ОБ-ын албыг бэхжүүлэхэд бүх талаар ахиц гарна
ОБЕГ-ын дарга, Бригадын генерал Т.Бадрал
2015.06.23

ОБ-ын албыг бэхжүүлэхэд бүх талаар ахиц гарна

ОБЕГ-ын дарга, Бригадын генерал Т.Бадралтай ярилцав. 

-ОБЕГ НҮБ-тай хамтран олон улсын дадлага сургууль хийнэ. Энэ ямар ач холбогдолтой, ямар хэмжээний арга хэмжээ вэ? 

INSARAG / International Search and Rescue Advisory Group/ НҮБ-ын Эрэн хайх, аврах олон улсын зөвлөлдөх бүлэгтэй хамтран энэ сарын 22-26-нд Улаанбаатарт 2015 оны Ази-Номхон далайн бүсийн газар хөдлөлтийн хор уршгийг арилгах дадлага сургуулийг зохион байгуулах гэж байна. Энэ бол Монголын Засгийн газраас

НҮБ-ийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж байгаа том ажил л даа. Хэрэгжүүлж, зохион байгуулах нь ОБЕГ. Өнөөдөр гамшиг осол дэлхий дахинаа өнгө зүсээ хувирган, өдөр бүхэн шахуу тохиож байна. Их , бага, үр дагавар янз бүр байгаа нь үнэн болохоос үндсэндээ дэлхий нийтийн анхаарлын төвд ороод удаж байна.

Монгол, тэр дундаа манай нийслэл газар хөдлөлтийн эрчимтэй бүсэд байдаг. Манай улсад олон улсын томоохон дадлага сургууль болж байгаа нь өөрөө нэр хүндийн хэрэг төдийгүй ач холбогдолтой. Эн дадлага сургуульд 20 гаруй орны 100 орчим эрэн хайх аврах бүлгийн гишүүд, НҮБ-ийн гишүүн орнуудын зөвлөхүүд ирж ажиллана. Бүсийн хэмжээний эрсдэлийг тооцон үнэлэх гэдгээрээ цар хүрээ нь том. 

-Гамшгийн эрсдэлийг бууруулах Үндэсний Зөвлөл байгуулахаар ярьж байна. Энэ талаар тодруулна уу, ирэх 20 жилд гамшгийн эрсдэлийг бодитой буулгана гэсэн томоохон дүгнэлтийг өнгөрсөн хавар Японы Сэндайд болсон дэлхийн бага хурлаар хийлээ. Ямар үндэслэл байна вэ. 

Энэ бол улс үндэстнүүд гамшгийн эсрэг тэмцэх өөр өөрийн үндэсний өндөр түвшний бүтцийг бий болгох тухай асуудал юм аа. Монгол Үндэсний Зөвлөл / платформ/ байгуулахаар бэлтгэл ажилдаа орсон. Гамшиг осол болоод өнгөрөх биш улс орны, бүс, тивийн тогтвортой хөгжил, ядууралтай холбоотой учраас улс орны Засгийн газар, шийдвэр гаргах түвшинд өндөр ач холбогдол өгч байна.

Үүнийг манай улс ч хэрэгжүүлэх хэрэгтэй, тэр хүрээнд хийж байгаа ажил юм. Сэндайн хурлаас ирэх 20 жилийн бодлогоо тодорхойлсон “Сэндайн тунхаглал” баримт бичиг баталсан. Ирэх 20 жилд гамшгаас учирч буй хүн ам, эдийн засаг, дотоодын нийт бүтээгдхүүний хохирлыг тус бүр 50 хувь бууруулах томоохон зорилт тавилаа.

Өөрөөр хэлбэл өмнөх хурлуудаас ялгаатай нь анх удаа тоо тавьж буй нь гамшгаас учирч буй хохирлын эрсдэлийг бодитой бууруулна гэсэн дүгнэлтэд хүргэж байгаа юм л даа. Мөн Гамшгийн эрсдэлийн Сайн засаглалыг хөгжүүлэх шийдвэрт хүрч, ийм шинэ нэр томъёо гарлаа. 

-Гамшгийн эрсдэл засаглалын түвшинд хүрлээ гэж ойлголоо. Энэ талаар тодруулна уу. 

Тийм ээ, энэ бол чухал шийдвэр. Ер нь улс, үндэстнүүдийн гамшгийн эсрэг үйл ажиллагаа явуулах хууль, эрх зүйн орчин, түүний чадамж сул байгаа юм. 2015 онд Мянганы хөгжлийн зорилтууд дуусгавар болж “Тогтвортой хөгжлийн бодлого ” хэрэгжиж эхэлнэ. Цаг уурын дулаарал том асуудал болоод байгааг манайхан ойлгож байгаа.

2015 оны 11-р сард Парис хотноо “Цаг уурын дулааралд дасан зохицох” эцсийн хэлэлцүүлэг болно. Энэхүү Тогтвортой хөгжлийн бодлого, Цаг уурын дулаарал , Гамшгийн эрсдэлийг бууруулах гэсэн гурван том асуудлыг цогцоор нь авч явах нь Засаглалын түвшинд хүргэж байгаа юм. 

-Сэндайн хурлын үеэр Монгол Улс оролцсон Зүүн хойд Азийн нэгдэл байгуулагдсан нь анхаарал татсан. 

Гамшгийн эрсдэлийн эсрэг үйл ажиллагаа явуулах нь зөвхөн нэг улс үндэстний асуудал биш л дээ. Байгалийн үзэгдлийн өмнө хүчин мөхөсдөх нь нотлогдсон. Тийм ч учраас дэлхий нийтийн асуудал болоод байна, аа гээд байгаа хэрэг. Бүс нутгийн хамтын ажиллагаа маш чухал. Манай Улс Зүүн хойд Азийн бусэд байрлах авч эдгээр улсуудад хамтын ажиллагааны ямар нэг институци, механизм байхгүй.

Тийм ч учраас сая АНУ, ОХУ, БНАСАУ, БНСУ, БНХАУ, Монгол Улсын зургаан талт яриа хэлэлцээ явагдлаа. Мэдээж төвөгтэй, манайхаас бусад нь цөмийн зэвсэгтэй орнууд. Хил, газар нутаг, цөмийн асуудлаар маргаантай. Гэхдээ гамшгийн эрсдэлийн эсрэг эдгээр улсууд нэгдэж чадна гэж найдаж байна.

БНХАУ-д эхний, дараагийн уулзалтыг Монголд хийнэ. Мөн Ази, Номхон далайн бүс нутгийн хамгийн том нэгдэл болох АСЕААН-нд орох хүсэлтээ Монгол Улс өгчихсөн байгаа. 2016 онд БНЭУ-д Ази, Номхон далайн орнуудын сайд нарын хэмжээнд болох хурлаар бүс нутгийн гамшгийн эрсдэлийн зураглалыг тодорхойлно. Энэ мэтчилэн Монгол, олон улсын үйл ажиллагаанд идэвхтэй, байр суурьтай оролцох нь чухал юм. 

-Гамшгаас хамгаалах ажлын хамгийн гол зүйл санхүүжилт байх л даа. Үүнийг яаж шийдэх вэ, дэлхийн энэ том хурлаас ямар чиг гарав, санхүүжилт тодорхой байж үр дүн бодит болох байх. 

Мэдээж, энэ бол хамгийн чухал зүйл. Дэлхий нийтээрээ өнгөрсөн арван жилд олон төрлийн томоохон судалгаа явуулаад шалгуур үзүүлэлтүүдээ тодорхойлчихсон. Хот төлөвлөлт, улс орны нийгэм, эдийн засгийн байдал, цөлжилт гээд олон зүйлтэй уялдсан Хөгжлийн бодлого нь гамшгийн эрсдэлийг бууруулах бодит хэмжүүр болохыг тогтоосон. Тиймаас цаашдаа гамшгийн эрсдэлийг бууруулахад бодит үр дүнд хүрэх бололцоотой. Монголын хувьд бид хууль эрх зүйн орчноо боловсронгуй болгохоор ажиллаж байна.

Одоогийн хуульд Гамшгаас хамгаалах Төрийн захиргааны төв байгууллага, Орон нутгийн Засаг дарга нарт санхүүжилт гаргах бүрэн эрх бий гэсэн ерөнхий заалт бий. Ер нь санхүүжилт зөвхөн Монголын ч биш хөгжиж байгаа орнуудын асуудал л даа. Гамшгаас хамгаалах хуулийн тухай шинэчилсэн найруулгын төсөлд санхүүжилтийн асуудлын дээрх ерөнхийг нарийвчлаад тодорхой заалт болгон оруулахаар бэлтгэж байна. 

-Та ОБЕГ-ын дарга болоод хийж буй өөрчлөлтөд урьдчилан сэргийлэхэд илүү ач холбогдол өгч байна. Мөн сэтгэл судлалын төв байгуулах зэрэг гамшгийн асуудалд илүү мэргэжлийн, хүн рүү хандсан байдлаар алсын хараагаа тодорхойлж байна уу гэхээр харагдаж байна. 

Нэн түрүүн олон улсынхаа чиг хандлагыг анхаарах хэрэгтэй. Урьдчилан сэргийлэхэд буюу гамшгийн өмнө зарцуулсан 1 доллар, гамшгийн дараахь 7 доллартай тэнцэж байна гэсэн дүгнэлт хийж байна. 10 жилийн өмнө 5 байсан юм. Эндээс харахад урьдчилан сэргийлэхэд мөнгө зарцуулж байгаа ч шаардлагад хүрэхгүй байна гэсэн олон улсын чиг хандлага бий. 

Нөгөөтэйгүүр бүтцийн хувьд ажлын уялдаа холбоо, хоршоо, давхардал гээд олон зүйлийг тооцох хэрэгтэй. Тэгж ч хандсан, цаашид улам боловсронгуй, тодорхой болгоно. Ер нь манай, ялангуяа төрийн байгууллагуудад ажлын уялдаа холбоо тааруу, давхардал их. Тэр битгий хэл чадварлаг хүмүүс нь хэтэрхий их ачаалалтай, сул хүмүүс сулдаа ганхах явдал их бий. Тиймээс ажлын ачаалал, үнэлэмжийг өөр түвшинд, ялгамжаатай авч үзэх цаг болсон гэж үздэг. 

Сэтгэл судлалын, давтан сургалтын төв гээд олон жил яригдсан зүйлийг сая батлууллаа. Онцгойн албан хаагчид, тэр дундаа усчин, уулчин, гал сөнөөгчид гээд аврагчид ямар нөхцөлд ажилладагийг ярих шаардлагагүй байх. Тэд өдөр бүр хямарсан, уйлсан, өвдсөн зовсон хүмүүстэй, хоолтой хоолгүй, халуунд, хүйтэнд д ажиллаж байна. Зарим тохиолдолд цогцостой ноцолдож байна.

Ийм хүмүүсийн сэтгэл санаа ямар байх уу. Тиймээс тэднийг амрааж,сувилж, сэтгэл санааг засах зайлшгүй шаардлага бий. Олон улсын жишиг нь ч тийм. Энэ бол манай албан хаагчдын эрүүл мэнд, нийгмийн баталгааг хангахад хувь нэмрээ оруулах тул нэгжийг зайлшгүй байгуулах нь зүйтэй гэж үзсэн. 

-Бас нэг зүйл олон нийтийн оролцоотой Гамшгийн эрсдэлийн менежмент гэж сүүлийн үед ярих боллоо. Энэ талаар ямар бодлого байна. 

Японд Зочин-Судлаачаар ажилласан манай нэг нөхрийн хоёр жилийн өмнө үзүүлсэн судалгаанаас жишээ хэлье л дээ. Японд газар хөдлөлтийн дараа тухайн газрын ард түмэн, хөрш айлууд л бие биедээ тусалж байж. 100 хүн тутмын 80 нь хөдөлж байхад манайд эсрэгээрээ осол, гамшгийн үед хөршүүд болон ойр орчмын хүмүүс хараад л зогсож байдаг. 100 хүн тутмын 80-90 хувь аврагчид ажилладаг гэсэн судалгаа бий л дээ.

Их сонин сэтгэхүй. Зөвхөн энэ тооноос дүгнэлт хийгээд үз л дээ. Дээх нь манайд сайн хөршийн холбоо гэх зэрэг олон нийтээрээ, бие биедээ тусалдаг байлаа шүү дээ. Түүнтэй л утга нэг юм. Олон нийтийн оролцоотой гамшгийн эрсдэлийн менежмент гэдэг нь орчуулгын хэл юм даа. Ард нийтээрээ гамшиг осол, хүнд хэцүү цагт бие биедээ туслах, энэ чиглэлийн ойлголт мэдлэгтэй байх тухай л юм. Үүнийг л олон нийтийн оролцоо, гамшгийн соёл гээд байгаа хэрэг л дээ. Би ганц нэг тоо хэлье.

Таван жилийн өмнөх Гайтад болсон газар хөдлөлтийн үеэр 280000 хүний амь нас эрсдэж, өнөөдрийг хүртэл 120000 хүн орон гэргүй, түр орогнох сууцад амьдарсаар байна. Гэтэл Японд болсон цунамид 18000 хүний амь нас эрсэдсэн. Орон гэргүйчүүдэд зориулж 4 тэрбум доллар зарж байна. Эндээс л гамшгийн соёл зайлшгүй болохыг төвөггүй ойлгож болно. Гамшгаас хамгаалах нь ганц төрийн ажил биш, аж ахуйн нэгж, албан байгууллага, хөрш хоршоод, хувь хүн бүр өөрөө өөрийнхөө төлөө, эд хөрөнгийнхөө төлөө ажиллах юм.

Эдгээр субъектүүд өөрсдөө эрсдэлээ тодорхойлж, даатгалаа хийлгэх хэрэгтэй. Энэ бүх үндсэн шаардлагуудаас үүдээд, Гамшгаас хамгаалах хуулийн заалтуудаасаа оруулаад, олон улсын хурлын шийдвэртээ тулгуурлаад Олон нийтэд тулгуурласан Гамшгийн эрсдэлийг бууруулах Үндэсний хөтөлбөр батлуулахаар ажиллаж байна. Батлагдах байх, аа гэж би найдаж байна. Тэнд таны асуугаад байгаа санхүүжилт, хөрөнгө мөнгө гээд гээд олон зүйл тодорхой болно. 

-Онцгой байдлын албаны өнөөгийн чадавхи ямар байгаа болон ямар түвшинд очиж байж олон улсын жишигт хүрэх вэ. Аврагчдын чадвараар олон улсын ангилал байдаг. Манайх хаагуур явдаг юм бол, энгийн уншигчдад сонин болов уу. 

Та хоёр асуулт тавилаа. Сүүлийнхээс нь хариулъя. НҮБ-ын Гамшгийн үнэлгээний зохицуулалтын багийн гишүүн гэж байдаг. Нийтдээ 190-ээд хүн байдгаас Монголоос одоогоор гурван хүн байна. Манай Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Б.Ууганбаяр, Бодлого төлөвлөлт, Гадаад харилцааны ахлах мэргэжилтэн дэд хурандаа Ариунаа, бид гурав багаа. Өмнө хоёр хүн байсан нь тэтгэвэртээ гарсан. Энэ хүмүүс том хэмжээний гамшиг гарсан улсад очиж үнэлгээ хийдэг. 

Түүнээс гадна олон улсын эрэн хайх, аврах баг гэж байдаг. Манай хоёр хөрш энэ талаар их хөгжиж байна л даа. Тухайлбал, БНХАУ 86 саяас дээш хүн амтай хотод USAR / Urban Search and Rescue/ гэдэг л дээ, хот дотор эрэн хайх, аврах баг ажиллуулж байна. Азид хэдхэн улс ийм баггүй. Монгол, Мъянмар, Камбож, Бутан гэсэн улсууд. Бид алийн болгон ядуу, хөгжилгүй гэж явах юм бэ. НҮБ-ын зохих байгууллагад нь хандаад үнэлгээ хийлгэдэг юм. Бид ийм багтай болоход юу дутаж, яах ёстой вэ гэдгээ тодорхойлуулдаг. Энэ санаачлагыг би гаргаж, шинжээчид манайд ажиллаад 22 төрлийн зөвлөмж өгсөн. Манай аврагчдын чадвар сайн, хэлний л асуудалтай байдаг. Бид хүмүүсээ бэлдэж байна. 2016 онд шинжээчид эргэж ирээд дээрх зөвлөмжийнхөө дагуу ангиллаа тодорхойлно. Ер нь хөнгөн, дунд, хүнд гэсэн гурван янзын баг байдаг. Олон улсын түвшинд ажиллах баг шүү дээ. Хөнгөн нь 30 гаруй хүний, дунд хэмжээний баг нь 60 гаруй хүний бүрэлдхүүнтэй, хүнд болоод ирэхээрээ онгоц ашиглах хэмжээнд хүрдэг тул 90 гаруй хүнтэй болчихдог. Эхний ээлжинд дунд хэмжээний баг бүрдүүлэхээр, дэлхийн хаана ч Монголын багийг дуудахад 24 цагийн дотор хүрч очоод ажиллах Онцгой байдлын Элитийн багийг бий болгох зорилт тавиад ажиллаж байна. 

Дараагийн асуудал, багаж хэрэгсэл, техник, тоног төхөөрөмжийн хувьд ОБА-д зайлгүй байх, 100 хувь чадавхижихад 240 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай гэсэн тооцоо жилийн өмнө хийж байлаа. Одоогоор нийт шаардлагатай техник хэрэгсэл 40 орчим, багаж тоног төхөөрөмж 27-38 хувьтай байна. Мэдээж цаашид анхаарах чанарын асуудал бий. Монгол Улсын Шадар сайдын дэмжлэгтэй энэ жил 20 тэрбум төгрөгийн улсын төсвийн, гадны санхүүжилтаас авах хөрөнгө нийтдээ 30 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэхэр суусан нь сүүлийн арван жилд байгаагүй амжилт юм. Монголын эдийн засаг байнга ийм тааруу байхгүй биз, Ойрын хэдэн жилдээ 70-80 хувьд хүрч чадавхжина гэсэн итгэл байна аа. 

-Алба хаагчдын нийгмийн асуудалд яаж анхаарч байна. Саяхан Орон сууц, санхүүжилтийн корпорацитай гэрээ байгуулсан. Хамгийн гол нь яаж бодит үр дүнд хүрэх вэ? Гэрээ хийх нэг хэрэг, урьдчилгаагаа гаргаж чадахгүйгээс ийм гэрээ цааснаас цаашгүй болох нь элбэг. 

-Миний бодож явдаг зүйл, хүнээр ажил хийлгэх гэж байгаа бол нөхцөлийг нь бүрдүүлж өгөө гэж. Хамгийн эхний зүйл бол орон гэртэй байх. Таны хэлээд байгаа урьдчилгаа өндөр байгаа нь орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжихгүй, хөрсөн дээрээ буухгүй байгаад үнэлэлт өгч. Засгийн газраас бодлого гаргах гэж байна. Урьдчилгааг 10 хувь болгох шийдвэр батлагдах болов уу гэж бодож байна. Тэгвэл дээрх хөтөлбөр бодитой болоход томоохон өөрчлөлт гарна биз ээ. 

-Таны ажил амьдралдаа, мөрддөг зарчим, албанд тавьдаг шаардлага юу вэ? 

Хэлсэн, ярьсандаа бай л гэдэг. Түүнчлэн албаны хувьд бие биенээ ойлгох, хүндэтгэх хэрэгтэй.