Ж.Энхбаяр гишүүн нутгийнхнаа дуу хуураар “дайлах” дуртай
Нутаг амьтай хүн гэж байдаг. Харин байн байн сонгогдсон тойрог руугаа хариалгадаг гишүүдийг бусад нь “тойрог амьтай нөхөр шүү” битүүхэн егөөддөг гэсэн.
Тэрхүү тойрог амьтай гишүүдийн нэг бол Ж.Энхбаяр. Мань хүн ер нь болж л өгвөл тойрог руугаа ухасхийх талаар боддог “гэмтэй” хүн. Ямар сайндаа хаврын чуулган эхлэхийн өмнөхөн хаа байгаа Говь-Алтай руугаа явж хэд хэдэн сумаар орж амжих вэ дээ. Зүгээр ч нэг хурал цуглаан хийгээд явах биш хаврын тарчиг цагт сэтгэл гундуу байгаа хөдөөгийнхөнд урлагийн тоглолтоор бэлэг барьж сэтгэлийг нь сэргээсэн аж. Мэдээж гишүүн маань өөрөө дуулж хуурдаагүй нь лавтай. Шинэхэн гавьяат, дуучин Х. Болормаа, Соёлын тэргүүний ажилтан С. Ганзориг нар нутаг нэгт найз төрийн түшээгийнхээ хүсэлтээр хоёр долоо хоног дагалдан явж алтайчууддаа дуу хуураа сонирхуулсан байна. Тэд дуулаад л, залуус бүжиглээд л нэг орой сумын “улаан булан” доргиж өгч.