Цэвэр усны шугамын ажилд шаардагдах хөрөнгийг энэ оны төсвийн тодотголд тусгахаар боллоо
Нийслэлийн ИТХ - ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан
2015.06.16

Цэвэр усны шугамын ажилд шаардагдах хөрөнгийг энэ оны төсвийн тодотголд тусгахаар боллоо

Нийслэлийн ИТХ - ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болж, Хөрөнгө бүртгэн авах тухай, Энхтайваны өргөн чөлөөний авто зам доогуурх цэвэр усны шугам сүлжээний хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэх, Шагналд тодорхойлох тухай, Шашны байгууллагуудын хугацааг сунгах, нийслэлийн ИТХ – ын Хуралдаанаар хэлэлцэх асуудлыг дэмжих тухай асуудлыг хэлэлцэн баталлаа.

 Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэсвгэрт байрлах “Энхийн санаа” өрхийн эмнэлгийн барилгыг акталлаа

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Хүй долоон худаг дахь гүний худаг, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд байрлах номын худалдааны түр барилга, Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороонд байрлах Сэргээн засах клиникийн барилга, Баянгол дүүргийн 10 дугаар хорооны хуучин  барилга, Баянгол дүүргийн 20 дугаар хорооны цагдаагийн хэсгийн хуучин барилга,  Баянгол дүүргийн 23 дугаар хорооны өрхийн эмнэлгийн хуучин барилга, Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны “Хороо, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсгийн цогцолбор” барилга, Хан-уул дүүргийн 3 дугаар хорооны өрхийн эмнэлэг нийт 1 тэрбум 32 сая төгрөгийн үнэ бүхий барилгуудыг нийслэлийн өмчид бүртгэн авлаа. Харин шинээр хорооны цогцолбор барилга барихтай холбогдуулан Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Энхийн санаа” өрхийн эмнэлгийн барилгыг акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хаслаа.

Цэвэр усны шугамын 832.6 сая төгрөгийг нийслэлийн 2015 оны төсвийн тодотголд тусгана

Хөгжлийн банкны хөрөнгөөр Энхтайваны өргөн чөлөөний авто замын доогуурх  Улаанбаатар хотын дулаан хангамжийн 3 А,Б,В гол шугамыг ф600/500 голчтой болгон өргөтгөх ажил хийж байгаатай холбогдуулан хөрөнгө оруулалтын ажлыг цогцоор нь шийдвэрлэх зорилгоор тус шугамтай нэг нэвтрэх сувагт байрлах Нарантуул зочид буудлын урдаас Төв шуудангийн урд тал хүртэлх цэвэр усны 1,45 километр, ф500 мм –ийн голчтой нөөц шугамын зураг төсөв, барилга угсралтын ажилд шаардагдах 832 сая 600 мянган төгрөгийг нийслэлийн 2015 оны төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх Гэр хорооллын дахин төлөвлөлтийн инженерийн шугам сүлжээ, авто замын зураг төсөл, угсралтын ажлын хөрөнгөнөөс санхүүжүүлж, төсвийн тодотгол тусгуулан батлуулахыг нийслэлийн Засаг даргад даалгалаа.

 11 шашны байгууллагын хугацааг сунгалаа

Нийслэлийн нутаг дэвсгэрт шинээр сүм, хийд байгуулах, үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл шинээр олгох, зөвшөөрлийн хугацааг сунгах асуудлыг НИТХ-ын Тэргүүлэгчид хэлэлцэн шийдвэрлэдэг журамтай. 

Энэхүү журмын дагуу хугацаа сунгуулах хүсэлтээ ирүүлсэн 12 сүм хийдээс “Монголын бахайчуудын үндэсний оюун санааны чуулга”, “Сайн хоньчин париш сүм”, “Монголын авентист чуулган”, Найдвар“, “Монгол дахь махаяна уламжлалыг хадгалах төв”, “Жүрмэддэчинлин”, “Хайрын үйлс”, “Ивээлийн хур, “Улаанбаатар адвентист”, “Дашчойнхорлин”, “Агуу ивээл” зэрэг 11 шашны байгууллагын үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг 2016 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүртэл сунгав.

Нийслэлийн ИТХ – ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл урлаг, боловсрол, тээвэр, худалдаа үйлчилгээ, аж үйлдвэр, барилгын салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа 150 гаруй албан хаагчийг төрийн одон медалиар шагнуулахаар тодорхойлж, Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барихаар боллоо.

Мөн Эрүүл мэнд, спортын яамны харьяа Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийг Монгол Улсын гавьяат эмч, Анагаах ухааны доктор, профессор Шанжийн Доржжадамбын нэрэмжит болголоо.

Нийслэлийн ИТХ – ын ээлжит 28 дугаар хуралдааныг 6 дугаар сарын 25 – ны өдөр буюу Пүрэв гарагт хуралдуулж, нийслэлийн ИТХ – ын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай, Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлах тухай / Бага тойруугийн хуучин барилгыг буулгах, оновчтой төлөвлөлтийн техник эдийн засгийн үндэслэл 53 243,3 га, Гандантэгчинлэн хийд орчмын гэр хорооллын шинэчлэн дахин төлөвлөлт 53 га, Налайх дүүргийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлах тухай 1970 га, Багахангай дүүргийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлах тухай 2116,0 га /, НИТХ – ын 2014 оны 5/14 дүгээр тотоолоор баталсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар, зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам” – д нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцүүлэхээр шийвдэрлэлээ.