Н.Алгаа: Энэ онд манай эдийн засгийг зэсийн баяжмал л чирч гарлаа
Уул уурхайн компаниуд тухайн орон нутгийн болон ард иргэдтэй хэл амаа ололцоогүй, ойлголцоогүйгээс хардлага сэрдпэг гарч хэрүүл маргаан дэгддэг.
Арга ч үгүй биз танай нутагт ашигт малтмал хайх, олборлох лиценз авсан тул бид үйл ажиллагаа явуулах эрхтэй гэж муйхралдагаас тэр. Энэ үл ойлгололоос гарах ганц гарц нь уул уурхайн компани гэрээ хэлцэл, мэдээллээ ил тод болгох, нийгмийн хариуцлагаа биелүүлж орон нутагт хөрөнгө оруулалт, нөхөн сэргээлт хийх явдал юм.
Ялангуяа Оюу толгой, Таван толгой, Асгат болон нөөц ихтэй томоохон ордыг ашиглах хөрөнгө оруулалтын, борлуулалтын, газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээ хэлцэл, санхүүгийн мэдээлэл нь ил тод байх шаардлага тулгарч буй юм. Манай улсын эдийн засгийг уул уурхайн салбар тодорхойлдог болсон. Иймд тус салбар ил тод, хариуцлагатай байж нийгэм эдийн засагт үр өгөөжөө өгнө.
Энэ үүднээс "Эрдэс баялгийн салбар дахь гэрээний ил тод байдал"/Хэлэлцүүлгийг Нээлттэй нийгэм форум, Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлага, Уул уурхайн үндэсний ассоциаци, иргэний нийгмийн болон төрийн байгууллагууд хамтарч хийлээ. Хэлэлцүүлгийн үеэр мэргэжлийн хүмүүс юу ярьсныг дор өгүүлье.
Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Н.Алгаа
-Энэ онд уул уурхайн салбарт хэдий хэмжээний хөрөнгө оруулалт орж ирэв. Тус салбарын өнөөгийн байдал ямар байна вэ?
-Одоохондоо тоо баримт нь бүрэн гараагүй байна. Ер нь хөрөнгө оруулалт өнгөрсөн оныхоос огцом буурсан. Харин ашигт малтмалын экспорт нэмэгдсэн. Тухайлбал, Оюу толгойн зэсийн баяжмалын экспорт төлөвлөсөн
хэмжээндээ хүрлээ. Нүүрсний орлого энэ онд тасарсан. Үүнийг зэсийн баяжмалын экспортын өсөлтийг нөхөж гадаад худалдаа ашигтай гарч байгаа юм. Тэгэхээр энэ жил Эрдэнэт, Оюу толгойн зэсийн баяжмал Монгол Улсын эдийн засгийг чирч гарлаа.
-Тэгвэл ирэх онд ямар байх дүр зураг ажиглагдаж байгаа бол?
-Эдийн засаг сэргэх байх гэж найдаж байна. Олон улсын шинжээчид ашигт малтмалын уналтын мөчлөг эцсийн цэгтээ туллаа. Ялангуяа зэс, алт өнөөгийн үнээс доош унахгүй гэж байгаа. Тэгэхээр ирэх онд сэргэх бололцоо харагдаж буй юм. Манай экспортын нүүрсний үнэ ханш асуудалтай. Учир нь ганц зах зээлээс хамааралтай юм. Бирж дээр худалдаалдаггүй. Зөвхөн хоёр талын худалдааны гэрэргээр үнэ тохирдог. Одоо Оюу толгой, Таван толгойн асуудлаа хурдан шийдвэл хөрөнгө оруулалт нэмэгдэнэ.
-Үнэ ханшийн уналтаас гадна манай уул уурхайн салбарт өнөөдөр тулгамдаж буй ямар асуудал байна вэ?
-Манай улсын эрх зүйн орчин тогтворгүй байдаг. Урьд нь муутгасан хууль эрх зүйн орчноо саяхан заслаа. Гэвч хөрөнгө оруулагчдын нэгэнт алдсан итгэлийг олж авах алхам хийгээгүй л байна. Энэ нь нэг бэрхшээл юм. Үүнээс гадна хүнд суртал гэсэн чөдөр тушаа бий. Уг бэрхшээл зөвхөн уул уурхайд ч бус бүх салбарын том жижиг гэлтгүй бизнесийн хөгжилд саад тотгор болдог. Жишээлбэл асар олон гарын үсэг, зөвшөөрөл цуглуулах хэрэг гардаг. Үүнийг багасгалаа ч түүнийг орлосон журмууд гараад ирвэл мөн л ялгаагүй юм.
-Уул уурхайн салбарын гэрээ хэлцэлийг ил тод болгох боллоо. Үүнийг компаниуд хэр хүлээж авав. Бизнесийн нууц задарна гэсэн болгоомжлол байна уу?
-Юуг яаж ил тод болгох вэ гэдгийг бүгд сайн ойлговол ямар ч асуудалгүй. Олон улсын туршлага хэрэгжүүлж буй байдлыг харвал компанийн нууцад хамаарахаас бусад мэдээллийг ил тод болгож буй юм. Өөрөөр хэлбэл хувийн компаниуд Засгийн газрын байгууллагуудтай хийсэн гэрээг нийтийн эрх ашгийн төлөө ил тод нээлттэй болгоно. Ийм гэрээ хэлцэл ард түмэнд ил болж эхэлсэн. Үүнийг уул уурхайн компаниуд бүгд хүлээн зөвшөөрсөн.
Одоогоор газрын тосны ганц нэг гэрээнээс бусад нь ил болсон гэж хэлж болно. Байгаль орчин, хүний эрүүл мэнд, нийтийн эрх ашгийг хөндсөн заалтууд нь ил тод байх ёстой юм. Байгууллагын нууцад ямар мэдээлэл орох вэ гэдгийг тодорхой болгох хэрэгтэй байна. Өрсөлдөх чадварыг нь муутгасан, хүний нөөцийн менежмент, технологи, борлуулалтын гэрээг ил болгоно гэсэн асуудал яригдахгүй байгаа юм.
Гэтэл зарим нь бүх гэрээ хэлцэл ил байх ёстой гэж буруу ташаа ойлголт бас бий. Тэгэхээр ямар мэдээллийг, хэзээ яаж ил тод болгох вэ гэдгийг төр, компаниуд, иргэний нийгмийн байгууллагууд тохирох шаардлага тулгарч байна.