Гал түймрүүдийг унтрааж дуусч байна гэв
2015.04.30

Гал түймрүүдийг унтрааж дуусч байна гэв

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар зарим аймагт тохиолдсон байгалийн гамшигт үзэгдэл цасан шуурга болон хээрийн түймэртэй тэмцэх, хор хохирлыг барагдуулах талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний тухай Шадар сайд У.Хүрэлсүх, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд болон холбогдох бусад байгууллагын мэдээллийг сонсож байна.

Шадар сайд У.Хүрэлсүхийн мэдээлж буйгаар Ой хээрийн түймэртэй аймгуудад зориулж 600 сая төгрөгийн хөрөнгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс нэмж гаргахаар болжээ. Энэ жил гарсан түймэрт давхардсан тоогоор орон нутгийн болон мэргэжлийн байгууллагын 9,000 орчим хүн, 900 орчим техниктэйгээр ажиллажээ. Монгол Улсын Ерөнхийлөгч гал гарч буй аймгуудад ажиллахад ой хээрийн түймэрийн голомтод ажиллаж байгаа хүмүүсийн хамгаалах хэрэгсэл болон хангамж, техник хэрэгсэл хангалтгүй байсан байна. Тиймээс ОБЕГ-аас зарим бараа материал, хангамж худалдан авах саналыг Засгийн газрын хуралдаанд оруулж иржээ. Тиймээс гал түймрээс хамгаалах 500 хучилга, усаар шүршигч аппарат, нүдний шил гэх мэт зайлшгүй шаардлагатай зүйл худалдаж авахад 600 сая төгрөгийн хөрөнгийг гаргахаар болсон байна.

ОБЕГ-ын дарга Т.Бадралын мэдээлж буйгаар энэ жил хур тунадас бага орсон мөн намар, хаврын хуурайшилт их байгаагаас үүдэн гал түймэр газар авах нь их байгаа гэнэ. Жил бүр гуравдугаар сарын дундуур түймэр гардаг байсан бол энэ жил 2 сарын 4-нд хамгийн эхний гал гарсан байна.

Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймагт гарсан хээрийн түймрүүд нь бүгд хил дамнаж орсон ирсэн байна. Одоогийн байдлаар Сүхбаатар сумын нутагт гарсан түймрийг бүрэн унтрааж цурманд оруулсан гэнэ. Харин Дорнод аймгийн галыг унтраасан ч цурамнаас гал алдаж дахин түймэр дэгдсэн байна. Гэхдээ галыг унтрааж дуусч байгаа талаар ОБЕГ-ын дарга Т.Бадрал хэллээ. Галыг унтраахад ОБЕГ-ын аврах тусгай ангийхнаас гадна Хил хамгаалах алба, Зэвсэгт хүчний 600 албан хаагч оролцсон оролцсон байна. Нийт 1760 гаруй албан хаагч ажиллажээ.

Үүлэнд нөлөөлж бороо оруулан галыг унтраах арга байдаг ч салхины хурд их, буудуулах үүл байгаагүй гэдэг шалтгаанаар бороо оруулж чадаагүй байна.

Энэ жилийн хувьд салхины хурд маш их байсан учраас галыг унтраахад төвөгтэй байсан талаар тэрбээр ярилаа. Галд 3000 гаруй мал шатаж, үрэгджээ.