Гари Каспаров: Путин алан хядагчдаас ч аюултай
Гари Каспаров
2015.06.30

Гари Каспаров: Путин алан хядагчдаас ч аюултай

Америкийн "Newsweek" сонины сэтгүүлч Роберт Чалмерс (Robert Chalmers) ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины гол эсэргүүцэгчдийн нэг гэгддэг шатрын мастер асан Гари Каспаровтой уулзаж ярилцсаныг хүргэе.

Бид Польшийн Врацлов хотын нэгэн зочид буудалд уулзсан юм. Хэрэв хүмүүс энэ хүнийг нэг үеийн агуу шатарчин гэж мэддэггүй байсан бол булчинлаг биеийг нь хараад өмнө юу хийж байсныг таахад бэрх. Гаднаас нь харахад нэлээд түрэмгий зан чанартай бөгөөд залуудаа мэргэжлийн боксчин байсан болов уу гэж андуурмаар.

Эдүгээ 52 настай, Хүний эрхийн сангийн дарга Гари Каспаров ихэнх цагаа Путины нэр хүндийг унагаахад зарцуулдаг. Түүний ирэх 10 дугаар сард хэвлэгдэх “Өвөл ойртож байна” («Winter is Coming») нэртэй номынх нь гол баатар бол Путин. 2007 онд Каспаров Оросын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших гээд бүтэлгүйтсэн. Дараа нь хэсэг хугацаанд шоронд сууж, хэд хэдэн удаа халдлагад өртсөн. 

Путинд найзууд биш, дайснууд хэрэгтэй.  

Таны амьдрал аюултай байдалд байна гэсэн мэдрэмж төрдөг үү?

Би Оросоос гараад 2 жил хагас болж байна. Одоо Нью-Йоркод амьдардаг. Би Орос шиг аюултай газарт буцаж очихыг хүсэхгүй байна.

Путин үнэхээр өөрийн тань хэлснээр дэлхий дээрх хамгийн аюултай хүн, тэр байтугай Лалын бүлгийн алан хядагчдаас ч аюултай гэдэгт итгэж байна уу?

Огтхон ч эргэлзэхгүй. 2008 онд Путин Засгийн эрхээс бууж болох байсан.  Харин одоо дарангуйлагч болчихоод эрх мэдлийн занганд орчихсон.

Барууны орнууд түүнийг дутуу үнэлсэн хэрэг үү?

Маш дутуу үнэлсэн. 10 жилийн өмнө тэр Буш, Тони Блээр хоёртой сайн харилцаатай байсан. Яагаад гэвэл эрх мэдлээ хадгалахын тулд чухал хүн гэсэн сэтгэгдэл төрүүлэх зорилготой байлаа.  Харин одоо Орос орныг бүслэгдсэн цайз шиг байлгахыг хүсч байна.  Тиймээс Путинд найзууд биш, дайснууд хэрэгтэй. 

Гари Каспаров нь дэлхийн шатрын 13 удаагийн аварга

Шатрын аваргууд сэтгэл гутралын өвчинд өртөмтгий гэсэн албан бус онол байдаг. Түүхэнд ч ийм жишээ багагүй бий.  Сэтгэцийн өвчтэй шатрын мастер Бобби Фишер (Bobby Fischer) Дэлхийн худалдааны төвийг дэлбэлсэн нь зөв гэж хэлсэн удаа бий. Мөн Вильгельм Стейниц (Wilhelm Steinitz) биеэс нь цахилгаан гүйдэл ялгарч шатрын хүүг хөдөлгөдөг гэж зүтгэж байв. Түүнчлэн халуун усныхаа өрөөнд эмэгтэйчүүдийн олон тооны туфль гутлын дунд нас барсан Пол Морфи (Paul Morphy)-ийн жишээг дурьдаж болно. Каспоров ч ялгаагүй хэтэрхий сэтгэлийн хөдөлгөөнтэй, ууртай харагдаж байв. 

Нэгдүгээрт Украйнд зэвсэг өгөх ёстой.  

Таны бодлоор Барууны орнууд юу хийх хэрэгтэй вэ?

Нэгдүгээрт Украйнд зэвсэг өгөх хэрэгтэй. 

Та үнэхээр Крымыг Оросод нэгтгэсэн нь Путины эзлэн түрэмгийлэх төлөвлөгөөний нэг хэсэг гэж үзэж байна уу? Улам бүр тэлсээр байгаа Европын холбоог Путин гол эзлэн түрэмгийлэгч гэж үздэг нь буруу гэж үү?

Гитлер ч ялгаагүй газар нутгаа алдаж байсан. 

Хэрэв оросууд Латви, Эстонид цөмөрвөл НАТО хариу үйлдэл үзүүлэх болов уу?

Наадах чинь гол асуудал. НАТО-д сонголт байхгүй гэж бодож байна. Учир нь хэрэв Путин НАТО-гийн багахан хэсэгт эмх замбараагүй байдал үүсгэвэл НАТО оршин тогтнохоо болино.

2002 онд Каспаров сонинд нийтлэл бичиж Иран, Ирак зэрэг хэд хэдэн орны эсрэг цэргийн хүч хэрэглэхийг уриалсан. Би түүнд түүний энхийн гэж тодорхойлдог санаачлагууд голдуу зэвсэг хэрэглэх тухай байдгийг сануулав. Каспаров саяхан өгсөн нэг ярилцлагадаа “Лалын бүлгийг амархан устгаж болно. Яагаад гэвэл тэдэнд нисэх хүчин байхгүй. Тэд чинь Афганистан биш” гэж хариулжээ.

Та үүгээрээ юу хэлэх гэсэн юм бэ?

Тэнд уул байхгүй. 

Каспоров аливаа дайны тухай ярихдаа яг л шатрын нүүдэл хийж байгаа юм шиг сэтгэгдэл төрөв. Түүний хувьд дүрвэгсдийн лагерь, өлсгөлөн, амь үрэгдсэн хүүхдүүд зэрэг нь санаа зовоох зүйл биш бөгөөд хэн түрүүлж нүүдэл хийсэн нь хожих аж.  Тэрээр “Би эхэлж цусаа урсгахыг хүсэхгүй байгаа ч муу муухайтай тэмцэхэд бэлэн” гэж хэлээд гарав.