Сурагчид наймдугаар сарын нэгнээс эхэлнэ гэдэг бол цуу яриа
2014.06.03

Оюутны амралтыг богиносгох талаар Боловсролын яам судалгаа хийж байна

Энэ онд хичээлийн шинэ жил наймдугаар сарын нэгнээс эхлэх тухай мэдээлэл гарсантай холбоотой салбарын сайдаас тодруулга авлаа.

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид сарын өмнөөс хичээллэдэг болвол энэ нь багачуудын биеийн онцлогт тохирохгүй гэдгийг судлаачид хэлж байна.

БШУ-ны сайд Л.Гантөмөр:

Үгүй гэдгийг дахин хэлье. Учир нь одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Боловсролын хуулиараа есдүгээр сарын нэгнээс эхэлнэ. Энэ дүрэм цаашдаа ч өөрчлөгдөхгүй гэж бодож байна. Харин их, дээд сургуулиудын хувьд зуны амралтаар оюутнуудаараа юу хийлгэх вэ гэдэг бол том асуудал болж байна. Нэгдүгээр курсын насанд хүрсэн залуу зургадугаар сарын нэгнээс амарч байна. Тэр хүн гурван сарын турш юу хийх вэ? Нэг хэсэг нь бүтээлчээр амралтаа өнгөрөөж байхад нөгөө хэсэг нь зугаалсаар яваад дуусдаг. Тиймээс бид оюутан амралтаараа олсон мэдлэгээ хоолтойгоо холиод иддэг эсэхэд судалгаа хийж байна.

Хөгжингүй болон хөгжиж буй орнуудын их, дээд сургуулийн хичээл нь урт, амралт нь богино байдаг. Энэ нь оюутан сурсан мэдсэнээ мартахгүй байхад тусалдаг гэж салбарын сайд хэллээ.