Ийм нам төрөн төлөвшихөд дахиад бүтэн зуун шаардагдана
2011.02.22

Ийм нам төрөн төлөвшихөд дахиад бүтэн зуун шаардагдана

Монгол Ардын Нам эх орныхоо тусгаар тогтнолын төлөө чин зоригоо нэгтгэсэн Монголын шилдэг эх орончдын хамтын бүтээлч хүчин чармайлт, шаргуу тэмцлийн үр дүн, нийгмийн захиалгаар байгуулагдан бэхжиж, ардын хувьсгалыг удирдаж, эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бүрэн төгс ялалтад хүргэсэн юм. Үүгээрээ 1911 оны үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний өрнөлт таслагдан үгүй болж байсныг сэргээн тогтоосон төдийгүй түүнийг нийгэм, эдийн засгийн ардчилсан өөрчлөлтүүдээр батжуулан шат ахиулан эргэлт буцалтгүй болгосон гавьяатай билээ.

 Манай нам XX зууны шинэ Монголын бүтээн байгуулалтыг манлайлан удирдаж, үйлдвэрлэх хүчний хөгжил болон нийгмийн харилцааны хувьд ихээхэн хоцрогдож, ирээдүй нь мухардалд орсон феодалын улсыг шинэ цагийн шаардлагад нийцүүлэн эдийн засаг, боловсрол, эрүүл мэнд, соёл, шинжлэх ухаан, улстөрийн байгуулалтыг зөв зохион байгуулж, хэн ч олж харж, хүлээн зөвшөөрөхгүй байхын аргагүй ололт, дэвшилд хүргэж, өнөө цагийн Монгол Улсыг дархлан бүтээснээрээ хийсэн ажил, хатуужсан замнал, хөгжлийн бодлогоороо Монголын тусгаар тогтнол, ирээдүйн хөгжлийн баталгаа болсон улс төрийн ууган хүчин юм.

 Монгол Ардын Нам эх орныхоо хөгжил дэвшил, цэцэглэлтийн язгуур эрх ашгийн төлөө ардчиллын тулгуур зарчмыг удирдлага болгон бусад улстөрийн хүчнүүдтэй зохицон ажиллах чадвартай, цаг үеэ мэдэрч үйл ажиллагааны шинэчлэл хийж чаддаг, өргөн олон түмнийг эгнээндээ нэгтгэж, ард түмний дэмжлэгийг хамгийн ихээр хүлээдэг улстөрийн хүчин гэдэг нь түүний үзэл баримтлал, хөтөлбөр, үйл ажиллагаа, улс орноо дэлхийн хамтын нийгэмлэгтэй нягт харилцаатайгаар зах зээлийн эдийн засгийн замаар хөгжүүлэх талаар дэвшүүлж байгаа зорилт, хэрэгжүүлж буй үйл ажиллагаанаас нь нэн тодорхой харагддаг билээ.

Монгол Ардын Нам ард түмнийхээ итгэл найдварыг улам бэхжүүлэн эх орныхоо эдийн засгийн хөгжлийн эргэлтийн энэхүү нэн хариуцлагатай цаг үед бодлого зорилтоо улам чамбайруулж, эдийн засгийн хөгжлийн үр дүнг дээшлүүлэх замаар монгол хүнийг хөгжүүлэх, ард иргэдийн аж амьдралыг шинэ шатанд гаргах боломжийг бүрэн ашиглахад бүх шатны боловсон хүчний мэдлэг чадвар, хариуцлага, иргэдийнхээ төлөө гэсэн чин эрмэлзлийг шалгуур болгон ойрын ирээдүйд цоо шинэ дэвшилд хүрэх зорилт дэвш үүлэн хэрэгжүүлж байна юм.

 

Монгол Ардын Нам нь ард түмэн, улсынхаа төлөө хамгийн бодитой ажлыг хийж, монголчуудыг дэлхийн хөгжилтэй орны иргэдийн төвшинд хүргэж чадах тулхтай, боловсон хүчний нөөц, гадаад харилцааны туршлага, нийгэм эдийн засгийг удирдах чадвартай нам билээ. Ийнхүү манай нам шинэ зуунд уламжлал шинэчлэлийг хослуулан эх орон, ард түмнийхээ төлөө гэсэн анхны эрхэм зорилго, түүхэн залгамж чанар, уугуул шинжээ хадгалан, ардчилсан Монгол орныхоо хөгжил дэвшлийн бодлогыг боловсруулан хэрэгжүүлэх түүчээ болон эрчимтэй үйл ажиллагаа явуулж, ахмад, залуу, идэр насныхныг эгнээндээ нэгтгэж, ард түмнийхээ итгэл найдварыг хүлээж байгаа хамгийн ирээдүйтэй улс төрийн хүчин гэж харж байна.

 

Ард түмнийхээ хамт дайныг туулан бүтээн байгуулалт хийж чадсан 90 жилийн түүхтэй алдаа, оноо амжилт бүтээлийн асар их сургамж, арвин их туршлагатай ийм нам төрөн төлөвшихөд дахиад бүхэл зуун шаардагдах болно.

 

Монгол Ардын Намын нарийн бичгийндарга,

Монгол Улсын Шадар сайд М.Энхболд

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.