Ерөнхийлөгч түймэр гарсан аймгуудад ажиллахаар явлаа
Гал түймэр
2015.04.24

Ерөнхийлөгч түймэр гарсан аймгуудад ажиллахаар явлаа

Улсын хэмжээнд хоёрдугаар сарын 4-нд анхны ой, хээрийн түймэр бүртгэгдсэнээс хойш 89 удаагийн түймэр гарчээ. Өнгөрсөн өвөл нийт нутгаар цас бага орсноос хуурайшилт ихтэйгээс гадна салхины хурд их байгаа нь түймрийн тархалт нэмэгдэхэд нөлөөлж байгаа ажээ. 

Хэнтий  аймгийн Баян-Овоо суманд энэ сарын 13-нд гарсан хээрийн түймэр Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Мөнххаан, Сүхбаатар сумдыг хамарч хурдацтай тархсан байна. ОБЕГ-аас түймэр унтраах ажилд аймаг, орон нутгийн иргэд болон Говьсүмбэр, Хэнтий, Дорноговь аймгаас нэмэлт бүлгүүдийг татан оролцуулж, энэ сарын 17-нд түймрийг цурманд бүрэн оруулжээ. Энэ түймрийг унтраахад 600 гаруй хүн ажилласнаас Зэвсэгт хүчний албан хаагчдыг анх удаа  дайчлан оролцуулсан байна. 

Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгуудын нутаг дэвсгэрт гарсан ой хээрийн түймэрт өртөж орон гэргүй болсон  айл өрхөд улсын нөөцөөс иж бүрэн гэр  олгох,  ус тээвэрлэх машин улсын нөөцөөс гаргах,  гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэх шуурхай албаны болон түргэн тусламжийн  автомашин олгох, түймэрт өртсөн малчдад Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Ховд аймгийн Булган, Төв аймгийн Бүрэн, Булган аймгийн Булган сум дахь улсын нөөцийн цэг, салбаруудад хадгалагдаж байгаа 730 тонн өвсийг үнэгүй тараах шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар гаргасан. 

Хэнтий аймгийн Дадал, Дорнод аймгийн Баян-Уул сумын зааг Ульханы заставын чиглэлээр орж ирсэн түймрийг хил дээр нь барих зорилгоор бие бүрэлдэхүүн ажиллаж байгаа талаар энэ сарын 21-нд ОБЕГ-аас мэдээлж байсан. Тэгвэл өнөөдөр Ерөнхийлөгч зүүн аймгуудад ажиллаж нөхцөл байдалтай газар дээр нь танилцахаар болсон байна. Тэрбээр, өнөөдөр өглөө 07.00 цагаас тус аймгууд руу хөдөлжээ.