Москва хотын "Улан-Батор" кинотеатрын тухай
Москва хотын "Академческая" метроны буудлын дэргэд байрлах "Улан-Батор" кинотеатр
2014.11.05

Москва хотын "Улан-Батор" кинотеатрын тухай

Уншигч та бүхэндээ Москва хотод байдаг манай улсын нийслэлий нэрийг зүүсэн "Улан-Батор" кинотеатрын тухай нийтлэлийг сонирхуулж байна.

Эхэн үедээ “Ракета” (пуужин) нэртэй байсан уг кинотеатрыг 1959 онд барьжээ. 1975 онд Зөвлөлт-Монголын найрамдлыг билэгдэж “Улан-Батор” нэртэй болгосон байна. Кинотеатр маш том, 940 хүний суудалтай ч  (ийм кинотеатрыг “Мянгатын заал” гэж нэрлэдэг) өдий болтол Dolby дууны системгүй. Ажиллагчдын тоо 10 хүрэхгүй. Захирал, кассчин, шалгагч, хоёр цэвэрлэгч, киномеханикчийн орон тоотой.

Кинотеатрын үзвэрийн танхим.

“Улан-Батор” кинотеатрын түүх “Московское кино” хэмээх төрийн компаний сүлжээнд багтсан цагаас эхэлжээ. 1990-иэд оны өөрчлөлт шинэчлэлтийн дараа кинотеатр ямархуу байдалд орсон тухай ажилтнууд харуусан ярьдаг. Кинотеатрыг хувьчилсны дараа жижиг бизнесийн зарчмаар орлого олохыг оролдсон ч бүтсэнгүй. Бүрэнхий өрөөнүүд биллярдны бараан ширээнүүдээр дүүрэв. 2000-гаад оны дунд үед бүрэн дампуурав. Цонхнууд нь хагарч, гэрэл чийдэн нь шатаж, халаалтгүй болов.  Мэдээж кино гаргахаа болив. Үүнээс дөрвөн жилийн дараа л кино гаргаж эхэлжээ.

Dolby систем байхгүйг эс тооцвол энд кино үзэх ашигтай. Өглөөний болон өдрийн кино үзвэр ердөө 50 рублийн (2500 төг) үнэтэй, оройны кино 100 рублийн үнэтэй. Амралтын өдрүүдээр хуучин Зөвлөлтийн уран сайхны болон хүүхэлдэйн кино үзүүлдэг.

Монгол урчуудын хийсэн ханын чимэглэл

Өдөр бүр таван удаа кино гаргадаг. Ямар кино гаргахыг «Московское кино» компани захирлын хүслийг харгалзан шийднэ.  Голдуу Оросын шинэ кинонууд гаргана. Киног үзэх гэж хамгийн ихдээ 100 хүн ирдэг.

Кино заалын ханын бүх чимэглэл зургийг Монголын урчууд хийсэн байна. Тэд кинотеатрыг нээхэд Москвад тусгайлан ирж байжээ.

Оршин суугч Гоша:

“Би хүүхэд байхдаа нэг л удаа энэ кинотеатрт очиж байсан. Кинотеатр хуучирсан, Зөвлөлтийн үед ямар байсан, яг тэр чигээрээ. Попкорн ч байхгүй. Өмнө нь хачин ойлгомжгүй кинонууд үзүүлдэг байсан бол одоо арай орчин үеийн кино гаргадаг болсон”

Киномеханикчийн өрөөнд  Чехэд үйлдвэрлэсэн гурван аппарат бий. Хоёр нь ажилладаг, нэгийг нь нөөцөнд хадгалдаг. Кино хальснууд нь хуучин дугуй төмөр хайрцагтай. Киног хулгайгаар хуулж авах боломжгүй гэсэн үг.

Киномеханикч Евгений Павлович Чарыков:

“Би 50 гаруй жил кинотай ажиллалаа. Улан-Баторт 1993 онд ирсэн.  Миний гараар мөн ч олон кино дамжсан даа. Хальсны уртыг хэмжвэл хоёр удаа Саран дээр очоод буцаад ирэхтэй тэнцэх байх. Өмнөх шигээ гар аргаар хальсаа эргүүлдэг. Тэгэхээр би таргална гэж айлтгүй.”

Киномеханикч гаргаж буй киногоо сонирхдоггүй. Түүнд таалагдсан ганц кино бол “Галзуу хурд” хэмээх Холливудын кино.

Киномеханикчийн өрөө

Кинотеатрын гол өмчийн нэг «Е1–04м» хэмээх үдэшлэгийн үеэр ашигладаг гэрэлтүүлэгч аппарат. 1980-аад онд үйлдвэрлэсэн. Хүч чадлын хувьд даруухан. Хэдхэн төрлийн өнгийн гэрлэн толбо шал, таазаар эргэлдэнэ. Гэсэн хэдий  ч «Е1–04м» өдий болтол эвдрэлгүй ажиллаж байна.

Кинотеатрын үйл ажиллагаа унаснаас хойш Зоосон мөнгөний судлаачид (Нумизматика) Улан-Баторт цуглаж дуртай ажлаа хийдэг болжээ. Түүнчлэн хуучин цагийн бараан төрхтэй уг барилга танхай этгээдүүдийн үүр болсон байна. Элдвийн дээрэм, танхайрлаас гадна аллага гарсан тохиолдол ч байв.

2013 оны гуравдугаар сард “Улан-Батор” кино театрын удирдлага солигдож, кинотеатрыг хааж их засварт оруулах шийдвэр гарчээ. Ингэснээр зоосон мөнгө судлаачид, танхай этгээдүүдийн аль аль нь байхгүй болов. Удахгүй зөөлөн сандалтай, чанартай дууны системтэй, хүүхдийн тоглоомтой, попкорнтой, хосууд болзсон орчин үеийн кинотеатр бий болно гэдэгт оршин суугчид итгэлтэй байна .