Лаосын Дотоод хэргийн сайд Сайси Сантивонг тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
Боловсон хүчний төв хорооны орлогч дарга ноён Сайси Сантивонг тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
2015.07.10

Лаосын Дотоод хэргийн сайд Сайси Сантивонг тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей, Улсын Их Хурлын Тамгын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар нар өнөөдөр /2015.07.10/ Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Дотоод хэргийн сайд, Намын төв хорооны гишүүн, Боловсон хүчний төв хорооны орлогч дарга ноён Сайси Сантивонг тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

 

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей уулзалтын эхэнд олон жилийн найрсаг харилцаатай Лаос Улсын хүндэт зочидтой уулзаж буйдаа таатай байгаагаа илэрхийлээд, тавтай айлчлахыг урив. Мөн тэрээр хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд улам өргөжиж байна. Тэр дундаа парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагаа идэвхжиж байгааг тэмдэглэн хэллээ.

 

УИХ-ын Тамгын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, хоёр орон түүхэн уламжлалт харилцаатайг тэмдэглэв. Хоёр орны парламентууд, парламентын Тамгын газар хоорондын харилцаа мөн Төрийн албаны асуудал эрхэлсэн байгууллага хоорондын хамтын ажиллагааны ач холбогдлыг онцлон хэлсэн юм. Тэрээр Монгол Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр /2015.07.10/ өндөрлөж буйг дуулгаад, энэ хугацаанд олон чухал асуудал шийдвэрлэсний нэг нь Улсын Их Хурал Төрийн албаны тухай хуулийг шинэчлэх асуудлыг дэмжсэн болохыг дуулгав. Мөн Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Үндэсний Ассамблейн Тамгын газрын дарга Унгээв Вутилад тэргүүтэй төлөөлөгчид 2014 онд Монгол Улсад айлчлах үеэр хоёр орны парламентын Тамгын газрын хооронд хамтран ажиллах тухай Санамж бичиг зурж байсныг дурдлаа.

 

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Дотоод хэргийн сайд Сайси Сантивонг халуун дотно хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийллээ. Монгол Улсын Их Хурлын үйл ажиллагаатай танилцах сайхан боломж олдсонд баяртай байна гээд энэ айчлал маань монгол түмний үндэсний их баяр наадмын үеэр тохиож байгаад бүр ч их баяртай байна гэдгийг хэлсэн юм. Тэрээр цааш нь хоёр орны уламжлалт харилцааг өргөжүүлэх, парламентын хоорондын сайн туршлага солилцох, мөн хоёр орны хамтын ажиллагаа, иргэд хоорондын найрсаг харилцааг улам өргөжүүлэх нь чухал ач холбогдолтой гэж тэмдэглэлээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.