа төлбөр хоёр хоорондоо нийцэж зөв байж чадаж байна уу гэдгийг бие даасан байгууллага бүрэн хариуцна. Тийм учраас бие даах ёстой. Өнөөдөр бид эмнэлгүүдээ бие даасан байдалд шилжүүлж чадахгүй байна. Олонх эмнэлэг улсын өмчид байна. Удирдлага болон санхүүжилтын арга зүй механизм бүгд Засгийн газраас хамааралтай байна. Энэ тохиолдолд худалдан авч байгаа буюу даатгал төлж байгаа талын төлөөллийн байгууллага бие даах ёстой юм. Цаашид мэдээж эмнэлгүүдийг бүгдийг нь бие даалгах хэрэгтэй. Өмчийн хувьд орон нутгийн, улсын мэдэлд байж болно. Харин эмнэлэг өөрөө бие даасан менежменттэй болох ёстой юм.

-Бие даасан байгууллага байгуулсан тохиолдолд бүтцийн хувьд ямар бүрэлдэхүүнтэй байх нь зөв гэж үзэж байгаа вэ. ЭМД-ын байгууллага төсөлд байгаа Үндэсний зөвлөлөөрөө удирдуулдаг нийтийн эрх зүйн хуулийн этгээд байх ёстой гэж үздэг хүмүүс бий. Та энэ талаар юу гэж бодож байна вэ? Гадаад орнуудын туршлага, сургамж ер нь ямар байдаг юм бал

Гадаад орны туршлага, сургамж гэхээсээ илүү энэ салбарын менежмент нь өөрөө дэлхийн төвшинд хүрсэн байна. Дэлхийн маш олон орон эрүүл мэндийн салбараа сайжруулахын тулд их олон жил, их олон технологийг туршсан. Эцсийн үр дүнд эрүүл мэндийн байгууллагыг бие даалгах зарчим дээр хатуу нэгдсэн юм байна. Бүрэлдэхүүний хувьд мэдээж даатгал төлөгчдийн төлөөлөл хамгийн түрүүнд ордог. Ингэснээрээ олон нийтийн байгууллага болно гэсэн үг шүү дээ. Дээр нь төрийн албан хаагчдын даатгалыг төлдөг гэх утгаараа Зас-гийн газрын төлөөлөл байна. Мөн үйлдвэрчний эвлэл, ажил олгогчдын төлөөлөл орох ёстой. Энэ тохиолдолд Засгийн газрын төлөөлөл нь 4/1-ээс хэтэрдэггүй байх жишээтэй. Мөн Үндэсний зөвлөл нь шийдвэр гаргана. Түүний доор ажиллах ажлын аппарат нь бие даасан, хараат бусаар уйл ажиллагаа явуулж, даатгалаас өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг юм билээ. Харин манай хуулийн төсөлд оруулснаар Үндэсний зөвлөл нь Зас-гийн газарт ажлаа тайлагнадаг, тэндээс хараат байхаар тусгасан байна лээ. Харин ажлын алба бол Засгийн газрын агентлаг байхаар тусгагдсан. Тэгэхээр бидний санал бол Үндэсний зөвлөлийн ажлын алба буюу Эрүүл мэндийн даатгалын төв байгууллага нь бас бие даасан байх ёстой гэж үзэж байгаа юм.

-ЭМД-ын байгууллага нээлттэй, ил тод үйл ажиллагаа явуулдаг, ажлаа Засгийн газарт биш даатгуулагчдадаа тайлагнадаг бие даасан байх нь зөв л дөө. Гэхдээ бие даалгахаар төрийн бас л том нүсэр бүтэц нэмэгдэх юм биш үү?

-Манайхан энэ дээр нэг зүйлийг андуу ойлгоод байдаг. ЭМД-ын байгууллагыг бие даалгавар тэр байгууллага нь өөр дээрээ даатгалын төлбөрийг шууд төвлөрүүлнэ. Тэгэхээр дахиад нэг том бүтэц, орон тоо хэрэгтэй гэж андуураад байдаг. Гэтэл үгүй. Тэр байгууллага даатгалыг хурааж төвлөрүүлэхгүй. Харин өнөөдөр байгаа татварын албаны бүтцээр даатгалыг хураалгана. Хураасан орлогыг татварын албан дээр нэгтгээд Эрүүл мэндийн даатгалын төв байгууллага руу шилжүүлнэ. Тэгэхээр даатгалыг хурааж авах шинэ орон тоо, бүтэц хэрэггүй юм. Тиймээс баг, сум, хороо бүр дээр даатгалын ажилтан ажиллах шаардлагагүй. Төвлөрсөн нэг байгууллага байна. Тэр байгууллага нь Монголд үйл ажиллагаа явуулж байгаа эмнэлгүүдтэй шууд гэрээ, хэлэлцээр хийж төлбөрийг цаг алдалгүй шилжүүлэх ажил хийнэ. Харин тодорхой бүсүүд дээр салбараа байгуулна. Баруун, зүүн, төвийн гээд таван бүсэд хувааж болж байгаа юм. Тэгвэл даатгалын төв байгууллага нь эмнэлгүүдтэй холбогдох, харилцах харьцаанд ямар ч гажиг үүсэхгүй.

-Эмнэлгийн дарга нар өвчний хуурамч түүх бичиж, ЭМД-ын мөнгийг завшиж, ашигласан гэх хэрэг сүүлийн үед гараад байгаа. Үүнийг хуулиар яаж зохицуулахаар тусгаж байгаа вэ?

-Эрүүл мэндийн даатгалын байгууллага бие даасан тохиолдолд эмнэлгүүд бүтээгдэхүүнээ худалдагч тал болно. Харин бүтээгдэхүүнийг нь худалдан авагч тал нь даатгалын байгууллага болох юм. Өнөөдрийн манай тогтолцоогоор худалдан авагч, худалдагч тал нь нэг байгууллага буюу эмнэлэг өөрөө болж байгаа учраас ийм, алдаа луйвар гарч байгаа. Тиймээс энэ хоёр байгууллага тус тусдаа бие даасан тохиолдолд ямар нэгэн хулгай, луйвар гарах үндэслэл байхгүй болно. Ингэснээр даатгал төлөгч төлсөн даатгалынхаа хэмжээнд эрүүл мэндийн үйлчилгээ авах боломж гарч ирнэ. Хоёрдугаарт эмнэлгийн байгууллагууд өөрийн бүтээгдэхүүнээ жишээлбэл хугарсан гарыг эмчлэх, олгой авахад хэдэн төгрөгийн зардал гарах, зүрхний мэс засал хийхэд хэдээр үнэлэх гэх мэт өвчин, эмчилгээгээ нэг бүрчлэн бодитойгоор үнэлж, даатгалын байгууллагатай гэрээ хийснээрээ үйлчилгээ нь чанаржина. Өнөөдөр бол ийм бодитой ямар ч үнэлгээ байхгүй. Эмч нарын цалин ямар байгаа билээ. Шаардлагатай хүнд хэрэгцээтэй эмчилгээ үзүүлж чаддаггүй. Хавтгайрсан эмчилгээг олон хүнийг хамруулан хийгээд байвал даатгалаас их мөнгө авах тогтолцоо одоо үйлчлээд байгаа. Тийм болохоор эмнэлгүүд олон хүнийг хэвтүүлсэн, үйлчилсэн мэтээр бичилт хийгээд даатгалаас мөнгө авдаг луйврын шинжтэй ажил тогтолцооноос үүдэлтэйгээр бий болоод байгаа юм. Үнэхээр үнэлгээ нь өсөөд чанартай эмнэлгийн үйлчилгээг өндөр үнээр худалдаж авдаг тэр тогтолцоонд шилжих юм бол эмнэлэгүүд луйвардах шаардлагагүй болно.

-УИХ дахь АН-ын бүлэг ямар ч байсан энэ хуулийн төсөл дээр тогтолцооны хэмжээнд том өөрчлөлт оруулах гэж байгаа юм байна. Үүнийг дагаад мөн бусад хуульд ч өөрчлөлт орох байх даа?

-Хуулийн төслийн тавдугаар бүлгийн 14,6 болон 15,1 гээд хэд хэдэн зүйлд өөрчлөлт оруулах саналтай байгаа. Энэ санал УИХ-аар дэмжигдвэл Удирдлага санхүүжилтийн болон бусад хуульд ч өөрчлөлт оруулах байх.

-УИХ-ын хаврын чуулганаар энэ хуулийн төслийг хэлэлцэн баталж, амжихуу?

-Бид МАН-ын бүлгийн саналыг л хүлээж байна. Санал хурааж олонх цөөнхөөр асуудлыг шийдвэл бид цөөнх шүү дээ. Харин их хурлын гишүүдээр нь тоолбол ЭМД-ын байгууллагыг бие даалгахыг дэмжих нь олонх болно. Харамсалтай нь тодорхой намын бүлэг, Засгийн газрын байр сууринаас харвал энэ байгууллагыг бие даалгахыг дэмжүүлэх нь хэцүү. Засгийн газар зөвхөн засгаа бодож асуудалд ханддаг. Бид л үүнийг хийж чадна, бусад нь чадахгүй гэж боддог. Бусдыг сайн ажиллаж чадна гэдэгт итгэхгүй байгаа байхгүй юу. Энэ бол хэтэрхий хоцрогдсон арга барилаасаа салж чадахгүй байгаагийн илрэл. Ганц энэ эрүүл мэндийн салбар ч биш бүх салбарт хэт хуучинсаг, сул дорой бодлого явуулж байна. Харин бид тухайн салбарыг, иргэдийг, гадагш урсаж байгаа нийгмийн зардлыг Монголд үлдээх, хувийн хэвшлийнхнийг дэмжих, ашиггүй олон том эмнэлэгүүдийг цаашид нэгтгэх, бие даалгах үйл ажиллагааг эхлүүлмээр хийлгэмээр байна.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.