С.Болор, С.Одонтуяа нар хог түүнэ
ХогBucketChallenge
2015.07.23

С.Болор, С.Одонтуяа нар хог түүнэ

Нэгэн үе мөстэй ус өөр дээрээ асгаж дурын гурван хүнийг дууддаг iceBucketChallenge  нэртэй аян нийгэмд эрчээ авч байв.

Дан ганц Монголд гэлтгүй дэлхий нийтэд түгсэн энэ аяны гол зорилго нь мөстэй ус асганыхаа дараа бусдадаа нийгэмд тустай зүйлд тодорхой хэмжээний мөнгө хандивлахыг уриалдгаараа онцлог байв. Үүн шиг Монголын хэсэг бүлэг залуусын санаачилгаар хогтүй, цэвэр цэмцгэр орчинд амьдрах зорилгоор зохион байгуулж буй ХогBucketChallenge  аян үргэлжилсээр байна. Өмнө нь уг аянд оролцсон зургаан настай хүү Ерөнхийлөгчийн зөвлөх О.Чулуунбилэг, МАН-ын даргын зөвлөх Ж.Жаргалсайхан, MNG Event  "Дакацо" компанийн ерөнхий захирал MNG Daka нарыг дуудсан. Дээрх эрхмүүд ч хүүгийн       дуудлагыг хүлээн авч, гурван уут хог цэвэрлэсэн зургаа баримтжуулан өөрсдийн цахим хуудаснаа оруулжээ.

Улмаар МАН-ын даргын зөвлөх ТВ-8 телевизийн захирал С.Отгонмөнхийг дуудсан аж. Харин С.Отгонмөнх Сэлбэ голын ойр орчмын хогийг цэвэрлэснийхээ дараа УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа, “Лэди” төвийн захирал Р.Лхагвадулам нарыг дуудсан аж. Одоогоор түүний дуудсан хүмүүс хариу өгөөгүй байгаа ч Дорноговь аймгийн Сайншанд сумын залуус УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Л.Эрдэнэчимэг, Л.Болд, Б.Болор, СДэмбэрэл, М.Зоригт, Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо, Хан- Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг, Сүхбаатар дүүргийн ИТХ-ын дарга Б.Ган-Эрдэнэ нарыг дууджээ.

Дуудлага авсан эдгээр хүмүүс гурав хоногийн дотор гурван уут хог түүж зургаа өөрийн цахим хуудаснаа оруулж, дараагийн гурван хүнээ дуудах ёстой юм.

Хэрвээ оруулж амжаагүй болон хогоо түүгээгүй тохиолдодд ТҮК-ийн гурван ажилтанд тус бүр 20 мянган төгрөгөөс доошгүй үнийн дүнтэй үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүн бэлэглэх үүргийг хүлээх аж. Тэгвэл Дорноговь аймгийн залуусын дуудлагыг УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Б.Болор нар хүлээн авснаа мэдэгджээ. Нэг үгээр хэлбэл, С.Одонтуяа, Б.Болор нарын гишүүд гурван хоногийн дотор гурван уут хог түүж, зургаар баримтжуулан өөрийн цахим хуудаснаа оруулахаар болж байна.