Хятадын тамхины эсрэг хууль чангарч байна
Хятадыг дэлхийн хамгийн том тамхи үйлдвэрлэгч, мөн хэрэглэгч орон гэж нэрлэдэг.
2014.12.02

Хятадын тамхины эсрэг хууль чангарч байна

Хятадын эрх баригчид тамхины эсрэг хуулийг чангатгах гэж буй тухай South China Morning Post мэдээлэв.

Тус сонины мэдээлснээр Хятадын Төрийн зөвлөл шинэ хуулийн төслийн үзэл баримтлалыг агуулсан тогтоол баталжээ. Уг тогтоолд дурдсанаар олон нийтийн газар, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, спорт цогцолборын ойролцоо тамхи татахыг хориглох ажээ. Цэцэрлэгт хүрээлэн, аялал жуулчлалын объектуудад тамхи татах тусгай талбай байх ёстой аж. Түүнчлэн хууль батлагдвал тамхи үйлдвэрлэгч компаниудаас янжуурын хайрцган дээр тамхины хор хөнөөлийн тухай сэрэмжлүүлэг бичихийг шаардана.

Инфографмк: Хятад ба тамхидалт

Хятадыг дэлхийн хамгийн том тамхи үйлдвэрлэгч, мөн хэрэглэгч орон гэж нэрлэдэг. Тус улсад 300 сая хүн тамхи татдаг. Энэ нь АНУ-ын нийт хүн амаас ч илүү гэсэн үг. 740 гаруй сая хүн, түүний дотор 180 сая хүүхэд идэвхгүй тамхи татагчид. Beijing News сонинд бичсэнээр зарим сургуулийг тамхи үйлдвэрлэгч компаний нэрэмжит болгосон тохиолдол ч байдаг байна.

Өнгөрсөн нэгдүгээр сард Хятадад цэцэрлэг, бага болон дунд сургуульд тамхи татахыг хориглосон хууль гарсан. Уг хуулийн дагуу сургуулийн орчинд тамхи татахгүйгээр барахгүй сургуулийн захиргаа шинэ хуулийг сургууль даяар мөрдүүлэх байцаагч хөлслөх ёстой аж. Мөн сургууль, цэцэрлэг тамхи үйлдвэрлэгч компаниудаас хандив авах, рекламыг нь байрлуулах ёсгүй. Харин Их сургуулиудын хувьд тамхи татах тусгай талбай байх ёстой.

Үүнээс өмнө 2013 онд сүүлээр төрийн албан хаагч, намын зүтгэлтнүүдийг олон нийтийн газар болон ажлынхаа байранд тамхи татахыг хориглосон билээ. Мөн төсвийн мөнгөөр тамхи худалдаж авах, төрийн албаны байранд тамхи сурталчлах, зарахыг хориглосон байна.