Канад Улсын Гадаад хэргийн сайд Жон Рассэл Бэйрд Улаабаатарт ирлээ.
2014.07.24

Канадын Гадаад хэргийн сайдын айлчлал эхэллээ

Гадаад харилцааны сайд Л.Болдын урилгаар манай улсад албан ёсны айлчлал хийх Канад улсын Гадаад хэргийн сайд Жон Рассэл Бэйрд өчигдөр Улаанбаатарт ирлээ.

Түүний айлчлал өнөөдөр албан ёсоор эхлэх бөгөөд эхлээд юун түрүүнд Гадаад харилцааны сайд Л.Болдтой уулзаж хэлэлцээ хийх юм.

Уулзалтын үеэр хоёр талын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, уул уурхай, батлан хамгаалах, хөдөө аж ахуй, боловсрол, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, улмаар хоёр улсын харилцааг иж бүрэн түншлэлийн төвшинд хүргэх боломжийн талаар ярилцахаар төлөвлөжээ.

Мөн Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяртай уулзаж Монгол-Канадын дугуй ширээний уулзалтад оролцохоос гадна УИХ-ын дэд дарга М.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нарт бараалхах юм. Улмаар түүний айлчлал өнөөдөр өндөрлөж маргааш нутаг буцах ажээ.