Өмнөговийг Улаанбаатартай хатуу хучилттай замаар холбогдлоо
Шинэ замын урт 296 км
2014.10.02

Өмнөговийг Улаанбаатартай хатуу хучилттай замаар холбогдлоо

УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг МҮЭХ-ны ерөнхийлөгч байхад нь сэтгүүлчдийн багт орж Өмнөговийг зорьж байснаа саналаа. Өглөө 07.00 цагт нийслэлээс хөдөлж дэржигнүүр замаар сэгсчүүлж ёстой л “амьтан” болж харуй бүрийгээр Дундговь орж байв. Дахиад цааш Өмнөговь руу явна гэхээс яс хавтайж байж билээ.

Харин өнөөдөр Даланзадгадаас үдийн цайгаа уугаад хөдлөхөд орой ажил тарахын хэрд Улаанбаатарт ороод ирэхээр болжээ. Энэ нь Улаанбаатарыг Даланзадгадтай холбосон хатуу хучилттай замын “ид шид”. Зам сайн байна гэдэг хүний цаг зав, эрүүл мэнд, эдийн засагт хүртэл чухал нөлөө үзүүлдэг юм байна гэдгийг биеэр мэдрэв.

Энэхүү Даланзадгад- Цогт-Овоо-Мандалговийн чиглэлийн 296 км хатуу хучилттай замыг нээх ёслолын ажиллагаанд Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Барилга хот байгуулалтын сайд Ц.Баясайхан, тус аймгаас УИХ-д сонгогдсон гишүүн Д.Бат-Эрдэнэ, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат болон бусад албаны хүмүүс очиж оролцсон юм.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Шинэчлэлийн засгийн газар Өмнөговьт хатуу хучилттай замтайгаа ирлээ. Зам дагаж хөгжил гэдэг, цаашдаа аймгаа улам хөгжүүлээрэй’ гэдэг ерөөл тавьсан. “Чингис” бондын 136 гаруй тэрбум төгрөгөөр бутсэн энэ замыг олон компани хэсэг хэсгээр нь нийлж барьжээ.

Тиймээс Ерөнхий сайд бүтээн байгуулалтын ажилд оролцсон компаниудад баярласнаа илэрхийлж нэмээд хариуцлага оноож байна гэсэн. Учир нь өөрсдийн барьсан замынхаа чанар, засвар үйлчилгээг зам тавьсан компани нь хариуцаж байгаа юм байна.

Аймгийн театрын дуучин Б.Цэрэн-Очир “Алтан шар зам” дуугаар, 40 морин хуурч хүүхэд хуураа татаж мялаасан шинэ замаа аймгийн Засаг дарга Б.Бадраа өмнөговьчууд бидний туйлын хүсэл мөрөөдөл биелэлээ гэж дүгнэсэн. Тэрээр “Манай аймаг 83 жилийн дараа нийслэлтэйгээ хатуу хучилттай замаар холбогдлоо” гэж байв.

Ийнхүү ланд унаж, лааны гэрэлд амьдардаг байсан цаг Өмнөговийнхны хувьд ард хоцорлоо. Одоо бензин түлш бага зарцуулдаг жижиг тэргэний эргэлт сайжирна гэж нутгаа төлөөлөн төр түшилцэж байгаа Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ хэлж байна лээ.

Өнгөрсөн жил Баянхонгор, Дундговь, Дорноговь аймгийг нийслэлтэй хар замаар холбосон. Харин энэ жил Сүхбаатар, Хөвсгөл, Өмнөговийг холбох шинэчлэлийн Засгийн газрын зорилгын эхлэл ийнхүү үргэлжилж байна. 2016 он гэхэд бүх аймгийг Улаанбаатартай                холбоно гэдгийг Засгийн газрын тэргүүн мэдэгдсэн.

Улсаасаа баян Өмнөговь аймаг

Ингээд хэлчихэд нэг их буруудахгүй болов уу. Улс төсөв мөнгөгүй, төсвийн орлого тасарч байна гээд байдаг. Өмнөговьд байдал эсрэгээрээ. Улсын төсөвт төвлөрүүлэх орлого нь сүүлийн жилүүдэд эрс өсчээ. Сүүлийн таван жилтэй харьцуулахад 2014 онд төсөвт төвлөрүүлдэг орлогыг 16 дахин нэмэгдүүлсэн гэнэ. Улсын томоохон эмнэлгүүдийн алинд нь ч байдаггүй хоёр тэрбум гаруй төгрөгийн үнэтэй комьпютер томографын аппаратыг орон нутгийнхаа хөрөнгөөр аваад суурилуулчихаж. Эмчээ хүртэл япон, хятадад сургасан гэж байна. Энэ аппарат нь сүүлийн үеийн өндөр хүчин чадалтай маш сайн оношилгоо хийдэг ажээ.

Хүний эд эрхтнийг дурандахдаа ганцхан талаас нь биш хэд хэдэн зүслэг хийж харуулах жишээтэй. Төлбөр нь 100 орчим мянган төгрөг байх юм гэсэн. Гэхдээ эрүүл мэндийн даатгалаас үзлэг шинжилгээ хийлгэхэд олгодог 60 мянган төгрөгийн урамшууллаа хүртвэл өрдөө 40 мянган төгрөгөөр комьпютер томографын аппаратаар оношлуулах боломжийг нутгийнхандаа бүрдүүлжээ. Мөн өмнө нь 12-хон ортой төрөх тасаг байсныг 50 ортой амаржих газар болгон шинээр барьсан байна. Ерөнхий сайд зөвхөн замын нээлтэд оролцоод буцаагүй, шинэ амаржих газрын туузыг ч хайчилсан.

Өмнөговьд жилд 1200 орчим хүүхэд шинээр мэндэлдэг, энэ тоо жил ирэх бүр өсч байгаа гэсэн. Ерөнхий сайд ч “Энэ морин жилдээ багтаж гурван сая дахь иргэнээ хүлээн авах зорилт тавьсан. Гурван сая дахь иргэн шинээр барьсан энэ сайхан эмнэлэгт төрөөсэй” гэдэг ерөөл өргөлөө. Түүнчлэн 888 төсөлд хамрагдаж зээл аван үйл ажиллагаагаа өргөжүүлсэн баялаг бүтээгчдийн ажилтай ч танилцаад амжив.

Үнэхээр ч бүтээн байгуулалт тэнд ид өрнөж байна лээ. Иргэдээ орон сууцжуулахын тулд аймгийн удирдлагууд барилга барих газрыг дэд бүтэцтэй нь шийдэж, найман компанид есөн тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлжээ. Компаниуд нь орон сууцаа борлуулсны дараа дээрх мөнгийг нь буцааж өгөх болзолтой, тэгээд ч бүх байр нь эзэнтэй, урьдчилгаа төлбөрөө төлсөн учраас барилгын явц сайн байгаа гэж байв.

Газар нутгийн хэмжээ нь 165,380.47 км² аж.

Урьд жил ашиглалтад оруулсан орон сууцтай нийлээд энэ жил мянган айл байртай болох боломжийг мөн л хангаж өгсөн нь энэ. Түүнээс гадна аймгийн төвийнхвөө зүүн хойд талд 90 га газар шинэ суурьшлын бүс байгуулж байгаа аж. Сургууль, цэцэрлэг, орон сууц амины орон сууц, үйлчилгээнии төв гээд бүх юм төвлөрсөн энэ бүтээн байгуулалтын инженер шугам сүлжээг хийгээд бараг дуусч байв.

Ерөнхий сайд Өмнөговьд очсоных Тавантолгойн уурхай шинээр барьж байгаа төмөг замын ажилтай ч танилцлаа Шинээр барьж байгаа төмөр замын ерөнхий гүйцэтгэгчээр Солонгосын “Самсунг Си энд Ти корпораци, хяналт тавих ажлыг Германы компани хариуцаж байгаа ажээ.