Стохастик процесс ба түүний хэрэглээ” олон улсын сургалт эхэллээ
2015.07.27

Стохастик процесс ба түүний хэрэглээ” олон улсын сургалт эхэллээ

Монгол улсын их сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн Математикийн тэнхим, Франц улсын Олон улсын онолын болон хэрэглээний математикийн төв (International Center for Pure and Applied Mathematics - CIMPA), Герман улсын Ахисан түвшний судалгааны сан (DAAD), Олон Улсын Математикийн нийгэмлэг (IMU)-тэй хамтран “Стохастик анализ ба түүний хэрэглээ” сэдэвт олон улсын судалгааны сургалтыг Улаанбаатар хотноо явуулж байна. Сургалтын нээлт өнөөдөр боллоо.

Сургалт долдугаар сарын 27-ноос наймдугаар сарын 7-ны өдрүүдэд үргэлжилнэ. Энэ хоёр долоо хоногийн олон улсын судалгааны сургалтад ХБНГУ, Швейцар, Англи, Франц, Мексик, Норвеги зэрэг улсын олон улсад нэр хүнд бүхий шилдэг 20 орчим эрдэмтэд урилгаар лекц уншиж, PhD зэрэг хамгаалахаар суралцаж буй болон PhD зэрэг хамгаалаад удаагүй 50 орчим залуу судлаачид оролцох юм.

Монгол улсаас МУИС, ТИС, МУБИС, СЭЗДС, ГМАМС, ШМТДС зэрэгих дээд сургуулиуд болон ХААБ, Тэнгэр даатгал, Төрийн банк зэрэг байгууллагуудын холбогдох салбарын 70 орчим багш, судлаач, оюутнууд хамрагдахаар бүртгүүлээд байна.

Урьд өмнө тус тэнхим нь 2013 онд Франц улсын CIMPA байгууллагын дэмжлэгтэйгээр “Гипергеометр функц болон дүрслэлийн онол” сэдэвт олон улсын судалгааны сургалтыг амжилттай зохион байгуулсан туршлагатай бөгөөд уг сургалтыг зохион байгуулснаар ихээхэн үр дүнгүүд гарсан бөгөөд тухайлбал манай тэнхим Олон улсын математикийн нийгэмлэгтэй нягт харилцаа тогтоож улмаар хамтран эрчимжсэн цуврал үйл ажиллагаануудыг тогтмол явуулж байна.  /Өмнөх сургалтын тайланг хавсаргав./

Энэхүү сургалтыг зохион байгуулах нь Магадлалын онолын салбарын олон улсын нэр хүндтэй эрдэмтэдтэй харилцаа тогтоож, цаашид сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний төсөл гэх мэт төрөл бүрийн хэлбэрээр хамтран ажиллах, тухайн салбарын багш, оюутнуудыг эдгээр нэр хүндтэй судлаач профессоруудын удирдлага дор магистр, докторын сургалтад хамруулж ирээдүйн чадварлаг мэргэжилтнүүдийг бэлтгэхэд чухал ач холбогдолтой болно.