А.Бакей: Намрын чуулганы үеэр улс төрийн нөхцөл байдал амаргүй байлаа
Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей
2015.03.04

А.Бакей: Намрын чуулганы үеэр улс төрийн нөхцөл байдал амаргүй байлаа

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооныхон намрын чуулганаар хийсэн ажлынхаа үр дүнг өчигдөр тайлагналаа. Төрийн байгууллагын бүтэц, эрх мэдлийн хуваарилалтыг өөрчлөх, албан тушаалтныг томилох, чөлөөлөх асуудлыг чуулганы хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэдэг учраас энэ Байнгын хорооны ажил олны анхаарлыг татдаг. Тус Байнгын хороо намрын чуулганы хугацаанд 29 удаа хуралдаж, давхардсан тоогоор 165 асуудлыг хэлэлцүүлэгт бэлтгэжээ. Үүнээс хууль 124, УИХ-ын тогтоол 26, Байнгын хорооны тогтоол дөрөв, албан тушаалтныг томилох асуудал 13-ыг хэлэлцсэн байна. Хэлэлцсэн төслүүдийн дийлэнх нь нэмэлт, өөрчлөх оруулах тухай байжээ.

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей “Намрын чуулганы үеэр улс төрийн нөхцөл байдал амаргүй байлаа” хэмээн онцлов. Чуулганы хугацаанд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын гишүүн сайдын албыг давхар хашихгүй байх эрх зүйн орчин бүрдүүлэх санал гаргасан. Үүнээс хойш УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа мөртлөө сайдын албан тушаал давхар хашиж буй улстөрчдийг “давхар дээлтэн” гэж нэрлэх болсон. Тэдний давхар дээлийг тайлах “хөдөлгөөн” нэг хэсэг өрнөж, УИХ-ын гишүүн Х.Баттулга уг санаачилгыг дэмжин Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын албан тушаалаасаа татгалзсан билээ. Улмаар шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг танхимынхаа бүтцийг өөрчлөх хуулийн төсөл өргөн барьсан. Тэрбээр 13 яам, 11 тохируулагч, 19 хэрэгжүүлэгч агентлагтай Засгийн газар байгуулах саналаа УИХ-д өргөн барьж батлуулсан.

Гэвч удалгүй түүний Засгийн газрыг огцруулсан. Дараа нь шийдлийнх хэмээх тодотголтой Засгийн газрыг 19 яамтай байгуулж, Ерөнхий сайдаар Ч.Сайханбилэг томилогдоод байгаа. Шинэ Засгийн газрын гишүүдийн 52.6 хувь нь УИХ-ын гишүүн буюу “давхар дээлтэн” аж. Засгийн газрын данхар бүтцийг хумих, УИХ-ын гишүүнийг сайдаар ажиллуулахгүй байх санаачилга “гал мэт цоролзсон” ч газар авсангүй. Үнэхээр ч өнгөрсөн намрын чуулганы үеэр улс төрийн нөхцөл байдал амаргүй байсан гэдэгтэй олон нийт санал нийлэх биз. Монгол Улс зах зээлийн чөлөөт нийгэмд шилжсэнээс хойш 11 Засгийн газар байгуулжээ. Үүний хоёр нь л бүрэн эрхийнхээ хугацааг дуустал ажилласан түүхтэй аж.

Энэ үеэр А.Бакей “Дунджаар нэг Засгийн газар 28 сар ажилласан байна лээ. Тэгэхээр өмнөх Засгийн газрууд мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх замдаа огцорсон гэсэн үг” хэмээн тодотгов. Түүнчлэн тус Байнгын хороо МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл, Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийг шинээр томилох асуудлыг хэлэлцсэн. Мөн Монгол хэлний тухай хуулийг батлахад чамгүй хүчин чармайлт гаргаж ажилласан байна. УИХ-ын гишүүдийн “давхар дээл”-ийг тайлуулах, Засгийн газрын бүтцийг өөрчлөх, огцруулах, шинээр эмхлэн байгуулахад ихээхэн цаг хугацаа зарцуулсан тул төлөвлөсөн ажлаа амжуулж чадаагүй гэнэ. УИХ-ын хаврын чуулганаар Үндсэн хуулийн өөрчлөлт, Сонгууль, Улс төрийн намууд, Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга, Улс төрийн намуудын санхүүжилт, Нийтийн сонсголын тухай хуулийг хэлэлцэнэ.

Тиймээс дээрх хуулийн төслүүдийг боловсруулах Ажлын хэсгүүд байгуулжээ. Тухайлбал Үндсэн хуулийг өөрчлөх Ажлын хэсгийг Н.Батбаяр, Сонгуулийн хуулийнхийг Ж.Батзандан, улс төрийн намуудынхыг Ш.Түвдэндорж гишүүнээр ахлуулсан байна. Чуулганы завсарлагаагаар эдгээр хуульд иргэдийн саналыг тусгах үйл ажиллагааг зохион байгуулах аж. Үндсэн хуулийг өөрчлөхдөө парламентын засаглалыг бэхжүүлэх, УИХ-ын гишүүн давхар албан тушаал эрхлэхийг хориглох, Засаг захиргаа нутаг дэвсгэрт хот хэмээх статус нэмэх, аймгийн Засаг даргаа иргэд сонгох эсэхийг хэлэлцэн шийдвэрлэх чигтэй байгаа.

Сонгуулийн тухай хуулийг боловсруулж дууссан бөгөөд УИХ-д суудалтай намууд цөөн асуудлаар санал зөрүүтэй байгаа гэнэ. Тухайлбал, МАН-ынхан сонгуулийг нэг тойрогт нэг нэр дэвшигч өрсөлдөх мажоритар тогтолцоогоор явуулъя гэсэн санал гаргажээ. Харин АН-ынхан одоо хүчин төгөлдөр байгаа хуульд тусгасан 28:48 буюу холимог тогтолцоог дэмжиж байгаа гэнэ. Энэ үеэр С.Дэмбэрэл гишүүн “Нэр дэвшигчдийн 50 хувийг намын нэрээр, 50-ыг тойрогт өрсөлдүүлэх хэрэгтэй. Дэлхийн жишиг ийм байгаа. Мажоритар тогтолцоогоор сонгууль явуулах нь нийтийн жишгээс ухарсан хэрэг” гэсэн юм.