Далай ламын хойд дүр хэн байхыг Бээжин мэднэ
Дээрхийн гэгээнтэн Далай лам
2015.03.27

Далай ламын хойд дүр хэн байхыг Бээжин мэднэ

Бээжингийн эрх баригчдын мэдэгдэж буйгаар Далай ламын хойд дүр хэн байхыг Хятадын Коммунист нам шийднэ гэжээ. Хойд дүрийг тодруулах үйл явц, түүний үр дүн 1995 онд Ванчин богдыг сонгосонтой адил зүйл болох магадлал өндөр байна.

Саяхан Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн 12 дугаар Их хурал болсон. Хурлын дараахи хэвлэлийн бага хурал дээр Төвдийн автономит тойргийн Ардын төлөөлөгчдийн хурлын дарга Бадмаа Чолин нь Далай ламын хойд дүр хэн байхыг Далай лам шийдэхгүй гэж хэлсэн. Тэрээр хойд дүр тодруулах ажлыг Төв Засгийн газар хариуцах ёстой гэж үзэж байгаа аж.  Бээжингийн эрх баригчдын мэдэгдэж буйгаар дараагийн далай лам хэн байхыг Хятадын Коммунист нам шийднэ гэжээ. Гэхдээ Коммунист нам чухам ямар байдлаар хойд дүр тодруулах нь сонирхолтой.

Хэрэв Хятадаас дүрвэж Америкт амьдарч буй Төвдийн ламын бичсэн “Луугийн саварт амьдрахуй буюу Хятадын эрхэн дэх төвд ламын түүх” нэртэй номыг уншвал дээрх хариулт бэлэн буй.  Номыг зохиогч  Аржаа Ринбүчи 1995 онд Ванчин Богдын хойд дүрийг тодруулах ажилд “оролцсоноос” болж Хятадын эрх баригчдын дургүйг хүргэжээ. Хятадаас дүрвэхээс өмнө одоогийн Цинхай мужийн Кумбум хийдийн тэргүүн байжээ.

Аравдугаар Ванчин Богд Чог Гэлцэн Төвд рүү явах замдаа учир битүүлгээр нас барсны дараа Хятадын Засгийн газар түүний багш Гэг Ринбүчигийн удирдлаган дор дараагийн дүрийг “тодруулах” ажлын хэсэг гаргажээ. Аржаа Ринбүчи нь Ванчин ламын Ташилунго хийдийн тэргүүн Чадрал Ринбүчигийн хамтаар нас дээр гарсан Гэг Ринбүчид туслахаар болов. Аржаа хожим дурсахдаа: “Хятадын эрх баригчид Чадрал Ринбүчид тодорхой заавар өгч түүнд итгэсэн” гэж ярьжээ.

Гэвч Гэг Ринбүчи нас барсны дараа үйл явц өөрчлөгдөв. Чадрал Ринбүчи Далай ламтай нууцаар уулзсаныг Бээжин мэдэв. 1995 оны 11 дүгээр сарын эхээр үйл явц хурдсаж Коммунист намынхан Ванчин Богдын асуудлыг хэлэлцэхээр Бээжинд онцгой хурал зарлав. 

Хожим Аржаа Ринбүчи ингэж ярьжээ.  

-          Яг тэр үед би Чадрал Ринбүчийг баривчилсан тухай мэдсэн юм. Дараа нь Далай ламын салан тусгаарлагчид Алтан ваарнаас хойд дүр тодруулах ёслолд оролцохыг зөвшөөрөхгүй гэсэн мэдэгдэл гарсан”.

Дараагийн өдөр дахин нэг зөвлөгөөн болж Лабранг хийдийн тэргүүн Жамъян Шэв,  Төвдийн автономит тойргийн лам Бум Ринбүчи, Аржаа нар оролцов.  Мөн тэр хурал дээр Цинхай мужийн Намын төв хорооны дарга ирсэн байлаа. Лам нар шахаанд орж Бээжингийн шийдвэрийг дагахаас өөр аргагүй болов. 

-          Уулзалт маш хурдан болж өнгөрөв. Тэр өдөр нь Хятадын төв телевиз энэ тухай мэдээг дэлхий даяар дамжуулав. 

Аржаа Ринбүчи

Удалгүй Ванчин Богдыг Алтан ваарны сугалаагаар тодруулах ёслолыг хэлэлцэх уулзалт болов.  Ёслол Лхасын Джоканг хийдэд болох ёстой байв. Аржаа Ринбүчи хожим ингэж ярьжээ. 

-          Бид Лхасын Гонггар онгоцны буудалд буусан юм. Онгоцны буудлыг Хятадын ардын чөлөөлөх армийн цэргүүд, зэвсэглэсэн цагдаа нар хамгаалж байлаа. Энэ нь Далай ламын талын хүмүүсээс сэргийлсэн арга хэмжээ байсан юм. “Хэрвээ та нар Далай ламыг дэмжих оролдлого хийвэл хатуу цээрлүүлнэ” гэсэн сануулга өгсөн.

-          Ёслолын ажиллагаа 1995 оны 11 дүгээр сарын 29 нд Джокангад шөнө дунд болсан юм. Хэдийгээр харанхуй байсан ч хоорондоо хэд хэдэн алхмын зайтай сум нэвтрэхгүй хантааз өмссөн  цэргүүдийг харж болохоор байв. Булан бүрт энгийн хувцастай тагнуулын хүмүүс зогссон байлаа. 

Хятадууд Ванчин Богдын хойд дүрийг тодруулах эмгэнэлт үйл явц дараах байдлаар үргэлжилжээ. 

-          Бурхан багшийн суугаа баримлын өмнө шар торгоор бүтээсэн том ширээ тавьжээ. Ширээн дээр 50 см орчим өндөртэй алтан ваар тавив. Ширээг тойрон төрийн өндөр албан тушаалтнууд суув.

Тэдний дунд Хятадын төрийн зөвлөлийн дарга, хожим Улс төрийн товчооны байнгын гишүүн болсон Ло Ган,  тэр үеийн Төвдийн автономит тойргийн захирагч Гэлцэн Норов нар байв. 

-          Вааран дотор зааны ясаар хийсэн хар гэртэй гурван бичиг бүхий жижигхэн хайрцаг хийсэн байлаа. Тэр гурван цаасан дээр Ванчин Богдын хойд дүрээр тодрох гурван нэр дэвшигчийн нэр байсан юм. Цаас бүрийг жижигхэн даавуун уутанд хийсэн. 

Бээжингээс томилсон Бум Ринбүчи гурван уутнаас нэгийг нь сугалж Ло Ганд дамжуулж өгчээ.  Харин Ло Ган Төвдийн дарга Гэлцэн Норовт өгөв.  Ванчин Богдын хойд дүрээр Гэлцэн Норов гэгч тодров. Өөрөөр хэлбэл Гэлцэн Норов Гэлцэн Норовоо сонгосон хэрэг болов. Хожим нь “Засгийн газар өөртөө зориулж Ванчин ламаа сонголоо” гэсэн хошигнол гарав.  Аржаагийн номыг уншвал дараагийн Далай ламыг Хятадууд яаж сонгохыг төвөггүй ойлгоно.

Хятадуудын тодруулсан Ванчин Богд

Засгийн газрын тодруулсан “Ванчин Богд” болох Гэлцэн Норовыг Ташилунпо хийдэд заларсны дараа Аржаа Ринбүчи онгоцоор Бээжин рүү буцжээ.  Түүнийг Засгийн газрын сайд Ли Теин, Бээжин дэх шашны асуудал хариуцсан товчооны дарга Е Сяовэнь нар онгоцон доторхи өрөөндөө урьжээ.

-          Тэд их сэтгэл хангалуун харагдаж байв. Ли Теин энэ явдлыг Хятадын түүхэн дэх чухал үе гэж хэлэв. 

-          Харин Е Сяовэнь дараах нууцыг санаандгүй дэлгэсэн юм. Е Сяовэний ярьснаар тэд сонголтоо хийхдээ ямар ч алдаа гаргаж болохгүй байв.  Тэд алтан вааран дахь гурван уутны нэгнийх нь дор зориудаар хөвөн хийж өндөрсгөжээ.  Ингэснээр Бээжингийн хүссэн хүн Ванчин Богдоор тодрох ажиллагаа амжилттай болсон аж. 

1995 онд Далай ламын шийдвэрээр Ванчин Богдын хойд дүрээр тодорч байсан Гэндэн Чоки Нямаа нь өнөөг хүртэл Хятадын хаа нэгтээ гэрийн хорионд байгаа. 

Далай лам тодруулж, Хятадын Засгийн газар гэрийн хорионд хийсэн 11 дүгээр Ванчин Богд

Хэрэв Хятадууд энэ аргаа хэрэглэх юм бол Далай ламын хойд дүрийг тодруулах ажил дээрхтэй адил байх нь гарцаагүй юм.

Энэхүү эх нь Францын төвд судлаач, түүхч, сэтгүүлч Клод Арпигийн нийтлэлийн орчуулга болно.