Тэтгэврийн зээлийг хуульчлах шаардлагатай юу
Тэтгэвэр...
2015.05.01

Тэтгэврийн зээлийг хуульчлах шаардлагатай юу

Ахмадуудын 68.5 хувь нь тэтгэврийн зээлтэй гэж "Ахмадын өдөр"-өөр Монголын ахмадын чөлөөт холбооны тэргүүн Г.Баасан мэдэгдэж байв.

Тухайн үед тэрээр Арилжааны банкууд тэтгэврийн зээлийн хүүгээс 48.6 тэрбум төгрөгийн цэвэр ашиг олдог. Гэтэл тэтгэврийн зээлийн хүүг нэг удаа тэглэх боломжтой ч төдийлөн ажил хэрэг болохгүй байгаа" тухай ярьж байв. Учир нь, тэтгэврийн зээлийг ирээдүйд авах ёстой мөнгөнөөсөө авч байгаа ч арилжааны банкаар дамжуулсны төлөөсөнд сарын 1.5-1.8 хувийн хүү төлдөг юм.

Мөн өндөр настай учраас нэг сарын тэтгэврийг 12 дахин нэмэгдүүлсэн хэмжээний буюу нэг жилийн тэтгэвэртэй тэнцэх хэмжээний мөнгийг л зээлдүүлж, ихдээ л гурван сая хүртэлх төгрөгийн зээл гаргадаг гээд олон асуудал бий. Г.Баасан гуайн хэлж байснаар тэтгэврээ барьцаалан зээл авсаар тэтгэврийн дэвтрээ жилдээ ганцхан удаа харж, амьжиргаагаа залгуулдаг ахмад настан ч зөндөө гэнэ. Тиймээс ахмад настнууд авч байгаа тэтгэвэр болоод тэтгэврийн зээлийн нөхцөлд сэтгэл дурамжхан байдаг ч Ахмадын холбоондоо аль эсвэл нарладаг саравчин дороо ярилцахаас хэтэрдэггүй гэнэ.

Өнгөрсөн жил гэхэд л тэтгэвэр 10-28 хувиар нэмэгдэж, бүрэн тэтгэврийн доод хэмжээ 145.2 мянган төгрөг болсон ч энэ нь зөвхөн тэтгэврээр амьжиргаагаа залгуулдаг хөгшдийн хувьд хангалттай биш юм. Харин ээлжит "Сайдын цаг" уулзалтад Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ оролцож, Тэтгэврийн зээлийг хуульчлах шаардлага байгаа эсэхээр хоёр, гуравхан өгүүлбэр хэллээ. Тухайлбал, "Тэтгэврийн зээл авч, амьдралаа залгуулах шаардлагатай хэсэг байдаг боловч өөрөөс шалтгаалахгүйгээр тэтгэврийн зээл авч байгаа хөгшид 70 хувийг нь эзэлж байна" гэсэн дүн мэдээг дуулгасан юм. Түүнийхээр эдгээр 70 хувьд нь ач, зээгийнхээ сургалтын төлбөрийг төлөх, орон сууцны зээл, урьдчилгаанд нэмэрлэх зэрэг шалтгаанаар тэтгэврийн зээл авсан иргэд багтаж байгаа аж.

Ингээд нэгэнт тэтгэврийн зээлийн эрэлт их байгаа учраас арилжааны банкууд үүн дээр нь дөрөөлөн зээлийн хүүг урьдчилан авч байгаа явдал нь байж болшгүй зүйл гэж тэрээр хэллээ. Олон ахмадын магнайг тэнийлгэх энэ үг хэзээ хөрсөн дээр буух нь тодорхойгүй ч "Тэтгэврийн зээлийг' бусад улсууд хуулиар зохицуулдаг. Харин манай улсад ийм хууль, тогтоомж алга" гэж хэлсэн юм.

Энэ нь тэтгэврийн зээлийг зохицуулах хууль тогтоомж хэрэгтэй гэсэн санааг илтгэж байв. Мөн энэ төрлийн хууль нь үр хүүхэд нь тэтгэврийг нь олон сараар нь зээлж авчихаад алга болдог аль эсвэл зээлийн зарцуулалт нь өөрийнх нь өдөр тутмын хэрэглээнд зориулагдахгүй байгаа асуудлыг шийдвэрлэх боломжтой болгодог байна. Юутай ч, С.Эрдэнэ сайд "Тэтгэврийн зээлийг хуульчлах шаардлагатай юу" гэдэг асуудлыг цаашид ажил хэрэг болгон авч явах бололтой.

12.7 мянган иргэн бүрэн тэтгэвэр авч байна

Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль (2012 онд батлагдсан) гарснаар өнөөдрийг хүртэл 579 мянган иргэн ажилласан жилээ нөхөн тооцуулахаар бүртгүүлж, 436 мянган иргэн баталгаажилтын хуудсаа авчээ. Мөн дээрх хууль хэрэгжиж эхэлснээр 24 мянган иргэн шинээр тэтгэвэр авагчаар бүртгүүлж, 12.7 мянган иргэн нийгмийн даатгалын сангаас бүрэн тэтгэвэр авах боломжтой болсон байна. Өөрөөр хэлбэл, өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар 1990-1995 оны хооронд ажил, хөдөлмөр эрхлээгүй буюу эрхлэх боломжгүй байсан бол дээрх хугацааг ажилласнаар нөхөн тооцох болсон.

Мөн 1995- 2000 оны хооронд нийгмийн даатгалын шимтгэл нь төлөгдөөгүй буюу төлөх боломжгүй байсан иргэний өөрөө төлөх 10 хувийг тухайн онуудын хөдөлмөрийн  хөлсний доод хэмжээнээс тооцож төлүүлэн нийгмийн даатгалын шимтгэлээ төлсөнд тооцуулах хуулиар зохицуулагдсан заалтын дүнд дээрх үр дүн гарчээ.

Хүүхдүүд 228.9 тэрбум төгрөг авчээ

Нийгмийн даатгалын сангаас олгох 500 мянга хүртэлх төгрөгийн тэтгэврийн хэмжээг 22 мянган төгрөгөөр, 500 мянга ба түүнээс дээш төгрөгийн тэтгэврийн хэмжээг 20 мянган төгрөгөөр нэмэгдүүлж, Нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг 126.5 мянган төгрөг, асаргааны тэтгэмжийн хэмжээг 58 мянган төгрөгөөр тогтоосон байна.

Харин ХАХНХ-ын яамнаас зохион байгуулж хэрэгжүүлсэн гол ажпуудый нэг нь хүүхдийн мөнгийг нэрийн дансанд нь шилжүүлэх тогтолцоонд оруулсан явдал гэж С.Эрдэнэ сайд онцолсон бөгөөд "Хүүхдийн мөнгийг дэвтэргүйгээр олгож байгаа нь иргэдэд сар бүр банкинд очиж дугаарлах хүндрэл, чирэгдпийг арилгасан үр дүнтэй ажил болсон" гэсэн юм. Ингээд хүн амын 35 хувийг эзэлдэг 960 мянга орчим хүүхэд сар бүр 20 мянган төгрөгийн тэтгэмж авсан нь өнгөрсөн жилийн дүнгээр 228.9 тэрбум төгрөгтэй тэнцэж байгаа аж.

Дашрамд дурдахад, "Эрүүл мэндийн даатгалын тогтолцоог шинэчлэх хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор Засгийн газраас санаачлан боловсруулсан Иргэний эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар хэлэлцэн батлуулжээ. Энэ хууль хэрэгжсэнээр эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагч чанартай, аюулгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хүртээмжтэй авах, өөрийн төлөөллөөрөө дамжуулан эрүүл мэндийн даатгалын үйл -ажиллагаанд оролцох, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлаа даатгалын сангаас төлүүлэх боломжтой болно" гэж ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ хэллээ.