“Ш.Жадамбаа” судлалыг эхлүүллээ
Зэвсэгт хүчний 88 жилийн ойн өмнөхөн “Монголын төр, цэргийн зүтгэлтэн Шагалын Жадамба” хэмээх дөрвөн боть ном хэвлэгдэн гарлаа.
Батлан хамгаалахын сайд агсан, генерал Ш.Жадамбын үр хүүхдүүдийнх нь санаачлагаар биеллээ олсон энэхүү бүтээлийн зохиогчдын нэг шинжлэх ухааны доктор, профессор Ш.Паламдоржтой уулзаж ярилцлаа.
-“Монголын төр, цэргийн зүтгэлтэн Шагалын Жадамба” хэмээх дөрвөн боть ном зэвсэгт хүчний 88 жилийн босгон дээр олны хүртээл болсон. Энэхүү бүтээлийн онцлог, ач холбогдлын талаар зохиогчийн хувьд та юу хэлэх вэ?
-Намтар судлалын шинжлэх ухааны судлагдахууны хувьд системтэй, иж бүрэн бүтээл гаргахыг хичээсэнд энэ номын маань ач холбогдол оршино. Өөрөөр хэлбэл төр, нийгэм, цэргийн зүтгэлтэн хүний амьдрал, үйл ажиллагааг тухайн үеийн нийгэм, улстөрийн байдал, хариуцан ажиллаж байсан салбарынх нь амьдрал ахуйтай, мөн хамтран зүтгэгчдийнх нь үйл ажиллагаатай холбож нэгдмэл байдлаар илэрхийлэхийг зорьсон. Нөгөө талаасаа намтар гэхээсээ илүүтэй сургалт, судалгаанд ашиглах цаашдын төлөв байдлыг тусгахыг хичээсэн. Тийм учир энэ бүтээлийн бүтцийг гаргахдаа сурталчилгаа, сургалт, судалгаанд ашиглагдахад чиглүүлсэн.
Номын эхний ботид судалгааны бүтээл голлосон бол 2 дугаарх нь дурсамж бүтээлээс бүрдсэн. Харин 3 дугаар ботиор Ш.Жадамба гэдэг хүний үзэл бодол, хүсэл тэмүүлэл, зорилго тэмцлийг өөрийнх нь хэлсэн үг, тавьсан илтгэл, танилцуулгаар илэрхийлэхийг зорьсон.
Ш.Жадамба сайд цэргийн сургалтад ихээхэн ач холбогдол өгдөг байлаа. Энэ чанартаа тулгуурлан эрдэмтэн Төвтэй хамтарч тактикийн хээрийн сургуулийг бэлтгэж явуулах арга зүйгээр нэг сэдэвт бүтээл туурвисан. Түүнийг нь дөрөвдүгээр боть болгон дахин хэвлүүлсэн юм. Миний хувьд эхний ботийн голлох хэсгийг, үлдсэн гурвынх нь эмхлэх, цэгцлэх, редакторлах ажлыг гардан хийсэн.
-Энэ дөрвөн ботиос Ш.Жадамба гуайг хүнийх нь хувьд ч, цэргийн зүтгэлтнийх нь хувьд ч таньж мэдэж болно гэсэн үг үү?
-Тэгж хэлж болно. Энэ дөрвөн боть нэгдэж байж Ш. Жадамба гэдэг хүнийг илэрхийлэх толь болж байгаа юм. Ш.Жадамба төр, нийгмийн зүтгэлтэн байгаад зогсоогүй цэргийн өндөр боловсролтой мэргэшсэн хүн байлаа. Түүний удирдан явуулж байсан хээрийн сургуулиуд, команд, штабын сургуулиудын үр дүн нь үүний баталгаа. Ер нь зэвсэг, техникийн мэдлэг маш сайнтай. Ялангуяа зэвсгийг байлдаанд хэрхэн ашиглах талаар өндөр мэдлэгтэй хүн байсан. Энэ чадварыг нь үнэлж батлан хамгаалах салбарын зэвсэг, техник хариуцсан орлогч сайдаар томилон ажиллуулж байсан бизээ. Бас цэргийн сургалтыг сайн мэднэ. Тэр утгаараа цэргийн сургалт хариуцсан орлогч сайдаар хэсэг ажилласан.
Цэргийн үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийх өндөр боловсролтой болохоороо Батлан хамгаалах яамны Ерөнхий хянан байцаагч гэдэг албан тушаалыг ч хашиж байлаа. Цэргийн өндөр мэдлэг чадвар, туршлагыг нь харгалзаж 1992 онд Батлан хамгаалахын сайдаар томилсон хэрэг. Энэ бүгдийг дээрх дөрвөн ботьдоо тусгахыг хичээлээ дээ.
-Энэ дөрвөн ботийг бичихэд таны хүч оролцоо ихээхэн орсныг Ш.Жадамба агсны хүү УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр онцолсон. Хэдий хугацаанд ном бэлэн болсон бэ ?
-Судлаач бидэнд Ш.Жадамбаа сайдын тухай ном бичих бодол санаа байсан. Гэхдээ баг бүрдүүлэхээс эхлээд дэмжлэг туслалцааны асуудал хүнд байлаа. Үүнийг даван гарахад түүний хүү УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр тусласнаар бид бүтээлээ эхлүүлэх боломжтой болсон юм. Ерөнхийдөө жил гаруй ажилласан. Батлан хамгаалах яамны төв архив, Ш.Жадамба агсны хувийн архив, УИХ, Засгийн газрын архив зэрэг байгууллага, хувь хүнд хадгалагдаж буй Ш.Жадамба гуайтай холбоотой түүхэн баримтат тулгуурлаж бичсэн. Энэ дашрамд дөрвөн ботийг гаргахад тусласан бүх хүмүүст талархаж буйгаа илэрхийлье.
-Ш.Жадамба гуайтай ойр ажиллаж хөдөлмөрлөж явсан хүнийхээ хувьд та тэр хүний талаар сайн мэдэх нь дамжиггүй. Бяцхан дурсамжаа хуваалцахгүй юу?
-Би Ш.Жадамба сайдтай 1968 оноос хойш 30-аад жил нэг системд ажилласан. Үүний сүүлийн 10 жилд буюу Жанжин штабын дарга, орлогч сайдаар ажиллаж байхад нь байлдааны судалгаа шинжилгээний ажил, удирдлагын баримт бичиг боловсруулахад нь тусалж дэмжлэг үзүүлэх хэмжээнд ажилласан. Ялангуяа батлан хамгаалах салбарын үндэсний үзэл баримтлал, цэргийн номлол, Батлан хамгаалах тухай хууль, батлан хамгаалах нэгдсэн тогтоцоо бүрдүүлэх асуудлаар миний удирдаж байсан Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн, түүний судлаач бидэнд туслаж анхан шатны боловсруулалтыг хийхэд гар бие оролцож байсныг нь дурдахгүй өнгөрч болохгүй шүү дээ. Мөн Монгол цэргийн түүхийг хоёр ботид бичиж гаргахад сайд бидэнд биечлэн туслаж редакторлож байлаа. Сайн ч бүтээл болсон. Тийм ч учир 20 дугаар зууны манлай бүтээлээр ШУА, УИХ-ын дэргэдэх олон нийтийн байгууллагууд шалгаруулж өргөмжлөл гардуулж билээ.
Бид Ш.Жадамба агсны цэргийн өндөр боловсролтой, бичиж боловсруулах нягтлах авьяас чадвар, сэтгэх цар хүрээ, уйгагүй хөдөлмөрч чанарыг нь биширч явдаг. Ер нь ийм хүндтэй хүнийхээ тухай судалгаа шинжилгээний ажлыг гүнзгийрүүлэх сонирхолтой байгаа. Дээрх дөрвөн ботийг гаргаснаар Ш.Жадамба судлалыг эхлүүллээ гэж үзэж байна. Ирэх 2010 онд Ш.Жадамба агсны 70 жилийн ой болно. Энэ ойд зориулж бид эрдэм шинжилгээний зарим нэг бүтээлд нь судалгаа хийж дахин боловсруулалт хийнэ. Өөрөөр хэлбэл дөрвөн ботио үргэлжилүүнэ гэсэн үг. Ялангуяа Монголын цэргийн урлаг, зэвсэгт хүчний байгуулалт, цэргийн сургалт, зэсэг техникийн хангамж, цэргийн удирдлагын асуудлаар гүнзгийрүүлсэн судалгаа хийж Ш.Жадамбаа гуайн энэ бүхэнд оруулсан хувь нэмрийг тодруулах ёстой гэж үздэг. Тийм ч шаардлага хэрэгцээ байна.
Түүний хийсэн бүтээсэн ажил, урд өмнөх үеийн тусламж дэмжлэг нь бидэнд хэнээс ч дутахааргүй сайн багш юм. Тийм учир багшийнхаа талаар судлах, гүнзгийрүүлэх ёстой гэж ойлгож байгаа. Энэ дөрвөн ботийн хувьд Ш.Жадамба гэдэг хүний армид 40 жил зүтгэсэн бүх үйл ажиллагааг бүрэн тусгаагүй нь ойлгомжтой. Гэхдээ цаашдаа судалгааны ажлыг гүнзгийрүүлэх баттай суурийг тавьж чадсан гэж ойлгож байна. Хүмүүс ч сайхан хүлээж авлаа. Баяртай байна.