Говь-Алтайчууд аймгуудаас анх түрүүн нэвтэрхий толь гаргажээ
УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Говь-Алтай аймгийн нутгийн зөвлөлийн зарим гишүүдийг өнөөдөр хүлээн авч уулзав. Уулзалтад УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга Т.Билэгт, “Алтайн оюуны хөгжил” ассоциа цын тэргүүн Ч.Баатар, Говь-Алтай аймгийн Засаг дарга Г.Бямбажав, бэлтгэл хурандаа Ж.Хүрэлжанцан нар оролцож, энэ оны долдугаар сарын сүүлчээр тэмдэглэх гэж байгаа Говь-Алтай аймаг байгуулагдсаны 70 жилийн ойд зориулан шинээр хэвлүүлсэн “Говь-Алтай: Засагт ханы голомт, бидний өлгий нутаг” нэвтэрхий толийн дээжийг УИХ-ын даргад гардуулав.
Аймгуудаас анх удаа бэлтгэж хэвлүүлсэн арван бүлэг, 100 хэвлэлийн хуудастай энэхүү нэвтэрхий тольд тус Засагт хан аймгаас Говь-Алтай аймаг байгуулагдах хүртэлх үеийн түүхийн товчоон, аймгийн хөгжил, ирээдүйн төлөв, байгалийн баялаг, бүс нутгийн онцлог, аймгаас төрсөн алдартнуудын тухай 1500 гаруй өнгөт гэрэл зураг, 2500 хүний намтар танилцуулга багтжээ. Мөн номын хавсралтад Алтайчуудын олонхийг бүрдүүлсэн уламжлалт 64 овгийг сумдаар нь багцлан хүснэгтээр үзүүлсэн байна.
Энэхүү нэвтэрхий толийг түүхч Ж.Хүрэлжанцан эмхтгэж, редакцийн зөвлөлийн ерөнхий зөвлөхөөр нь Замын-Үүдийн чөлөөт бүсийг хариуцсан Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч, эдийн засгийн ухааны доктор, профессор Ч.Баатар ажиллаж, “Алтайн оюуны хөгжил” ассоциациас эрхлэн хэвлүүлжээ.
Говь-Алтай аймгийн нутгийн зөвлөлийн гишүүд уг нэвтэрхий толийн дээжийг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга нарт мөн өдөр гардуулсан байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.