Төв талбайн сүлд модны гэрлийг асаалаа
Төв талбайн сүлд мод
2014.12.16

Төв талбайн сүлд модны гэрлийг асаалаа

Өчигдөр 19:00 цагт Их эзэн Чингэс хааны талбайд нийслэлийн сүлд модны гэрлийг асаах ёслол боллоо.

Дэлхийн олон оронд бие биедээ сайн сайхныг хүсэж гацуур модныхоо гэрлийг хамтдаа асаадаг уламжлал байдаг. Энэ жишгийн дагуу НИТХ-ын дарга Д.Баттулга, дуучин Б.Амархүү болон нийслэлийн иргэд төв талбайд сүндэрлэсэн сүлд модныхоо гэрлийг хамтдаа асаалаа. Сүлд модны гэрэл асаах ёслолыг нээж НИТХ- ын дарга Д.Баттулга хэлсэн үгэндээ, “Халаагаа өгөх гэж буй 2014 онд Улаанбаатар хотод олон бүтээн байгуулалт өрнөсөн жил байлаа. Шинэ он, шинэ жилийг хүн бүхэн сайн сайхнаар төсөөлж, гэр бүлийнхэнтэйгээ, найз нөхөдтэйгээ, хамт олонтойгоо хамтдаа угтдаг. Өнөөдөр нийслэлийн иргэд та бүхэнтэйгээ хамт шинэ жилийн хамгийн гол чимэг болсон сүлд модны гэрлийг асаах гэж байгаадаа баяртай байна. Та бүхэндээ хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэлээ.