Ээжүүд "Сайхан" үйл ажиллагаанд талархлаа илэрхийллээ
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан нийслэлийн Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбооноос “Сайхан” үйл ажиллагааг амжилттай зохион байгуулж, олон ээжийн баяр талархлыг хүлээлээ.
2015 оны гуравдугаар сарын 3-7-нд болсон эл арга хэмжээнд есөн дүүргээс судалгаагаар сонгогдсон өрх толгойлсон олон хүүхэдтэй 50 эмэгтэй оролцсон байна. “Сайхан” үйл ажиллагаанд оролцсон эмэгтэйчүүд “Инжир”, “Танхилуун” гоо сайхны салоноор үнэ төлбөргүй үйлчлүүлж, гэрэл зургийн “Хасбу” студид дурсгалын зураг татуулав.
Мөн Нийслэлийн НАМЭХ-ны тэргүүлэгчид гарын бэлэг гардуулсан юм. Нийслэлийн Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбооны дарга Б.Саранчимэгийн санаачилгаар зохион байгуулсан “Сайхан” арга хэмжээнд оролцож, нэг өдрийг хамтдаа, дурсамж дүүрэн өнгөрүүлсэн ээжүүд баярласан талархсан сэтгэлийн үгсээ хэлж, цаашид нийгмийн сайн сайхны төлөө үйл ажиллагаанд идэвх зүтгэлтэй оролцож байхаа илэрхийлсэн байна.