Гадаад харилцааны сайд Данийн Вант улсад айлчиллаа
Гадаад харилцааны сайд Л.Болд 2014 оны 5 дугаар сарын 27-28-ны өдрүүдэд Данийн Вант Улсад албан ёсны айлчлал хийж, Данийн Хатан Хаан II Маргрете, Фолкетинг (Парламент)-ын дарга Могенс Ликкетофт нарт тус тус бараалхав.
Хатан хаан II Маргарете Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 2013 онд Дани Улсад хийсэн айлчлал нь хоёр улсын харилцааг шинэ шатанд гаргасан түүхэн айлчлал болсныг онцлон дурдав. Өнгөрөгч 2013 онд тохиосон хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд Данийн Вант Улсын Парламентын дарга Могенс Ликкетофт тэргүүтэй Парламентын тэргүүлэгчид Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байсан бөгөөд энэ удаагийн уулзалтаар талууд парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг хийхээр тохиролцов.
Эдийн засгийн харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлж, шинэ шинэ салбарт хөрөнгө оруулалт татах асуудал сайд Л.Болдын Данийн Гадаад харилцааны сайд Мартин Лидегаард, Худалдаа, хөгжлийн хамтын ажиллагааны сайд Могенс Йенсен нартай хийсэн албан ёсны хэлэлцээ, тус улсын Гадаад харилцааны яамны Худалдаа, стратегийн асуудал эрхэлсэн төрийн нарийн бичгийн дарга Лар Туесен нартай хийсэн уулзалтын гол сэдэв байв. Данийн томоохон компаниуд Монголд олон жилийн өмнөөс үйл ажиллагаагаа явуулж эрчим хүч, дулааны салбарт техникийн шинэчлэл нэвтрүүлэх чиглэлээр дорвитой ажлууд хийж нэгэнт байр сууриа эзлээд байгаа юм.
Данийн ногоон технологи, тэргүүн туршлагыг нэвтрүүлэх боломжийн талаар санал солилцов.
Цаашид хүнс, хөдөө аж ахуй, малын гаралтай түүхий эд боловсруулах чиглэлээр хамтран ажиллах өргөн боломж байгаа бөгөөд Монголын газар нутаг, мал сүрэг болон Данийн туршлага, технологи нэгдвэл зөвхөн Монголын биш, бүс нутгийн зах зээлд өрсөлдөхүйц бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэх боломжтой гэдгийг айлын тал онцолж байв. Тиймээс ч сайд Л.Болд тус улсын Хөдөө аж ахуй, хүнсний зөвлөл болон Үйлдвэрлэлийн холбоо, Ногоон эрчим хүчний төвд тусгайлан зочилж бизнес эрхлэгчдэд Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Энэ үеэр мөн хөдөө аж ахуй, сүү, сүүн бүтээгдэхүүн, хүнсний үйлдвэрлэл, хог хаягдлын дахин боловсруулалтын салбарт хамтран ажиллах, Данийн ногоон технологи, тэргүүн туршлагыг нэвтрүүлэх боломжийн талаар санал солилцов.
Түүнчлэн сайд Л.Болд ирэх 2015 онд 25 жилийн ой нь тохиох Дани-Монголын нийгэмлэгийн гишүүдтэй уулзаж, Монголд хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, үйл ажиллагааных нь талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч, Гадаад харилцааны яамны зүгээс цаашид дэмжин ажиллахаа илэрхийллээ.