Фракци эрх мэдэл, албан тушаал хуваарилагч болсон
УИХ-ын гишүүн Г.Батхүү
2015.04.08

Фракци эрх мэдэл, албан тушаал хуваарилагч болсон

УИХ-ын гишүүн Г.Батхүүтэй  цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Бараг 2012 оны сонгуулийн дараагаас  эхэлж яригдсан асуудлын нэг бол улс төрийн намын тухай хууль. Та хуулийн төслийн Ажлын хэсгийн гишүүн. Ер нь энэ хууль хаврын чуулганаар амжиж батлагдах найдвар байна уу. Ажлын хэсэг хэр идэвхитэй ажиллаж байна вэ?

Улс төрийн намын  тухай хуулийн ажлын хэсэг эрчимтэй хуралдаж, асуудалдаа  ажил хэрэгч хандаж чадахгүй байна. Үүний гол  шалтгаан нь парламентад суудалтай улстөрийн намууд   бүгд санал нэгдэж дэмжих боломжтой хувилбарыг гаргаж чадахгүй байгаатай  холбоотой юм. Монголын ард түмний нийтлэг эрх ашигт нийцсэн  хууль гарах ёстой. Тиймээс намуудтай ярьж, танилцуулж, хэлэлцээр хийх шаардлага гарч нэлээд цаг авч байна. 

Парламентад суудалтай намууд хамтарч Засгийн газраа байгуулсан нь хэд хэдэн гол хуулиудыг батлах бас нэг зорилготой байсан гэж ойлгож  байгаа. Засгийн газар байгуулагдсанаас хойш хуулийн төсөл нэлээд хурдацтай явах болов уу гэсэн хүлээлт байсан ч санаснаар болохгүй байна л даа.

Ер нь улс төрийн намын тухай, улс төрийн намын санхүүжилтын тухай хуулиудыг өөрчлөх зайлшгүй шаардлага байгаа. Одоогоор Ажлын хэсэг нэгдсэн байр суурьт хүрээгүй учир би хувь гишүүнийхээ байр суурийг л  илэрхийлнэ.

Улс төрд олон жил явж байгаа хүний хувьд улс төрийн намын тухай хууль намуудад тэгш үйлчилдэг, хуулийн бололцоог хангаж өгдөг, УИХ, бүх шатны сонгуульд нэр дэвших боломж нээлттэй, ижил тэгш нэг гараанаас эхэлдэг байх цаашлаад  намын хатуу гишүүнчлэлийн асуудал гээд эргэж харах зүйл их бий.

Сая гаруй хүний дунд сонгууль болдог жижиг орны хувьд олон намууд хатуу гишүүнчлэлтэй байх нь зөв үү гээд олон бодол толгойд эргэлддэг. Дэлхийн зарим улсад гишүүнчлэлгүй намын тухай асуудал хүртэл байдаг. Харин манайд намаараа хатуу хуваагдчихдаг.

Иргэн хүн магадгүй нэг намыг сонгоод дэмжсэн бол дараа нь аль сайн  мөрийн хөтөлбөртэй намыг дэмжих эрх нь хаалттай. Тэр намын  гишүүн учраас өөрийнхөө намыг л дэмжих ёстой гэдэг байр сууринаас асуудалд хандаж байна.  

Харин манайд намаараа хатуу хуваагдчихдаг.

Энэ нь  тухайн хүний үр хүүхдэд хүртэл нөлөөлдөг. Цаашдаа өөрийнх нь элссэн нам ялахгүй бол ажилгүй болох хүртлээ хүнд байдаг ордог. Ийм байдалд орохгүйн тулд өөрийнхөө овоглогдсон  намаа ялуулахын төлөө хууль бус зүйл  ч хийхээс буцахгүй байх жишээтэй.

Төрд орохдоо намаасаа түдгэлзэж байна. Гэсэн ч төрийн албанд тэр намын, энэ намын хүн гэх яриа байсаар л байгаа. Энэ бол улс төрийн харилцаанд байж болохгүй зүйл. Үүнийг өөрчлөх ёстой.  Эхлээд намын хатуу гишүүнчлэлийг багасгах, 10 мянгаас доош хүн амтай сум суурин газарт намын бүтэц байх шаардлагагүй, баг хорооны Засаг даргыг намаас сонгохгүй байх гэх зэргээр зохицуулалт хэрэгтэй. Засаг захиргааны аль нэгжид намаас сонгогддог байх вэ гэдэг асуудлыг ч  бодох  ёстой болж байна.

Бас нэг хүндрэлтэй асуудал нь аль нэг нам нь Засгийн газраа байгуулчихдаг, аймагтаа нөгөө нам нь гардаг. Эсрэгээр сумандаа өөр нам ялалт байгуулчихдаг. Үүнээс  болоод төрийн бодлого  тууштай хэрэгжих боломж хомс болчихож байгаа юм. Нам болгон өөр өөрийн мөрийн хөтөлбөртэй, өөр өөр үзэл баримтлалтай. Гэтэл зарим ухвар мөчид хүмүүс тэр нам төрийн дээр байгаа болохоор муу ч байсан сайн гэдэг зарчмаар ханддаг нь  эцэстээ ард түмэн, улс орныг л хохироож байна.

-Үүнээс гадна намуудын санхүүжилтын асуудал нэлээд маргаантай байх шиг байна. Хуулийн төсөлд ямар өөрчлөлт оруулахаар ярьж байгаа вэ?

Нам хувь хүн, аль нэг компаниас хараат байх уу, эсвэл парламентад суудалтай намууд  төрөөс санхүүжилт авч, түүнийг нь  тусгай аудитын байгууллага хянадаг байх уу гэх зэргээр. Хэрэв намууд төрөөс санхүүжвэл тэр санхүүжилт нь шилэн дансанд байгаа мэт ил тод, түүнийг нь байнга хянадаг байх гээд яригдаж байгаа зүйл бий.

-Намууд нэгдсэн ойлголцолд хүрээгүй байна гэж та  хэлсэн. Өмчийн асуудал дээр нэгдсэн ойлголтод хүрч чадахгүй байна уу?

Өмч  яах аргагүй маргаантай асуудлын нэг. Нам ашгийн төлөө байгууллага, компани биш. Нам өмчтэй байх, түүнийгээ авч явах гэж бөөн зардал гаргадаг, мөнгө олохын төлөө хувь хүн, аж ахуй нэгжээс хандив нэрээр мөнгө авдаг байдал энэ хэвээр үргэлжилбэл Монголын төр хэн нэгнээс хамааралтай болох аюултай. Тиймээс намууд нийтийн өмчтэй, зардлыг нь улсаас даадаг  жишиг рүү л орох ёстой.

Тэгэхгүй бол компани шиг өмчөө түрээслүүлчихээд  ашиг олох нь зохистой биш. Улс төрийн намуудын төлөвшилд сөргөөр нөлөөлнө, шинээр улс төрийн хүчин  гарч ирж, бэхжихэд хүнд болно. Мэдээж өмчийн асуудлыг ярихад  хүндрэл байгаа. Байргүй намын гишүүн учраас байртай намын өмчийг авах асуудлыг ярьж байгаа юм биш. Би аль нэг намд зориулж яриагүй. Энэ бол зарчим байх ёстой. Тиймээс үүнд намууд эмзэглэхгүй гэж бодож байна.

-Намууд өнөөдөр УИХ дахь суудлынхаа тоогоор төрөөс санхүүжилт авч байгаа. Хуулийн төсөлд төрийн санхүүжилтыг яаж тусгах нь зөв бэ. Намууд төрөөс санхүүжинэ гэхээр итгэл нь алдарсан олон нийт  тийм ч таатай хүлээж авахгүй байх?

Одоо төрөөс намуудад үйл ажиллагаа явуулах хэмжээний зардлыг өгч байгаа. Тэр санхүүжилтыг төв нам нь  аваад шат шатандаа хуваарилаад явж байгаа.

Би аль нэг намд зориулж яриагүй.

Намын зардал аль болох бага, зохион байгуулалтын гол гол ажлыг хийдэг байх ёстой. Гэтэл өнөөдөр төрийн дээр нам, намын дээр фракци нь гарчихсан явж байна. Нам бол төрийн эрх мэдлийг авахад төрд оролцох оролцоог нэмэгдүүлдэг олон нийтийн  байгууллага. Энэ хэлбэр лүү  явах ёстой.

-Хуулийн төслийг хурдан хугацаанд батлах  шаардлагатай байна. Гэтэл Ажлын хэсэг дээр ч нэгдсэн байр суурьт хүрээгүй байдаг. Хугацаа бага байгаа юм биш үү?

Хаврын чуулган эхэллээ. Ажлын хэсгийн гишүүний хувьд хуулийг яаралтай хэлэлцэхийг шаардана. Улс төрийн намын тухай, Улс төрийн намын санхүүжилтын тухай, Сонгуулийн тухай, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд дээр Ажлын хэсэг байгуулагдаад явж байгаа. Эдгээр хуулийг хаврын чуулганд багтааж  хэлэлцэхгүй бол өөр хугацаа үлдсэнгүй. Дэлхий нийтийн жишигт сонгууль ойртсон үед дээрх хуулиудыг хэлэлцэх нь сайн шийдвэр биш, эсвэл огт шийдвэр гардаггүй гэж үздэг юм билээ.

-Та түрүүн яриандаа төрийн дээр нам, намын дээр фракци гарчихсан байна гэлээ. Таны хувьд фракцигүй намын төлөөх санаачлага дэвшүүлээд нэр бүхий хэдэн гишүүн дэмжээд явж байгаа. Харин намын удирдлага, нийт гишүүдийнхээ дэмжлэгийг авч чадаж байна уу?

Энэ асуудлыг яриад жил гаруй болж байна. Бүлгийн хуралдаан дээр танилцуулсан. А.Бакей гишүүн бид хоёр фракцигүй намын зорилгыг бичээд бүх фракциудад тараасан. Харамсалтай нь нэг нь ч хариу ирүүлээгүй. Тэгэхээр нь “Алтангадас” фракциасаа гарсан. Тухайн үед А.Бакей гишүүн бид хоёрыг тусдаа фракци байгуулж байна гэж их ярьсан. Тэр бол худлаа мэдээлэл байсан. Нам дотор фракци байх нь эхлээд зохион байгуулалтын хувьд зүгээр юм шиг байснаа сүүлдээ буруу тийшээ яваад намынхаа дээр гараад эхэлсэн. Тиймээс фракциас татгалзсан юм. Үүнээс хойш нэлээд олон гишүүний дэмжлэгийг аваад байна.

Саяхан намын дарга бүлгийн хурал дээр фракцигүй намын төлөө явах уриалгыг гаргаж байна лээ. Өнөөдөр бидний өмнө тулгамдаж байгаа, намыг муухай харагдуулж байгаа, буруу шийдвэр гаргуулж байгаа, ард түмнийг хохироож байгаагийн шалтгаан нь фракцийн эрх ашгаас болж байна гэж үзэж байгаа. Ер нь дан ганц АН гэлтгүй бусад намд ч фракци байгаа. АН шиг ил тод, олон хүнд харагдахгүй байгаа болохоос фракци бий. Тэгэхээр Монгол Улс гэж нэг том хүч, тэр дотроо нам гэж нэгдмэл хүч байгаад цааш явбал олон хүндрэлтэй асуудал шийдэгдэнэ.

-Одоо АН-д яг хэдэн фракци  байна?

5-6 фракци байна. Одоо сүүлдээ фракцийн дарга нар хуралдаж аливаа шийдвэрийг гаргадаг, фракцийнхний бичгээр өгсөн саналын дагуу сайд нар нэр дэвшдэг байдал руу явж байна. Аль ч намын дүрэм, аль ч хуульд байхгүй энэ бүтэц хамгийн хүчтэй бүтэц болж байгаа нь  байж боломгүй зүйл.

-Н.Алтанхуягийн Засгийн газар огцрох үед АН дахь фракциудын эрх ашгийн зөрчил хамгийн тод харагдлаа. АН фракциуддаа идүүлснээс олон түмний итгэлийг алдаж байгаа гэдэгтэй санал нийлэх үү?

Санал нийлнэ. АН бол олон намуудын нэгдэл. 2000 оны  арванхоёрдугаар сарын 6-ны өдөр зургаан нам нэгдээд АН-ыг байгуулж байсан түүтэй. Өнөөдөр хараад байхад АН-ыг бүрдүүлж байгаа намуудын угшил дагасан фракциуд түлхүү байгаа нь ажиглагддаг.

Энэ бол АН-ын нэг зовлон, сул тал. Гэхдээ намуудын угшил харьцангуй бүдгэрч байгаа. АН гэдэг малгай дороо хатуу нэгдэж чадсан. Сая би хөдөө орон нутагт ажиллалаа. Ингээд явж байхад нам доторх хуйвалдаанаа болиоч, эрх ашгаараа  фракци үүсгэхээ зогсоо гэдэг шаардлага тавьж байна. Тэгэхээр энэ санаачлага бол бүх нийтийн хүсэл эрмэлзэл гэж олйгож болно.

-ҮЗХ-ны гишүүдийг бүрдүүлэхээс эхлээд л дүүргийн  намын хороонд хүртэл фракциудын тэмцэл үргэлжилж байна шүү дээ?

Тийм.  Дүүрэг байтугай баг дээр хүртэл тэр фракцийн хүн гэж ярьж байна. Фракци гэдэг үг албан ёсны хуулийн нэр томъёо мэт, эсвэл мода болчихсон мэт байгаа нь үнэн. Зарим нь энэ  үгнийхээ учрыг ч ойлгохгүй мөртлөө фракци гээд ярьж явах жишээтэй. Энэ бол маш буруу үзэгдэл.

-Нам дотор фракци байх нь эхэндээ зөв шиг байсан гэж та хэллээ. Зөв  явж байсан гэдэг нь юун дээр харагдаж байна вэ?

Тэр асуудлууд дээр харагдаж байсан. Жишээ нь тодорхой хуулийн заалт дээр санал бодлоо нэгтгээд, байр сууриа илэрхийлээд явдаг байсан. Энэ нь мэтгэлзээний зөв хэлбэр болж байсан. Сүүлдээ энэ нь эрх мэдэл, албан тушаалын наймаа руу орчихсон.

-Өнгөрсөн намрын чуулганаар  таны ахалсан Чөлөөт бүсийн тухай хууль батлагдлаа. 20 жил яриад хөгжөөгүй сэдвийн жагсаалтыг тэргүүлж буй чөлөөт бүс хуультай болсноор хөгжих  нь үү?

Их хөрөнгө оруулсан ч үр өгөөжөө өгөөгүй,  өөрийнхөө зорилтот хүрээгүй чиглэл бол яах аргагүй чөлөөт бүс.  Энэ нь чөлөөт бүс гэж ямар статустай байгууллага вэ, тэдэнд орж ирсэн гадна дотны хөрөнгө оруулагчид ямар эрх  үүрэгтэй вэ гэдгээ тодорхой болгож өгөөгүй байсантай холбоотой. Чөлөөт бүс гэхэд гурван өөр нэртэй, өөр статустай байсан. УИХ-ын тогтоолтой ч нэрийг нь зааж өгснөөс өөрөөр ямар үйл ажиллагаа явуулах талаар  огт тусгаагүй.  Сая батлагдсан Чөлөөт бүсийн тухай хуулиар эдийн засгийн чөлөөт бүс гэдэг нэг л статустай болгосон.

Одоо байгаа гурван бүсийн тухайд ч цаашид шинээр ч байгуулагдах чөлөөт бүс нэг статустай байхаар болсон. Тэнд  орж ирж байгаа гадны хөрөнгө оруулагч газа авахдаа Монгол Улсын  ямар хуулийн дагуу, ямар хугацаатай, ямар төлбөртэй эзэмших вэ, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн нь гадагшаа гарахдаа ямар хөнгөлөлттэй байх вэ зэрэг бүх зүйлийг хууль эрхзүйн талаас нь тодорхой болголоо.

Эдийн засгийн чөлөөт бүсэд бүртгэлийн, үйлчилгээний бүх байгууллага нэг дор төвлөрсөн, захиргаатай, захиргаа нь босоо удирдлагатай, бүх үйлчилгээг нэг цонхны үйлчилгээгээр шуурхай үзүүлэх боломжийг нээсэн. Чөлөөт бүс өндөр хөгжсөн олон орны туршлагыг судалж байгаад Монгол Улсад хамгийн тохиромжтой хувилбаруудыг сонгож, Чөлөөт бүсийн тухай хуулийг баталж чадлаа.

Хууль батлагдсанаар Монгол орны өнцөг булан бүрт хил дамнасан, хил дээр, нутгийн тодорхой бүс нутгуудад чөлөөт бүс байгуулах эрхзүйн боломж бүрдсэн. Эхнээсээ Хятадууд хил дамнасан чөлөөт бүс Замын-Үүдэд байгуулах тухай яриа хэлэлцээр хийж эхэллээ. Алтанбулагийн чөлөөт бүсэд Польш зэрэг Европын орнууд Оросыг дамнаж  хөрөнгө оруулах санал гарч байна.

-Хэдэн жилийн дараа  бахь байдгаараа,  өнөөдрийнх  шиг  зүйл  яриад сууж байхгүй биз дээ. Монгол Улсад чөлөөт бүс хөгжинө гэдэгт итгэлтэй байж болох уу?

Би хувьдаа итгэлтэй байгаа. Одоо бол ойлгомжгүй зүйл байхгүй. Нэгдүгээрт  Монголд, хоёрт хөрөнгө оруулагчдад, гуравт хөрш орон бүс нутагт ашигтай байх бололцоог бүрдүүлсэн  учраас итгэлтэй  байна.

-Жишээ нь Хятадад чөлөөт бүс нь ямар ч татваргүй байдаг гэсэн. Манайд чухам ямар байх вэ?

Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний өртөгт хичнээн хувь нь монголын гаргасан түүхий эд байх уу, ажиллах хүчний хичнээн  хувь нь монгол ажилчид байх уу гэдгийг хуульчилж өгсөн. Ер нь бол үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн чөлөөт бүсдээ татваргүй, Монголын нутагт орж ирэхдээ татваргүй байхаар тусгасан. Дан ганц худалдааных бус үйлдвэрлэл дамнасан чөлөөт бүс гэсэн хоёр үндсэн чиглэлтэй. Мэдээж амьдрал баян учраас цаашдаа сайжруулах зүйл гарах байх.

-Өмнө нь бол Засгийн газар солигдохоор дарга нь солигддог, захирагчийн алба нь Улаанбаатар хотод байрладаг байсан. Шинэ хуулиар удирдлага, бүтцийн хувьд яаж өөрчлөгдөж байгаа вэ?

Тухайн газартаа чөлөөт бүсийн захиргаатай, захиргаа нь нүсэр биш орон тоотой байна. Энэ удирдлагад улсын бүртгэл, иргэний бүртгэл, татвар, өмчийн бүртгэл, хил гааль, мэргэжлийн хяналтын байгууллагын төлөөлөл асуудлыг  шийдэх эрхтэй ажиллана. Нэг цонхны үйлчилгээгээр үйлчилнэ. Хөрөнгийн болон компанийн гэрчилгээ авахдаа чөлөөт бүсээс гарах  шаардлагагүй болно.

-Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн төслийг та санаачилж УИХ-д өргөн бариад явж байгаа юм билээ. Энэ бол иргэн бүрт хамаатай асуудал учраас чухам ямар өөрчлөлтүүд орохыг сонирхож байна?

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль батлагдаж, сүүлийн шинэчилсэн найруулга  хийгдсэнээс хойш  нэлээд хугацаа өнгөрсөн. Сүүлийн жилүүдэд хүн амын тоо, тэр дундаа хот суурин дахь хүн ам эрчимтэй өсч, энэ хэрээр автомашины тоо нэмэгдлээ. Замын хөдөлгөөний аюулгүй байдал Монголд олон бэрхшээл дагуулж байгаа. Өнгөрсөн онд гэхэд 503  хүн, тэр дотроо 48 хүүхэд амиа алдсан байгаа юм. Замын хөдөлгөөний  зөрчлийн тоо ч өсч байна. Гэтэл одоогийн мөрдөгдөж байгаа хуулиар зөвхөн жолооч хариуцлага хүлээж байгаа. Үүнийг өөрчилж хөдөлгөөнд оролцож байгаа бүх талууд өөр өөрсдийн үүрэгтэй, хариуцлага хүлээдэг байх асуудлыг хуульд  тодорхой болгосон байгаа. Мөн жолооч бэлтгэх асуудлыг Хөдөлмөрийн яамны харьяанд шилжүүлнэ.