Орон нутгийн улстөржилтийг багасгах хэрэгтэй
УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга
2015.06.16

Орон нутгийн улстөржилтийг багасгах хэрэгтэй

УИХ-ын гишүүн Б.Болортой ярилцлаа.

Та Архангай аймгаас сонгогдсон төрийн түшээ. Төрийн их ажлынхаа хажуугаар тойргийнхоо сонгогчидтойгоо  хэрхэн уулзаж, амжуулж байна вэ?

Би сонгогдсоноос хойш 14-н удаагийн томилолттой ажилласан байдаг. Гэхдээ олон явсан нь чухал биш гол нь ажлын үр дүн. Архангай аймгийн хувьд сүүлийн хоёр жилийн хугацаа бол бүтээн байгуулалтын он жилүүд өнгөрсөн. Баталгаа нь улс даяар эдийн засгийн суурь үзүүлэлтүүд сайнгүй байхад Архангай аймгийн үзүүлэлт байнга өсөлттэй гарлаа.

Түүнчлэн нийт 60 гаруй тэрбум төгрөгийн төсөвтэй хөрөнгө оруулалтын ажлууд хийгдсэн нь бусад аймгуудаас хол тасархай үзүүлэлт. Орон нутгийн хөгжлийн сан гэж 2012 онд байгуулагдсанаас хойш сумдууд өөрсдийн бүтээн байгуулалтандаа 300-400 сая төгрөгийг зарцуулах боломжтой болсон.

Үүний дагуу сумдуудад гэрэлтүүлэг зэргээс авахуулаад нэлээдгүй бүтээн байгуулалт өрнөсөн. Мэдээж үүнийг гишүүд л төсөвт суулгах талаас нь ярилцаж байж л энэ их ажлууд явагдана. Энэ мэтчилэн үлдэж байгаа ажлууд нь чухал.  

Мэдээж очих нь чухал ч гэлээ чуулгантай үед бол зав гаргана гэдэг нэлээд хүндрэлтэй. Өнгөрсөн намрын чуулганы завсарлагаанаар аймгийнхаа есөн сум, 20-оод багт ажилласан.

Сүүлийн үед Улаанбаатар хот руу шилжих иргэдийн тоо их байгаа гэх боловч манай аймгийн хувьд хамаагүй бага болсон. Түүнчлэн өнгөрсөн жилд улсдаа хамгийн их мал тоолуулсан аймаг болсон. Мөн аймгийн түвшинд цэцэрлэгийн асуудлыг бүрэн шийдсэн.

-Сум болгонд уу ?

Аймгийн төвдөө 100 хувь, сумдуудад бол ерөнхийд шийдсэн. Харин дутуу байгаа газруудад үргэлжлүүлэн хийгдэж байгаа.

Уламжлалт мал аж ахуй, газар тариалан, аялал жуулчлал зэрэг олон эх үүсвэрүүд бий.
-Архангай аймгийн хувьд орлогын эх үүсвэр болон голлох ажлын байр нь юу вэ ?

Мэдээж уул уурхайн том бүс нутаг биш. Хоёр жилийн өмнөөс эхлэн “Ногоон хөгжил”-ийн загвар аймаг болно гэсэн зорилттой ажилласны үр дүн уран олборлолт болон ашигт малтмалын үйл ажиллагааг Н.Батбаяр гишүүн бид хоёр бүрэн зогсоосон. Архангай аймагт уул уурхайгүй хөгжих бүрэн боломжтой.

Уламжлалт мал аж ахуй, газар тариалан, аялал жуулчлал зэрэг олон эх үүсвэрүүд бий. Яг өнөөгийн нөхцөлд аймгийн иргэдийн орлогын гол эх үүсвэр нь хөдөө аж ахуй, аялал жуулчлал байна. Түүнчлэн дэд бүтцийг нь хөгжүүлснээр өмнө нь зөвхөн гадаадын жуулчид л очдог байсан газруудад зундаа монголчууд их очдог болсон байна.

Энэ нь эргээд аймгийнхаа эдийн засагт эерэг нөлөөг үзүүлж байгаа юм. Тиймээс ойрын тавин жилдээ уран олборлолт хийх шаардлагагүй гэж үзэж байгаа. Уг нь ураны нөөц сайтай, мөнгөний орд байгаа гэдэг ч үүнийг заавал одоо ашиглах албагүй. Техник технологио сайн хөгжүүлээгүй байж тэдгээрийг олборлох шаардлага байхгүй.

-Магадгүй зарим хүмүүсийн хувьд УИХ-ын гишүүн гэхээр хүсэл биелүүлэг “бирд” шиг ойлгох хандлагууд байдаг. Тэгэхээр иргэдтэйгээ уулзахад юуг тэдгээр хүмүүс өөрөөс тань хүсч байна вэ?

Орон нутагт улстөржилт гэх зүйлийг л байхгүй болгомоор байна. Арай хэтэрхий. Мэдээж нэг талдаа улстөрчид өөрсдөө буруутай. Хөдөөд  “Одоо хэн нь юу амлах бол” гэсэн сонгуулийн мөрөөдөл болчихсон хүмүүс байна. Хэн нэгэн нь ирж юм амалсаар байгаад ийм зантай болгочихож.

Над дээр ирдэг өргөдлүүд дунд үнэхээр инээдтэй өргөдлүүд байдаг. “Манай хүүхэд хурим хийх гэж байна. Гэр хэрэгтэй байна” эсвэл “Найр хийх гэж байна хоёр сая төгрөг өгөөч” гэх зэрэг өргөдлүүд ирнэ шүү дээ. Гэхдээ ийм нь хамаагүй бага. Учир нь хөдөөд эдийн засгийн хүндрэл гэх зүйл бараг алга. Хүндрэлд хамгийн бага тусаж байгаа хүмүүс бол малчид. Тиймээс улстөржилт гэдэг зүйлээ багасгачихвал малынхаа буянаар сайхан амьдрах боломж бий.

Захын нэг хөдөөний айлд очиход л машин, мотоцикль нь хүний тоогоор. Бараг морь унадаг хүн багасаад байгаа нь хөгжлийн нэг илрэл болж харагдаж байна. Түүнчлэн сүүлийн үед малчид хөдөө аж ахуйн биржээ ойлгоод үйлчлүүлж дадаж байгаа.

Тойрогтоо очихоор иргэдийн хэлж байгаа зүйлүүд нь “Та нар УИХ дээрээ хийдэг хэрүүлээ боль.Их муухай харагдаж байна” гэдэг. Эсвэл зарим нь хүүхэд сургуульд оруулж өг гэдэг. Гарцаагүй конкурсээ өгөөд уначихсан хүнийг чинь би яах болж байна. 

Тийм учраас би жижиг мажоритарыг бол дэмжихгүй байгаа.
-Наадмын сезон ерөнхийдөө орчихлоо. Сонгууль болоход жил үлдлээ. Олны анхаарлын төвд  байгаа Сонгуулийн тухай хууль дээр таны байр суурь ямар байгаа вэ ?

Өөрчлөх нь зөв. Пропорциональ  элемент хуулинд зайлшгүй орох шаардлагатай. Жишээлбэл 2000 оны сонгуулиар МАН буюу тухайн үеийн МАХН нийт сонгогчдын 50 орчим хувийг авсан. Гэтэл үлдсэн 50 орчим хувь нь тэр хүмүүсийг сонгохгүй  гэж байхад 76 гишүүний 72 нь нэг намаас бүрдсэн нь маш том гажиг. Түүнчлэн бид тойргийн хамааралтай зүйл ярихаас илүүтэйгээр одоо байгаа тойргийг жижигсэж болохгүй.

Ингэхийн бол нөгөө мөнгөтэй хүмүүс нь гараад ирнэ. Хэрвээ тойргоо жижигсээд нэг тойрог нь найман сум гэвэл мөнгөтэй хүн бол яахав дээ л болгоно. Хэрвээ ингэхийн бол мань мэт шиг хүмүүс нь өрсөлдөөд ч нэмэргүй. Яагаад гэвэл мөнгөний сонгууль болно. Харин тойрог нь томсговол илүү том зүйлүүдийг ярьж, улс орны хэмжээний ажлууд яригдана.

Тийм учраас би жижиг мажоритарыг бол дэмжихгүй байгаа. Харин тойрог нь болж өгвөл томровол зүгээр юм шиг байгаан гэхдээ дэмжигдэхгүй байх. Уг нь энгийн иргэд дунд улстөржилт гэх зүйл алга болвол сонгууль нь ямар системээр яваад байгаа нь сонин биш л дээ. Ирэх намар дараа оны төсөв батлах гэхээр нөгөө популизм гэх зүйл чинь идэвхжинэ. Бүгд л тойрог яриад. 

Ингээд л бид 2016 оноо баллаж байгаа юм. Өнгөрсөн сонгуулиар яг ингэсэн. 2012 онынх төсөв өмнөх оноос хамаагүй их гарсан. Гишүүн бүрт нэг тэрбум өгөнгүүт тэр мөнгөөр нь сонгулийнхаа бэлтгэл ажлыг хийгээд олон суманд барилгын ажлууд эхлүүлээд орхичихдог. Гэхдээ дараа жил нь дуусаагүй л байдаг. Ингээд л бид эдийн засгаа дахиад ална гэсэн үг.

-Тэгэхээр сүүлийн үед УИХ-ын чуулганаар хэлэлцэж байгаа хуулиудад гишүүд өөрсдийн өнцгөөс харагдаж байгаа мэт. Ингэснээр нийгэмд зөв мэдээлэл хүрэхэд саад болж байгаа дү зураг харагдаад байна. Таны хувьд улстөрчийн ёс зүйд ямар байр суурьтай байдаг вэ ?

Ёс зүй талаасаа бол их хэцүү. Өдрийн хоолонд цуг орж байхдаа нэг зүйл яриад, танхимдаа ороод суухаар шал өөр юм ярьдаг. Мэдээж хэлэлцэж байгаа хууль болгон дээр уралдаад ярьдаг хэдхэн л нөхдүүд бий. Гэхдээ улс орны эдийн засаг сайжраад, хөгжөөд ирэхээр иргэд ийм хүнийг тоохоо байдаг. Ялгарна гэсэн үг. Гэвч тэр болтол эдгээр хүмүүс шиг алдар суутай хүмүүс байхгүй.

Ер нь төр түшилцэж байгаа УИХ-ын гишүүн  гэж ямар хүн байх ёстой гэдгээ 25 жил парламентийн засаглалтай болсон улсын хувьд аль хэдийн мэдэхтэйгээ болсон. Ярихдаа ч гэсэн учиртай ярих хэрэгтэй. Сая Оюутолгойн гэрээ зурагдахад л гишүүд хоёр талтай болчихож байгаа. Улс орнынхоо эдийн засгийг бодоод дэмжих гэхээр эх орноо худалдлаа, эсэргүүцчихээр том төсөл хөдөлгөсөнгүй.

Миний хувьд тэр гэрээг нь бүтнээр нь уншаад үзэхээр засч болохоор зүйл харагдаад байгаа юм. Гэтэл хоёр хуваагдчихсан нөхдүүд чинь өөр, өөрийнхөөрөө зүтгээд дундын хувилбар ольё гэж хүсдэггүй. Яагаад гэвэл ердөө л улстөр нь тэр.

-Албаар угаасаа зөв зүйлийг нь хийе гэдэггүйн биш үү ?

Ерөөсөө л тийм ш дээ. Зарчим нь буруу. Бид ийм байх ёстой л гэсэн үлгэр дуурайллыг залуучууддаа ойлгуулаад байна. Жишээ нь би гэхэд сургууль төгсөөд НИК ХК-нд гурван жил ажилласны дараа, хувийн компаниа байгуулаад зургаан жил ажилласан.

Түүний дараагаар нэг том төсөл дээр удирдагчаар хоёр жил ажилласан. Энэ хугацаанд улстөрч болно гэж боддоггүй л байсан. Харин 2001 онд бидний үеийн хэдэн залуучууд намд элсээд л түүнийхээ итгэл үнэмшлээр одоог хүртэл явж байна.

Гэтэл одоо оюутны ширээнээс л “дарга” больё гэсэн хүмүүс гарч ирээд байна шүү дээ. Уг нь бол тийм биш. Дахиад хэлэхэд бид улстөрийн хамаарал гэдэг зүйлээ л альл болох багасгах хэрэгтэй. Гол арга нь зориглоод хуулиараа шийднэ. Надад зарим хүмүүс “Чи ингэчихвэл дараагийн сонгуульд гарахгүй” гэдэг. Яахав дээ гарахгүй л биз. Гэхдээ бид зөвийг нь хийх л ёстой.