Тээврийн зардлаа 40 хувь багасгах боломжтой
Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Н.Алгаа
2015.04.10

Тээврийн зардлаа 40 хувь багасгах боломжтой

Coal Mongolia 2015 олон улсын чуулга уулзалт өчигдөр эхэллээ.

Хар алтны салбарт хөрөнгө оруулагчдын гэх тодотгол энэ чуулганыг ямагт дагаж ирсэн энэ жилийн хувьд эл чимэг хэтэрхий гангадах мэт санагдана.Танхимд цугласан гадаадын хөрөнгө оруулагчдыг тоолж болохуйц цөөн байв. Хэлэлцэж буй сэдвийн далайц ч хумигдаж хүнд үеийг хэрхэн даван туулахыг л чухалчилжээ.

Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Н.Алгаа:  2010-2011 онд нүүрсний зах зээл экспортын орлогоор Эрдэнэт үйлдвэрийн борлуулалтын орлоготой тэнцэх хэмжээний үр ашигтай дэд салбар байсан.

Тухайн үед Оюутолгойн ордыг ашиглалтад оруулж, борлуулалт эхлээгүй' байв. Нүүрсний үнэ тэр үеэс даруй хоёр дахнн, өнгөрсөн жилийнхээс 20 хувиар буурлаа. Үүнээс болж монголчууд өрсөлдөх чадвараа дээшлүүлэх сорилттой тулгарч байгаа. Coal Mongolia 2015 -ын үеэр хөндөгдөж буй гол сэдэв энэ. Өрсөлдөх чадвараа сайжруулахын тулд бид зардлаа бууруулах, чанараа дээшлүүлэх, тогтвортой ханган нийлүүлэгч  байх ёстой гэсэн гурван зүйлд анхаарч ажиллах хэрэгтэй болж байна. Өртөг зардлын хувьд манай нөхцөлд тээврийн зардал өндөр.

Олон дамжлагаа цөөлж, тээврийн зардлаа 40 хувиар багасгах боломж бий. Үүнийг ашиглаж чадахгүй маргасаар таван жил өнгөрсөн. Өнгөрсөн жил арай гэж шийдсэн ч талууд өөр өөрсдийнхөө эрх ашигт нийцүүлэх гэсээр маргаан бүрэн эцэслээгүй л байна. Манай хууль тогтоомжууд хоорондоо зөрчилтэй, үл нийцэж буй нь ийм байдалд хүргэлээ. Хуулийг өөр өөрөөр тайлбарлах биш, бүгд нэг мөр, адилхан ойлгодог болгох шаардлагатай.