Эрүүл мэндийн салбарын 2015-2015 оны хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээр байгууллаа
Эрүүл мэнд, спортын яам, Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбоо, Монголын хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын нэгдсэн холбооны хооронд байгуулсан 2015-2016 оны хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хамтын хэлэлцээрт гурван талын хэлэлцээрийн бүрэлдэхүүн гарын үсэг зурж, албажуулах ажиллагаа өнөөдөр ЭМСЯ-нд боллоо.
Энэхүү ажиллагаанд Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба, Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Мягмар, Монголын хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын нэгдсэн холбооны ерөнхийлөгч З.Мэндсайхан, МХХЭМБНХ-ны дэд ерөнхийлөгч, Хатагтай эмнэлгийн ерөнхий захирал А.Отгонболд болон бусад албаны хүмүүс оролцлоо.
Тус хамтын хэлэлцээрээр эрүүл мэнд, спортын салбарт ажиллаж буй хүмүүсийн хөдөлмөрлөх эрх, тэр дундаа цалин хөлс, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлуудыг салбарын хэмжээнд шийдвэрлэхээр туссан нь онцлог байлаа.
Энэхүү хэлэлцээр нь хөдөлмөр эрхлэлт, цалин хөлс, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй гэсэн дөрвөн бүлэг 61 заалттай аж.
Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооноос цалин хөлсийг төсөв, эрүүл мэндийн даатгал, нэмэлт тусламж үйлчилгээ, ажлын ачаалал, хөдөлмөрийн норм норматив, инфляцитай уялдуулан жил бүр нэмэгдүүлэх замаар салбарын ажилтнуудын дундаж цалинг гурван саяд хүргэхийн төлөө талууд хамтран ажиллах, эрүүл мэнд, спортын салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1.5 дахинаар нэмэгдүүлж 288.000 төгрөгөөр тогтлоо.
Мөн жижүүрт хоносон эмч нарын дөрвөн цагийг илүү цагийн хөлсийг хасч тооцдогийг зогсоож бүрэн оруулахаар талууд тохиролцсон юм.
Түүнчлэн байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулах, ур чадварын нэмэгдэл олгох, шөнийн цагийн нэмэгдэл олгох, орон сууцанд хамруулах, газар олгуулах, түлээ нүүрсний хөнгөлөлт олгох, ажлын ачааллыг бууруулж орон тоог нэмэгдүүлэх, эмнэлэг бүрт сэтгэл зүйч ажиллуулах, эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар нийгмийн баталгааг сайжруулах, хөдөлмөр хамгааллын иж бүрэн хувцсаар хангуулах зэрэг асуудлуудыг шинэ хэлэлцээрт тусгаж чадсан юм.