2010.05.11

“Монголын хүүхдүүд” Үндэсний II их чуулганыг нээж хэлсэн үг

“Монголын хүүхдүүд” Үндэсний II их чуулган өнөөдөр болж байна. Чуулганы хэлэлцүүлгийг нээж шадар сайд М.Энхболд үг хэллээ. Тэрээр Өнөөдөр МУ-д хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсч хөгжсөний 85 жилийн ой тохиож байгааг онцлов. Ингээд хүүхэд, өсвөр үеийнхэндээ болон хүүхдийн байгууллага, хөдөлгөөний ажилтнууд тэдэнтэй хамтран ажилладаг бүх хүнд Монголын хүүхдийн байгууллагын 85 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлсэн. М.Энхболдын хэлсэн үгийг хүргэж байна.

Хүүхдүүд өөрийн болон найз нөхдийнхөө эрхийг хамгаалах, сурч, боловсрох, хөгжих зорилгоор эвлэлдэн нэгдэх нь хүний жам ёсны эрхийн салшгүй нэг хэсэг учир бид ямагт хүндэтгэлтэйгээр хандаж, дэмжих учиртай.Монголын хүүхдийн байгууллага, хөдөлгөөн нь хүүхэд залуусыг амьдралд бэлтгэх, хөгжүүлэх, эрхийг нь хамгаалах үндсэн зорилгоо амжилттай хэрэгжүүлж, нийгэм, цаг үедээ үр нөлөөгөө үзүүлж, бие хүний хөгжил төлөвшилд өөрийн хувь нэмрээ оруулсаар байна.

Монгол Улсад хүмүүнлэг, ардчилсан нийгмийг хөгжүүлэх эрхэм зорилготой бид ирээдүй хойч өсвөр үеэ итгэл үнэмшилтэй, бие даан амьдрах чадвартай, бусдад туслах сэтгэлтэй, нийгмийн хариуцлагатай, өөрийн үзэл бодолтой болгон төлөвшүүлэх нөхцөлийг бүрдүүлэхээр НҮБ-ын конвенцийг хүлээн зөвшөөрч нэгдэн орсон анхны улс орнуудын нэг билээ. НҮБ-ын Хүүхдийн эрхийн хороо Хүүхдийн эрхийн тухай конвенц Монгол Улсад хэрхэн хэрэгжиж байгаа талаар бидний илтгэлийг хэлэлцээд ээлжит дүгнэлт зөвлөмжөө ирүүллээ.Энэ чуулган НҮБ-ын Хүүхдийн эрхийн хорооны ирүүлсэн дүгнэлт зөвлөмжийг хэрэгжүүлэх асуудалд илүү анхаарч, хөгжлийн бэрхшээлтэй болон, хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдүүдийг өргөнөөр оролцуулах боломж олгож байгаагаараа өмнөх чуулгануудаас онцлогтой бөгөөд ач холбогдолтой болж байна.

“Монголын хүүхдүүд” үндэсний чуулганыг хүүхдүүд өөрсдөө санаачлан, удирдан зохион байгуулж байгаад бид сэтгэл хангалуун байна.Төрийн ордны их танхимд хүүхдүүд чуулганаа хэрхэн зохион байгуулж байгааг өргөн олон түмэн харж байна. Хүүхдүүдийн үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, асуудалд хандах зөв хандлага, сэтгэн бодож мэтгэлцэх, манлайлах ур чадвар хэрхэн хөгжин төлөвшиж байгааг харахад хойчийг залгамжлах өсвөр үеэрээ бид бахархаж байна.Чуулганыг зохион байгуулахад бүх талын тусламж дэмжлэг үзүүлж, хамтран ажилласан НҮБ-ын Хүүхдийн сан, Дэлхийн Зөн, Италийн Засгийн газрын бус “Айфо”, Английн “Go Help” зэрэг олон улсын байгууллага, Хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг төрийн болон иргэний нийгмийн байгууллагуудад чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Хоёр жилийн өмнө хүүхдүүдтэй уулзаж ярилцахад ярьж байсан асуудал, тавьж байгаа санал агуулгын болон хандлагын хувьд эрс өөрчлөгдсөн байна.Хүүхдүүд бэлэн зүйлийг бусдаас нэхэх, хөрөнгө мөнгө хүсэх байдалтай ханддаг байснаа өнөөдөр мэдээлэл олж авах боломжийг нэмэгдүүлэх, мэдлэг боловсрол, оюунаа хөгжүүлэх, хүнлэг сэтгэл, зөв хүмүүжил төлөвшлийг чухалчилж байна.Хүүхдүүд гэр бүл, эцэг эхийн үүрэг хариуцлага, үлгэр жишээч байдал, хүүхдээ асран хүмүүжүүлэх байдалд шүүмжлэлтэй хандаж байна. Түүнийг засах арга замын талаар тодорхой санал хэлж байна.

Тухайлбал
Салбар хуралдааны илтгэлүүдэд:

1.Хүүхдийн эрхийн тухай конвенцийн агуулгыг өргөн хэлбэрээр сурталчилж, ялангуяа эцэг эхэд зориулсан “Ажлын байр”-ны сургалтаар тэдний хүүхдэд хандах мэдлэг хандлагыг өөрчлөхийг;

2.Хүүхдийг ялгаварлан гадуурхах, дорд үзэх байдал түгээмэл, хүүхдийн ашиг сонирхлыг дээдлэх хуулийн заалт хэрэгждэггүй, эрүүл аюулгүй орчинд эсэн мэнд амьдрах эрх хангагдахгүй, хүүхдийн үзэл бодлыг үл хүндэтгэх нь түгээмэл байгааг;

3. Хүүхдүүд зохистой мэдээлэл олж авах боломж хомс, эцэг эх, сургууль багш нарын зүгээс хүүхдийг зодож шийтгэх, хүчирхийллийн аргаар хүмүүжүүлэх арга давамгайлж байгааг;

4. Зарим гэр бүлийн орчин, нөхцөл хүүхдэд таатай бус байгаагаас хүүхдийг гудамж руу түлхэж, гэр бүлээс хөндийрүүлж , хүүхдийг гэр бүлийн орчинд бус хүмүүжүүлэх, асрамжлах ородлого нь төдийлөн амжилтанд хүрэгүй байгааг ;

5. Хүүхдийн эрүүл мэндийн байдал, ялангуяа хөгжлийн бэхшээлтэй хүүхдүүдийн амьдрах хөгжих таатай орчин дутагдсаар байгааг;

6. Хүүхдүүд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх, өөрийгөө хөгжүүлэх хандлагыг зөв төлөвшүүлэх шаардлагатай байгааг ;

7. Онцгой нөхцөл байдал үүссэн үед хүүхдийг хамгаалах, тэдэнд яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэхгүй байгаа нь хүүхдийн эрхийг хохироход хүргэж байгаа зэрэгт шүүмжлэлтэй хандаж, ажил хэрэгч саналуудыг дэвшүүлж байна.

Эрхэм төлөөлөгчид, зочид оо

Хүүхэд бүхэн элэг бүтэн амьдрал, чанартай хоол хүнс, эрүүл бие, өргөн мэдлэг, унаган байгаль, ая тухтай ээлтэй орчин, эцэг эхийн зөв хандлагыг хүсч байна.Гэтэл хүүхдийн эрхийг хамгаалах хуулийн зохицуулалт хангалтгүй, хүүхдийн эрхийг хамгаалах бодлогын хэрэгжилт сул, тэдэнд нэн шаардлагатай нийгмийн үйлчилгээ дутмаг, хүүхдийн хамт олныг дэмжих нөөц хомс, хүүхдэд дарамт хүчирхийлэл, осол гэмтэлд өртөх эрсдэл их, хүүхдийн эрх, эрх чөлөөний эсрэг гэмт хэрэг санаа зовоосоор байна. Хүүхдэд үзүүлэх зөв нөлөө дутагдаж байгаа нь гэр бүл, сургууль, нийгмийн орчинтой холбоотой юм.Чуулганы индэр дээрээс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд мэдээлэл авах боломжийг өргөжүүлэх, хүүхдийг ялгаварлан гадуурхахыг зогсоох, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан иж бүрэн үйлчилгээний төв хэрэгтэй байгааг хэллээ.

Хүүхдүүд хөдөлмөр эрхэлж, сургуулиа орхих явдал цаашид үргэлжилж, хүүхдүүдийг хүнд хөдөлмөр рүү түлхэж байгаа шалтгааныг таслан зогсоох талаар нийгмээс шийдвэртэй арга хэмжээ авч чадахгүй байгааг харуулж байна. Чуулганы өмнөхөн хүүхдийн төлөө ажилладаг төрийн бус бйагууллагын төлөөлөгч нартай уулзаад бид цаашид хамтран ажиллахаар тохиролцсонд сэтгэл ханамжтай байна. Хүүхдэд тулгамдаад байгаа бүх асуудлыг хамарсан Хүүхдийн эрхийн хорооны зөвлөмж, шүүмжлэлд Монгол Улсын Засгийн газар бодитой дүгнэлт хийж, шаардлагатай арга хэмжээг авч ажиллах болно.

Энэ чуулганаас гарсан шийдвэр болон “Хүүхдийн эрхийн хорооны дүгнэлт зөвлөмжийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл боловсруулан Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаанаар хэлэлцүүлэх бодолтой байна.Хүүхдүүд ээ, Зочид оо:Энэ чуулганы үр дүн хүүхдийн талаар баримтлах төрийн бодлогод хүчтэй нөлөө үзүүлнэ гэдэгт итгэж байна. Энэ бүх зүйлийг хэрэгжүүлэхэд Та бидний хамтын ажиллагаа, хүчин чармайлт, идэвх санаачилга ихээхэн нөлөөтэй гэдгийг ойлгож, хамтран ажиллахыг уриалж байна.Та бүхэнд сайн сайхныг хүсэн ерөөе. Хүүхэд бүхэн инээд хөөртэй, хүн бүхэн аз жаргалтай байх болтугай гэв.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.