М.Энхболд: 42 хоногт олон компани үүдээ барилаа, энэ зөв үү?
МАН-ын дарга М.Энхболд
2014.06.23

М.Энхболд: 42 хоногт олон компани үүдээ барилаа, энэ зөв үү?

Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнгөрсөн баасан гаригийн чуулганы хуралдаанаар “Эзэн-100” хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар  мэдээлэл өгөв.

Ерөнхий сайдын мэдээллээр хөтөлбөрийн хүрээнд 29 хууль, УИХ-ын тогтоолын төслийг боловсруулан УИХ-д өргөн мэдүүлжээ. Мөн төсвийн урсгал зардлыг 20 хувиар бууруулж, хэмнэлтийн горимд шилжих ажлын хүрээнд төсвийн тодотголоор хэмнэх боломжтой зарим урсгал зардлыг 10-30 хувиар буюу 38.4 тэрбум төгрөгөөр бууруулсан гэв.

Харин УИХ дахь МАН- ын бүлэг “Өнгөрсөн 42 хоногт эдийн засгийг эрчимжүүлэх чиглэлээр бодитой ажил хийсэнгүй.

Зөвхөн уулзалт хийв, зөвшилцөв, хэвлэлийн бага хурал хийв, илтгэл тавив, хуулийн төсөл өргөн барив” гэсэн хэдэн үгээр л хэмжигдэж байна” гэж дүгнэсэн юм. Хуралдааныг тоймлоё.

Сү.Батболд:

-Монгол Улсын эдийн засгийн хөгжил бол бид бүгдийн санаа зовоож буй асуудал. Сөрөг хүчин бүх асуудал дээр эсрэг байр суурь баримталдаг гэж шүүмжилдэг ч бид болж байгаа зөв бодлогыг дэмжиж, хэлэх зүйлээ хийж, оролцох зүйлдээ оролцоод л явж байгаа.

Энэ утгаараа өнөөДөр Засгийн газраас зохион байгуулсан монголын бизнесийн дээд хэмжээний уулзалтад оролцож, санал бодлоо солилцлоо. Гадны олон төлөөлөгчид хүрэлцэн ирсэн байна лээ. Тэд ярихдаа өмнө нь хөрөнгө оруулалтын орчин ойлгомжтой, их өргөн хүрээтэй байсан гэж дүгнэж байна. Гэтэл сая Ерөнхий сайд мэдээлэлдээ өмнөх хөрөнгө оруулалт зөвхөн Оюутолгой дээр суурилж байсан гэж хэллээ.

Төсвийн хэлэлцүүлгийн үеэр Монгол банкны хийсэн мэдээллээр 2011,2012 онд гадаадаас орж ирсэн нийт валютын урсгалын 20-30 хувийг Оюутолгойн хөрөнгө оруулалт эзэлж, 2013 онд Оюутолгойтой холбоотой валютын урсгал хэдийгээр багассан ч гэсэн нийт валютын урсгалын 60 хувийг эзэлж байна гэж мэдээлсэн.

Валютын урсгал ямар байгаад ямар болсон тэр дотроо Оюутолгойн оруулж буй урсгал ямар хэмжээнд хүрснийг харж болох юм. Эдийн засаг унаж байгаа ч өсөлт байгаа гэж Эдийн засгийн хөгжлийн сайд мэдээлж байгаа. Энэ өсөлт яагаад хүн дээрээ очих, цалин хөлс тэтгэвэр тэтгэмж, халамжийн зохистой бодлого дээрээ очихгүй байна вэ, эсвэл иргэдийн шүүмжлээд байгаа томоохон компаниудад энэ өсөлт наалдаад байна уу.

Н.Алтанхуяг:

-Хөгжлийн төлөвлөлтийн хуулийг Засгийн газар дээр ярьсан. Тийм баримт бичиг хэрэггүй, харин хөгжлийн бодлогыг төлөвлөдөг, цэгцэлдэг болох хэрэгтэй гэж үзээд хуулийн төсөл өргөн барихаар шийдвэрлэсэн.

Зээл аваад хөгжихгүй гэдэг таны саналтай санал нэг байна. Хөрөнгө оруулалтыг зугуухан, нэг нь том байлаа гэхэд нөгөөх нь тасралтгүй дагаж явдаг гэх мэтээр олон арга ухаан баймаар юм шиг байгаа юм.

С.Бямбацогт:

-Эдийн засгийг 100 хоногийн дотор эрчимжүүлнэ гэсэн үг маань сүүлдээ суларсаар эдийн засгийн уналтыг зогсоох гэдэг байдлаар их л бөөрөнхий юм болж дуусах нь.

Монгол Улсаа галзуу хөгжүүлнэ гэсэн чинь яасан бэ гэдэгт хариулт олдоггүйтэй адил бас эдийн засгийг эрчимжүүлэх эсэхэд мөн л хариулт байхгүй болох юм байна. Харин буруутан нь УИХ болох юм байна гэж Ерөнхий сайдын үгнээс ойлголоо.

М.Энхболд:

-Эдийн засгийг эрчимжүүлэх талаар хийж байгаа ажилдаа хэр зэрэг зөв онош тавьж байна вэ гэдгээ нягталж байна уу. 100 хоногийн тоолуур гүйж эхэлснээс хойш харсаар байтал валютын ханш өдөрт нэг төгрөгөөр нэмэгдсээр, томоохон компаниуд 200-300 ажилтнаа чөлөөлж, дундаж компаниуд 20-30 ажилтнаа халлаа.

Нэлээд компани үүд хаалгаа  барьчихлаа. Бодитой үр дүн өгдөггүй юмаа гэхэд бизнес эрхлэгчдэд боломжийн байдал бий болох нь сигнал өгөх эсэхэд эргэлзээтэй байна. Энэ зөв гэж үү. Эхний таван сарын байдлаар төсвийн орлого 396 тэрбум төгрөгөөр тасарсан” гэх зэргээр МАН-ын олонхи гишүүн санал шүүмжлэлээ хэлсэн юм.